Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би яагаад ч юм түүнийг өөртэйгөө харьцуулж сэтгэлээр унах боллоо
Сайн байна уу, Намайг Н гэдэг, 17 настай эмэгтэй
Манай ангийн нэгэн охинд бүх л хүүхэд сайн, түүнтэй найзлах гэж их хошуурцгаадаг. Хүүхдүүд түүнийг манай сургуулийн хамгийн хөөрхөн охин ч гэж ярьдаг. Үнэний ортой ч байж магадгүй. Онц сурдаг болохоор багш нар ч түүнд их сайн. Тэр хичээлдээ сайн, ангийн дарга хийдэг, хүмүүстэй их найрсаг харилцдаг гээд түүнд угаасаа хүнийг татах чадвар их л дээ. Харин би яагаад ч юм түүнийг өөртэйгөө харьцуулж сэтгэлээр унах боллоо. “Яаж түүн шиг болох вэ” гэж байнга л бодох юм. Заримдаа түүнд атаархаж, өөртөө гутрах сэтгэгдэл төрөх юм. Би 100 хувь түүн шиг болж чадахгүй ч хүмүүс надтай найзлах гэж хичээдэг болоосой гэж хүсч байна. Гэтэл би бусдыг татах нь байтугай царай муутай, махлаг, бүрэгдүү нэгэн шүү дээ. Мөн би хичээлдээ тийм ч сайн биш. Яах вэ, надад туслаач?
Зөвлөгөө: Чамд маш олон авъяас чадвар болон өөрийгөө нээн хөгжүүлэх боломжууд байгааг битгий мартаарай
Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе.
Санаа зовох хэрэггүй ганцхан шалтгаан байгаа нь, өсвөр насны эрэгтэй эмэгтэй бүх хүүхэд яг энэ бодлыг тээж явдаг. Томчуудаас асуугаад үзсэн ч болно шүү, тэд хэн нэгнийг дотроо сайн сайхнаар харж, тэднийг өөртэйгөө өндөр нам, тарган туранхай, онц сурдаг эсэх дээр зүйрлүүлж сэтгэлээр унасан тохиолдол удаа ганц ч болов байж л байдаг. Учир нь бүх хүн өсвөр насан дээрээ өөрийгөө бусадтай адилхан гоё сайхан, хөөрхөн, спортдоо мундаг, эсвэл сайн дуулж бүжиглэж, онц сурахгүй байна гэж голж байдаг. Энийг сэтгэл судлаач нар “өөрийгөө бусадтай адилтгах үзэгдэл” гэдэг бөгөөд яг л чиний насанд буюу өсвөр насны үед тохиолддог юм.
Харин цаг хугацаа өнгөрөх тутам /ойролцоогоор 2 жил гаруйн дараа/ өөрийгөө бусдаас өөр юм байна, хэн нэгэнтэй адилхан биш, давтагдашгүй цор ганц гэдгээ ойлгоно. Гэхдээ одоо хэн нэгнийг харж өөртөө гутрах биш, бас ирээдүйд би зүгээр болчихно гэж бодож зүгээр сууж хэрхэвч болохгүй. Чамд л хэрэгтэй учраас хичээлээ сайн давтаж хий, тарган байна гэж өөрийгөө голж суухаар хооллолтондоо анхаар, явган алх. Энэ бүгд гэхдээ зөвхөн туранхай хөөрхөн харагдахын тулд биш, эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа алхам гэдгийг бүү март. Бас өөрийнхөө сайн хийж чаддаг зүйлээ олж аваад тууштай хичээллэ. Ямар нэг амжилт гаргасан хүүхдэд сургуулийнхан, найз нөхөд, гэрийнхэн чинь хүртэл таатай хандана.
Бас мэдээж хамгийн гол зүйл болох харилцааны чадварыг орхигдуулж болохгүй шүү. Ингэхийн тулд шинэ хамт олонтой болох хэрэгтэй. Дуртай секц дугуйлан, уран зураг хөгжим юу ч байсан болно гол нь чиний хамгийн их хийх дуртай зүйл байвал шинэ хамт олонтойгоо дотносож танилцахад илүү хялбар. Мөн аль нэг өөрт таалагддаг, сонирхолтой хичээлээ илүү гүнзгийрүүлж сурах давтлага авах цаашлаад олимпиад уралдаанд оролцож ч болох шүү дээ. Чамд маш олон авъяас чадвар болон өөрийгөө нээн хөгжүүлэх боломжууд байгааг битгий мартаарай.
Чамд амжилт хүсье!
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ууганцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх