Чамд ирсэн мэндчилгээний үгстэй картыг чи яадаг вэ? Хэсэг хадгалж байгаад хэдэн жилийн дараа хаячихдаг уу. Уг нь бол нандин үгстэй, зөвхөн чамд л зориулж хаягласан мэндчилгээний картыг хаях биш харин хадгалвал илүү дурсгалтай биш гэж үү.
“Миний хобби” булан маань ээлжит зочноо та бүхэндээ танилцуулж байна. “Амгалан” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч М.Батчимэгийг бид урьж сонирхолтой цуглуугийнх нь талаар хэсэг зуур хөөрөлдлөө.
YOLO: Пөөх нүд эрээлжлэм харагдаж байна шүү. Би нэг дор хэзээ ч ийм олон мэндчилгээний карт харж байсангүй. Хэдэн жилийн хугацаанд ийм их цуглуулгатай болчихов оо?
Хоёр жил гаруй хугацаанд цуглуулж байна.
YOLO: Богино хугацаанд ихийг цуглуулжээ. Чиний хувьд хамгийн нандин зүйл энэ цуглуулга болсон байх даа?
Харин тийм ээ, миний хамгийн их бахархдаг зүйлс минь, бас их нандигнадаг. Анх цуглуулгатай болсноосоо хойш арвижуулах гээд л хичээдэг болсон доо.
YOLO: Яаж хадгалдаг вэ?
Одоогоор хавтасанд л хадгалж байна. Том жижгээр нь, өнгө будгаар нь ялгаад хавтаслачихдаг.
YOLO: Чиний ийм зүйл цуглуулдгийг чинь мэдээд найз нөхөд чинь мэндчилгээний карт их өгдөг болсон уу?
Хэхэ харин тийм. Ямар нэгэн тэмдэглэлт баярын өдөр болоогүй байхад л "Найз минь чамд энэ өдрийн мэндийг хүргэе" гэж бичсэн мэндчилгээ өгнө гээч. Би маш их баярладаг.
YOLO: Цуглуулгаа хэрхэн арвижуулдаг вэ?
Ихэвчлэн хэн нэгнээс надад өгсөн мэндчилгээний үгтэй цаас болон мэндчилгээний картыг хаялгүй хадгалдаг. Мөн гадуур явж байгаад сонин содон, өөрт таалагдсан мэндчилгээний карт харах юм бол тэсч чаддагүй шүү.
YOLO: Яагаад заавал мэндчилгээ, мэндчилгээний карт гэж, охидууд бөгж ээмэгэнд дуртай биш гэж үү?
Мэдээж гоё чамин гял цал зүйлд дуртай л даа. Гэхдээ содон чамин зурагтай, дотроо эрхэм хүмүүсийн минь чин сэтгэлийн үгстэй, дурсамж дүүрэн байдаг болохоор мэндчилгээний цуглуулга л хамгийн гоё нь байх аа. Өргөн нарийн, зузаан нимгэн гээд 300 гаруй мэндчилгээ минь сүүлийн хоёроос гурван жилийн минь дурсамжийг дүүрэн агуулж байгаа даа. Мөн хүмүүс мэндчилгээний картыг зүгээр л нэг цаас шиг харж эсвэл шоколад юмуу цэцэгний хажууд дагалддаг гэж боддог. Ихэвчлэн уншаад хаячихдаг эсвэл нэг юман дотор явж байгаад л алга болчихдог. Миний хувьд үүнийг яг цуглуулга болгож байгаа нь онцлогтой юм даа.
YOLO: Чиний хувьд мэдээж бүгд л эрхэм байх гэхдээ хамгийн их нандигнадаг нь аль вэ?
Хоёр жилийн өмнөх төрсөн өдрөөр сайн найз минь өгч байсан мэндчилгээ. Харахад тийм ч гоё, үнэтэй мэндчилгээ биш ч надад зориулж зохиосон 20 мөрт шүлэг дотор нь байдаг нь хамгийн гоё дурсамжтай, үнэ цэнэтэй.
YOLO: Үнэхээр гоё юмаа. За ярилцсанд баярлалаа илүү олон гоё мэндчилгээний картаар цуглуулгаа арвижуулаарай.
За чамд ч бас баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх