Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би их муу зушилтай тэр нь өөрийгөө гэмтээх.
Сайн байна уу? Би 14 настай эмэгтэй гудамжаар явахдаа хүмүүсээс айгаад байх юм. Тэр дундаа эрэгтэй хүнээс. Мөн би их муу зушилтай тэр нь өөрийгөө гэмтээх. Хүнд хэцүү зуйл болоход заавал өөрийгөө цус гартал маажих эсвэл ямар нэгэн зүйлээр урах гэх мэт үйлдэл хийдэг боллоо. Ээж аав гэх мэт ер нь хүнтэй ярилц гэсэн зөвлөгөө битгий өгөөрэй. Хангалттай их сонссон төдийлөн амжилтад хүрээгүй. Өөр хийж чадах шийдэл юу байна хэлээд өгөөч.
ЗӨВЛӨГӨӨ: Чамайг сэтгэл судлаачтай биечлэн ирж уулзахыг зөвлөж байна.
Сайн байна уу. Чамд айдас, сэтгэл түгшүүр маш хүчтэй илэрч байна. Хэрвээ үүнд анхаарлаа хандуулж дорвитой арга хэмжээ авахгүй бол насан туршдаа энэ хэвээрээ үлдэж мэднэ. Тиймээс чамайг сэтгэл судлаачтай биечлэн ирж уулзахыг зөвлөж байна.
Сэтгэл түгшүүр хаанаас гарч ирсэн бэ, үүнд ямар нэг тодорхой шалтгаан бий юу? Жишээ нь чамайг айлгах ямар нэг зүйл тохиолдсон уу? Хэрвээ тийм бол энэ тухайгаа хэн нэгэнд хэлж тусламж авсан уу? Ер нь анх хэзээнээс чамд энэ мэдрэмжүүд түлхүү төрж эхлэсэн бэ? Мөн яг ямар үеүдэд илүү хүчтэй мэдрэгдэж байна? (Хүнд хэцүү зүйл гэдэг нь хэтэрхий ерөнхий байна. Яг ямар зүйлийг хүнд хэцүү гэж хүлээж авч байгаа нь хүн бүрийн хувьд өөр байдаг). Эдгээр асуултуудад нэгд нэггүй хариулаарай.
Өөрийгөө маажих, үсээ зулгаах, хумсаа мэрэх гэх мэт нь сэтгэл түгшүүрийн нэг илрэл юм. Энэ үед хамгийн чухал нь тайвширч сурах, үүний тулд мэргэжилтнээс туслалцаа авах, мөн өмнөх ямар нэг шийдвэрлээгүй асуудал байвал шийдвэрлэх хэрэгтэй юм. Хэрвээ чи өөрөө хүсээд тусламж эрвэл чамд туслах хүн зөндөө байдаг юм шүү.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх