Нохойгоо аврахын тулд картны цуглуулгаа зарсан хүүд Pokémon МАШ ХОВОР цуглуулгаа бэлэглэжээ


Миау | YOLO.MN
2021-06-17

Цахим орчинд хайртай нохойгоо аврахын тулд юуг ч хийхээс буцахгүй хүүгийн тухай мэдээ шуугиан дэгдээж байна. 

Та бүхний харж буй хүүг Bryson Kliemann гэдэг бөгөөд найман настай, “Pokémon”-ий үнэнч фэн. Мэдээж тэрээр “Pokémon” анимэ, видео тоглоомын үнэнч шүтэн бишрэгчийн хувьд тоглоомон картуудыг нь ч цуглуулдаг байжээ.

Харамсалтай нь нэгэн өдөр хайртай нохой нь өвдөж, мал эмнэлэгт үзүүлтэл нохой нь парво хэмээх вирусээр халдварласан нь тогтоогдсон байна. Уг вирусийг эмчлэхэд 700 гаруй ам.доллар шаардагдах ба энэ нь хүүгийн гэр бүлийнхний хувьд төлж дийлшгүй хэмжээний мөнгө байв.

Энгийн үед эгч, ах хоёр нь хоорондоо тоглосоор Bryson-ийг тоодоггүй учраас тэр нохойтойгоо тоглож л өдрийг өнгөрөөдөг байжээ. Ингээд эцэг эхийнхээ санхүүгийн нөхцөл байдлыг ухаарсан Kliemann хүү нохойгоо аврахын тулд Pokémon картын цуглуулгаа зарахаар болсон байна.

Kliemann-ий ээж хүүгийнхээ санааг ойлгож GoFundMe хандивын сайтад учир явдлаа тайлбарлан 800 ам.доллар хүссэн хүсэлт оруулсан ч нөхцөл байдал тэдний төсөөлснөөс ч илүү сайхнаар эргэн, нийт 5,420 ам.долларын хандив цуглуулж чаджээ. Хүмүүсийн энэ их сайхан сэтгэл, тусламж туслалцааны хүчинд Kliemann нохойтойгоо дахин хамт байхаар болсон аж. 

Хамгийн гайхалтай нь хүүгийн энэ түүх “Pokémon” компанийн АНУ дахь салбарын ажилтнуудын чихэнд хүрснээр хүү өөртөө байснаас ч илүү ховор цуглуулгын эзэн болсон байна. Тухайлбал, тэд Pokémon-ий хамгийн ховор картын цуглуулгыг “Сайн уу, Bryson? Бидэнд хайртай нохойгоо аврахын тулд цуглуулгаа зарсан түүх чинь маш өндөр сэтгэгдэл төрүүллээ. Тиймээс оронд нь энэ цуглуулгыг бэлэглэж байна” гэх захидалтайгаар бэлэглэжээ. 

Эх сурвалж: 9Gag

#Сонин хачин #Амьтан #Pokemon