Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Mиний зүрхэнд асаж байсан галыг дахин унтраасан л гэсэн үг
Сайн байна уу? Намайг С гэдэг. Би 16 настай, эмэгтэй
Хоёр жилийн өмнө надад зөндөө олон найз нөхөд байсан харин одоо алга. Учир нь хоёр жилийн өмнө юугаа ч нуудаггүй нэг сайн найзтай байсан юм л даа. Тэр маань сайн муу хоёр нь зэрэгцсэн хүүхэд байсан. Гэхдээ муу нь давамгай гэх үү дээ. Гэрийнхнээсээ мөнгө хулгайлж түүнээс нь болж би гэрийнхэнд нь зөндөө загнуулдаг байсан ч тоодоггүй байсан.
Харин тэр шинэ найзуудтай болохоороо л намайг мартчихдаг байсан. Үүнд нь хамгийн их гомддог байсан. Яваандаа түүнээс зайгаа барих шаардлагатай болсон. Тэгээд л би түүнтэй нийлэхээ больсон. Миний итгэлийг маш их хугалсан болохоор шүү дээ. Зарим хуучин нийлдэг байсан хүүхдүүдээсээ сонсох нь ээ намайг байж боломгүй зүйлүүд хийдэг гэж ярьдаг гэж байсан. Тэрийг нь бодохоос ч аймаар. Түүнээс хойш хэнийг ч сайн найзаа гэж ярьж, хэнд ч өөрийн амьдралаа ярихаа больсон.
Харин саяхан нэг охинтой сүрхий найзалж эхэлсэн боловч түүнтэй жоохон зүйлээс болж маргалдсан. Харин би удахгүй эргээд л эвлэрчихнэ гэж бодож байтал бас нэг аймаар дургүй гээд муулаад байсан охинтой зүү орох зайгүй нийлээд байх юм. Нэг үгээр хэлбэл миний зүрхэнд асаж байсан галыг дахин унтраасан л гэсэн үг.
Би одоо яах вэ, дахиад л ганцаараа явах ёстой гэж үү?
Зөвлөгөө: Найз гэж бодсон бүх хүнд хамаагүй нууц зүйлсээ хуваалцаж болохгүй гэдгийг анхаараарай
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе.
Мэдээж чи үргэлж ганцаараа явахгүй. Чамайг гайхалтай ирээдүй хүлээж байгаа. Одоохондоо чамд тохирсон найзууд хараахан гарч ирээгүй байна. Тиймээс найзтай болно гэдэг бодлоосоо няцаж болохгүй. Найз гэж бодсон бүх хүнд хамаагүй нууц зүйлсээ хуваалцаж болохгүй гэдгийг анхаараарай.
Мөн хүн чиний итгэлийг алдахад бүх хүнд итгэж болохгүй гэж бодохын оронд хэнд итгэж, хэнд нь итгэж болохгүй вэ гэдэг ялгааг гаргаж сурах бас нэг сургамж гэж бодож эерэгээр хараарай. Чамд амжилт хүсье.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх