"Сургуульдаа явмааргүй, хичээлээ ч хиймээргүй санагддаг болсон"


Сондор | YOLO.MN
2016-04-14

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Надад найз гэх 3,4 настай хүүхэд бас чихмэл тоглоом л байна

Би өөдрөг байж чадахгүй байна. Надад намайг хайрлах, ойлгох, хажууд минь байж намайг дэмжих хүн хэрэгтэй байна. Би яавал дээр юм бол оо? 16 настай Г...

Сайн байна уу? Би 16-тай, эмэгтэй.

Би саяхан танай сайтыг олж мэдсэн юм л даа, тэгээд ашгүй зөвлөгөө өгдөг бололтой. Ойрын хэдэн жилүүдэд би байнга сэтгэлээр унаж, ганцаарддаг болж бүр амиа хорлох талаар их боддог боллоо. Учир нь надад нийлээд байх тийм ч их найзууд байхгүй, дэмжлэг өгөөд ойлгох гэр бүлийн халуун дулаан уур амьсгал ч байхгүй. Асуудлаа хэн нэгэнд яримаар санагдаад найздаа эсвэл ээждээ хэлбэл ерөөсөө ойлгохгүй юм. Ер нь ямар нэгэн хэцүү зүйл тохиолдвол “Угаасаа надаас өөр хэн л намайг ойлгов гэж дээ” гээд хэнд ч ярихаа больсон. Тэгэх тусам илүү хүнд санагдаж уйлмаар байсан ч яаж ч хүчлээд нулимс гардаггүй. Харин сэтгэл давчдаад, зүрх хурдан цохилоод үнэхээр тамтай байдаг.

Эерэгээр харж, бүх юм сайхан болно гэж өөрийгөө хуурсаар үнэхээр залхаж байна. Энэ байдал 5 жилийн өмнөөс эхэлсэн, би ер нь 5 жил тэссэн гэхэд болно. Өөрийгөө өөрчилье гэж 2 гаруй жил зүтгэсэн болов ч гэр бүл маань намайг дэмжих биш улам доош нь хийж хүсэл мөрөөдөл, тэмүүллийг минь үгүй хийгээд байна.

"Чи хэзээ ингэдэг байлаа?","Чи угаасаа чадахгүй шдээ!","Би завгүй байна, ядаргаатай юм, нүднээс далд ор!" гэх үгээр намайг гомдоодог. Өөр хүмүүс байсан бол ч яахав. Гэвч энэ чинь миний эцэг эх шүү дээ. Шар хөдлөөд л улам зүтгэх байтал гомдоод байх юм, тэгээд эцэст нь бууж өгөөд угаасаа бүтэхгүй нь бололтой гэж боддог.

5 жилийн өмнө буюу 11 настайдаа сурахаар эцэгтэйгээ гадаад явсан юм л даа. Энэ л зүйл миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Эцэг маань надад нээх анхаарлаа хандуулдаггүй хайнга хүн байсан болохоор эхний хэдэн сар би таргалсан, мөн тийм ч цэвэрч байгаагүй. Сургуулийн хүүхдүүд надаар доог тохуу хийдэг байсан. Тэнд ганц хоёр монгол охид байсан ч намайг нийлээд жигшдэг байсан. Юу нь болохгүй байгааг би ойлгоогүй.


Надтай хэн ч найзалдаггүй байсан. Надад найз гэх 3,4 настай хүүхэд бас чихмэл тоглоом л байлаа. Монголд байхдаа онц сурдаг байсан миний сурлага үнэхээр муудсан. Би аавдаа нутаг руугаа буцмаар байна гэж зөндөө хэлдэг байсан ч “үгүй” л гэдэг байсан. Яагаад ч юм айгаад асуудлаа огт аавдаа хэлдэггүй байсан хэлбэл намайг загнах байхдаа гэж боддог байсан. Өөрийгөө сул дорой гэж голж надад л асуудал байна, би угаасаа тэнэг гэж боддог байсан.

Ийм тамд 2 жил амьдраад ашгүй нэг юм Монголдоо ирээд бүх зүйлийг шинээр эхэлнэ, Монгол хүүхдүүд гадаад хүүхдүүд шиг тийм муухай биш, үнэхээр найрсаг гэж бодсон ч би буруу бодсон байсан. Нэгэн сургуульд орсон. Шинэ сургуульдаа мэдээж найз нөхөдтэй болохыг хүснэ. Хажуудаа суудаг хүүхэдтэй ашгүй сайн найзлаад авахад тэр хүүхдийн найзууд нь "Чи найзыг маань биднээс булаалаа" гээд нийлж намайг дээрэлхэж эхэлсэн.  Би дахиад л шинэ сургуульдаа ямар ч найзгүй байсан. Нэг үг дуугарах бүрт л нөгөөдүүл "Өө заз, чи бүр ингэдэг болсон уу тэ?!" гээд л намайг тусгаарлана...

Надад үнэхээр хэцүү байсан. Би үнэхээр их гомдож бас ганцаарддаг байсан. Сургуульдаа явмааргүй санагдаж, хичээлээ ч хиймээргүй санагддаг болсон. Хэдий тэд нарт гомдож байсан ч над дээр ирээд "Хөөе сайн уу? Мангар аа?" гэхэд нь тэнэг юм шиг л инээгээд “Сайн” гэдэг байсан. Би үнэхээр амьдралд сөхөрсөн байсан. Би ч яахаа мэдэхгүй их ууртай болчихсон болохоор аавын өөдөөс хэрэлдэхэд зодуулчихдаг байсан. Надад итгэж найдах хэн ч байхгүй мэт санагддаг...

Хоёр жил шинэ сургуульдаа сурчихаад дахиад л шилжсэн. Би анхны сэтгэгдлээ төрүүлэхдээ муу юм уу, мэдэхгүй. Бас л шинэ сургуулийн хүүхдүүдтэйгээ харьцаа муутай байгаа. Тэгэх бүрд сургуульдаа явмааргүй, бүх юмыг хаяад хаана ч юм ганцаархнаа сэтгэлээ тайтгартал байчихаад ирмээр санагддаг. Би үнэхээр сөхөрсөн, яахаа мэдэхгүй байна. Би өөдрөг байж чадахгүй байна. Надад намайг хайрлах, ойлгох, хажууд минь байж намайг дэмжих хүн хэрэгтэй байна. Би дахиад тэвчиж чадахгүй нь. Яах вэ? Би яавал дээр юм бол оо?

Зөвлөгөө: Юуны түрүүнд би хэн бэ гэдгээ маш сайн бодож үзээрэй

Хүмүүс өөртөө итгэлтэй хүмүүсийг хариу хүндэтгэдэг юм шүү дээ. Бас өөрийнхөө сонирхлын хүрээнд бүлгүүдэд нэгдэх нь өөрийгөө илэрхийлэхэд илүү амар байж, айлгүйгээр ярилцах нэг боломж олгож байдаг юм шүү. Сэтгэл судлаач И.Тогтуун

Сайн уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

Шилжилт хөдөлгөөн хийснээсээ болоод найз нөхөдгүй, ганцаардмал байдалд орсон хүүхдүүд маш олон байдаг. Мэдээж үүнээс гарах олон арга зам байгаа. Юуны түрүүнд би хэн бэ гэдгээ маш сайн бодож үзээрэй. Би хэн ч биш, би хэнд ч хэрэггүй, бүгд намайг байдаг үгүйг ч мэдэхгүй, бүгд намайг үл тоодог гэж бодож эхлэхээсээ өмнө би хэн юм бэ? би юунд дуртай вэ? миний мөрөөдөл юу билээ? би юуг хийвэл аз жаргалтай болдог вэ? миний сонирхол яг юу юм бэ? би хэнтэй хамт байхдаа сэтгэл тайван байдаг вэ? зэрэг асуултуудыг өөртөө тавьж хариултыг нь олоорой.

Өөрөө өөрийгөө олчих юм бол чиний хүрээлэл аяндаа бүрдээд ирнэ. Хүмүүс өөртөө итгэлтэй хүмүүсийг хариу хүндэтгэдэг юм шүү дээ. Бас өөрийнхөө сонирхлын хүрээнд бүлгүүдэд нэгдэх нь өөрийгөө илэрхийлэхэд илүү амар байж, айлгүйгээр ярилцах нэг боломж олгож байдаг юм шүү.

Амжилт хүсье чамд.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Problem #Асуудал #ЭцэгЭх #Ганцаардал