"Би хүнд итгэх тал дээр асуудалтай. Учир нь тэд үнэн хэлэх тал дээр ихээхэн асуудалтай учраас"
"Би үзэл бодлоо бусдад илэрхийлэх тал дээр асуудалтай. Учир нь тэд бусдын мөрөөдлийг хүндэтгэх тал дээр асуудалтай учраас"
"Би шинийг эхлүүлэх тал дээр асуудалтай. Учир нь тэд шинэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс айдаг асуудалтай учраас"
"Эцэст нь би асуудлаа бусдад хэлэх тал дээр асуудалтай. Учир нь тэд зөвлөгөө өгөх тал дээр суудалтай учраас"
Амьдарч л байгаа бол асуудалтай тулгарч л таарна. Хун шиг цав цагаахан биш, хэрээ шиг тас хар ч бас биш. Буян нүгэл холилдсон шаазгай шиг алаг хорвоод асуудлыг тойрч биш дайрч гарах нь тодорхой. Дээр дурдсан эдгээр асуудлууд бүх өсвөр насныхны дунд тулгардаг асуудлуудын нэгээхэн хэсэг билээ.
Яг л энэ асуудлуудын заримд нь хариулт өгөх үүднээс "Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн"- гийн сэтгэл зүйч Ш.Батболдтой уулзаж ярилцлаа.
YOLO: Сүүлийн үед өсвөр насныхан нийгмийн идэвх ихтэй байдаг болсон. Олон арга хэмжээнд оролцож, байгууллага клубд харъяалагддаг болоод байна. Гэвч зарим эцэг эхчүүд үүнийг нь ойлгодоггүй. Тайлбарласан ч энийгээ орхи боль гэх хандлагатай байдаг. Эцэг эхээс ирэх шаардлага хүүхдүүдэд их хүндээр тусдаг л даа. Та энэ талаар мэдээлэл болон зөвлөгөө өгөөч.
-Энэ нийгмийн идэвхийн цаана өөрийгөө таних тасралтгүй оролдлого байдаг. Зорилго нь "Би хэн бэ?, Би хэн болох вэ?" гэдэг асуултад хариулт авах. Өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил, үзэл бодол, мөрөөдөл ойролцоо хүүхдүүдтэйгээ үерхэж түүнийгээ хуваалцаж эхэлдэг.
Өөрийгөө болон бусдыг таньж мэдэх, өөрийгөө илэрхийлэх үүднээс олон төрлийн үйл ажиллагаанд оролцох нь зөв боловч энэ үе бол амьдралын хамгийн эгзэгтэй, хариуцлагатай үе. Цаашид хэн болох вэ гэдэг ирээдүйн амьдралын сууриа тавина.
Хичээлдээ амжилт гаргах, ямар мэргэжилтэй болохоо эртнээс сонгож тэр мэргэжлээ судлах зэрэг олон чухал асуудал үүснэ. Тийм учраас хичээл сурлага, түүнд тавих анхаарлыг олон нийтийн ажлаас өмнө тавьж болохгүй хариуцлагатай үе учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зөрчилдөх нь их байдаг.
Шалтгаан нь хүүхдүүд эцэг эхтэйгээ сайн ярилцдаггүй. "Хичээл нь ямар байна? Сургууль дээр юу болж байна? Чи ямар мэргэжил сонгох гэж байна?" гээд эцэг эхчүүдийнхээ олон асуултад "Гайгүй ээ, болж байна, сургуулиар сонин зүйлгүй дээ" гэх мэтээр бүрхэг хариулт өгдөг. Энэ бол бие биенийхээ юу бодож хүсэж байгааг ойлгуулах хэмжээний ярилцлага биш. Эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч сайн ярилцдаггүй. Хүүхдүүд өөрийн хэн болохыг хүсэж байгаа, юу сонирхож байгаа, юуг чадна гэж бодож байгаа талаараа эцэг эхчүүдтэйгээ илэн далангүй ярилцдаг байх хэрэгтэй.
YOLO: Хүүхдүүдээс тулгардаг асуудлыг асуухад ихэвчлэн мөнгө санхүүгийн асуудал л тулгардаг. Ээж аавдаа хэлээд авъя гэхээр шал хэрэггүй юманд мөнгө үрээд байна уу ч гэж бодоод тэгээд зориг гаргаад асуугаад үзэхээр тийм юманд зарцуулах мөнгө байхгүй гэдэг. Хэрхэн энэ асуудлыг шийдэх вэ?
-Сургууль дээр ч, гэр бүлд ч санхүүгийн боловсрол олгох нь чухал. Олон зүйлийн учир шалтгааныг бүрэн гүйцэд биш ч гэсэн ойлгож эхэлдэг үе учраас манай гэр бүлийн өрхийн сарын орлого хэд вэ, үүнийг юу юунд зарцуулж байгаа вэ, нэн чухал шаардлагатай, хойшлуулж болох, шаардлагагүй зүйл юу вэ гэх мэтээр эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч аль аль нь нээлттэй ярилцдаг, төлөвлөгөө гаргадаг байх нь чухал.
YOLO: Өсвөр насны хүүхдүүд дунд архи тамхи хэрэглэдэг, муу зуршилтай хүүхдүүд ер нь олон байдаг. Үүнд гэр бүлийн байдал нөлөөлөх үү?
-Зарим өсвөр насны хүүхдүүд "найзуудаа дуурайх, том хүн шиг харагдах, бухимдлаа дарах" гэх мэтээр тамхи хэрэглэдэг. Гэвч тамхи хэрэглэж байгаа хүүхдүүд сэтгэлийн тэнхээ муутай, гэр бүлийн хүмүүжил тааруу, найз нөхөд нь сайнаасаа илүү муу үлгэр дуурайлал үзүүлдэг байх нь их.
Эргэн тойрондоо байгаа гэр бүлийн хүмүүжил сайтай, өөртөө итгэлтэй, зорилготой хүүхдүүдийг анзаараад үзээрэй. Тэдний ихэнх нь ийм муу зуршилгүй байдаг. Үеийнхээ хүүхдүүдийн мууг нь бус зорилготой, мөрөөдөлтэй, сайн зан чанарыг нь дуурайж өөртөө бий болгохыг хичээх хэрэгтэй.
YOLO: Өнөөгийн өсвөр насныхныг ажиглахад таны хувьд давуу болон дутагдалтай тал нь юу юм шиг санагдаж байна вэ?
- Өнөөгийн өсвөр насныханд өөрийгөө тал бүрээр таньж мэдэх, суралцах, орчин нөхцөл, мэдээлэл технологийн асар өргөн боломж байна. Энэ боломжийг өөрийгөө таньж мэдэх, мэдлэг чадвараа сорих, хөгжүүлэхэд ашигладаг олон хүүхдүүдийг би мэднэ. Мөн өдөржингөө цагийг дэмий нөхцөөдөг, муу зуршилтай, өөрт байгаа боломжоо дайчилдаггүй, залхуу хүүхдүүд ч мэр сэр байна.
YOLO: Өсвөр насныханд гэр бүлийн тогтвортой байдал хэр чухал байдаг вэ? Гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн муу зуршилтай эсвэл салж сарнисан байх тохиолдолд тухайн хүүхдийн төлөвшилд нөлөө үзүүлдэг үү?
- Өсвөр насны хүүүхдүүдийн сэтгэл зүй тогтворгүй байдаг учраас энэ үед гэр бүлийн уур амьсгал тайван, тогтвортой, бие биенээ дэмжсэн, урам өгдөг байх нь их чухал. Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь архинд донтох өвчтэй бол гэр бүлийн уур амьсгал таагүй болж гэр бүлээсээ илүү гадуур цагаа өнгөрөөх, хичээл сурлагадаа анхаарахгүй байх, муу нөлөө үзүүлдэг хүүхдүүдтэй нийлэх эрсдэл ихтэй байдаг. Өсвөр насны үед эцэг эх нь гэр бүлээ цуцлуулж тусдаа амьдрах нь хүүхдүүдэд сэтгэл зүйн хувьд хүнд цохилт үзүүлдэг.
Үүнээс болж сэтгэл зүйн гэмтэл авсан хүүхдүүд хожим нь зан төлөвийн өөрчлөлтөд орж, бусадтай харилцах, ойлголцох бэрхшээлтэй болдог, зарим нь гэмт хэрэгт холбогдсон тохиолдол ч бий. Эцэг эх нь нэгэнт салсан бол аав ээжийгээ буруутгахгүй байх, хамт амьдарч байгаа хүмүүс нь бие биенээ сэтгэл санаагаар дэмждэг, ярилцаж сэтгэлээ онгойлгодог байвал сэтгэл зүйн хүнд гэмтлийг даван туулахад тустай байдаг. Танай ангид, сургуульд ийм хүүхдүүд байвал шоолж гоочлолгүй дэмжиж тусалж, ярилцаж байх хэрэгтэй.
YOLO: Яг энэ насандаа аливаа асуудалд өөрийн гэсэн үзэл бодол, хандлагатай болж зөв буруу ч гэсэн өөрөө шийдвэр гаргахыг эрмэлздэг. Ийнхүү өсвөр насныхан бие даасан байдлыг хүсэж, томчуултай зөрчилдөх үе бишгүй бий. Энэ үед гэр бүлийн зүгээс болон хүүхэд өөрөө ямар арга хэмжээ авах ёстой байдаг юм бол?
- Эцэг эхчүүдийн ч, хүүхдүүдийн ч хувьд СОНСОХ, ОЙЛГОХ, ДЭМЖИХ гэсэн гурван зүйл чухал. Хэрвээ хүүхдүүд эцэг эхээ сонсохгүй, ойлгохгүй шийдвэр гаргавал алдаа гаргах нь их. Харин эцэг эхчүүд хүүхдээ сонсохгүй, ойлгохгүй, дэмжихгүй бол хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, сурлагийн амжилтад сөргөөр нөлөөлж, буруу зүйл хийх, орчиндоо дасан зохицох чадваргүй болох зэрэг өөрчлөлт гардаг.
8 –р ангиасаа эхлээд сонирхож байгаа мэргэжил бүрийг судлах хэрэгтэй. Мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүстэй нь уулзаж, тухайн мэргэжилд тохирох эсэхээ сэтгэл зүйн тестээр шалгаж, мэргэжлийнхээ ирээдүйн өсөлт, хэрэгцээг нь эртнээс судалж байх хэрэгтэй. Ийм зүйл дээр эцэг эх нь дэмждэг, хоорондоо ярилцаж ойлголцдог байх нь чухал.
Цахим орчинд "Өсвөр насныханд тулгамдаж буй асуудлууд" сэдвээр санал асуулга явуулахад ихэвчлэн дээр дурдсан асуултууд байсан бөгөөд үүнээс гадна хүүхдүүдийн дэвшүүлсэн бусад асуудлуудтай танилцвал:
Эдгээр асуудлуудад ч мөн гарц бий. Эцэст нь хэлэхэд бурхан хаалгаа хаасан ч цонхоо онгорхой орхидог юм шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх