Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би сонин ааштай болохоор хүмүүс надтай хамт байдаггүй байх
Сайн байна уу. Намайг У гэдэг. Би 15 настай.
Би сүүлийн үед их өөр болсон. Ааш зангийн хувьд л даа. Би багадаа их яриа хөөрөөтэй, хөгжилтэй нийтэч байсан. Харин бага ангид байхдаа өөр сургуульд шилжсэн. Тэрнээс хойш их даруухан, хичээлээ л хийдэг болсон. Гэхдээ би их олон найзтай ч тэд надаас тэс өөр. Зугаа цэнгэлд хэт их дуртай юм шиг санагддаг. Би үүнээс болоод хөндийрөөд байгаа. Харин тэд намайг ойлгохгүй, завгүй байдаг гээд байдаг юм. Бас би дуу цөөтэй. Тэдэнтэй хамт байхдаа юм ярьдаггүй юм. Ярих юм байдаг ч ядаргаатай санагддаг. Би яг яагаад байгаа юм болоо? Та надад туслаач. Би удаан найзалсан найзуудаа орхиж чадахгүй ч тэдэн шиг байж, тэдэн шиг амьдарч чадахгүй байна. Би ирээдүйгээ л боддог. Бас их сонин ааштай болохоор хүмүүс надтай хамт байдаггүй байх.
Зөвлөгөө: Хэт их эмзэглэж, миний аашаас болоод хүмүүс нийлэхгүй байна гэж бүү бодоорой
Сайн байна уу?
Өсвөр насанд бие физилоги болон сэтгэл зүйн хувьд олон өөрчлөлтүүд бий болдог. Үүний нэг хамгийн хурцаар илэрдэг шинж тэмдэг бол зан авирын хувьд нилээд “ааштай” болдог. Энэ нь чиний дааврын өөрчлөлт идэвхтэй явагдаж байгаатай холбоотой. Тиймээс хэт их эмзэглэж, миний аашаас болоод хүмүүс нийлэхгүй байна гэж бүү бодоорой. Энэ зан ааш өөр болж байгаа байдал цаашид хоёр жил орчим үргэлжлэх тул бэлтгэлтэй байж, зарим үед биеэ барьж байх хэрэгтэй шүү. Мөн найзууд чинь үнэхээр чиний найз мөн үү биш үү гэдгийг ахиад нэг сайн бодоорой, сайн найзууд бие биенээ сайн явахад нь баярлаж, буруу зам руу орохоос нь хамгаалж, загнадаг юм шүү дээ. Чиний ирээдүй чамд л хамаатай болохоос найзуудад чинь огт сайн болон муугаар нөлөөлөхгүй гэдгийг мартуузай.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх