Сүүлийн 20 жил Холливуд ийм бага орлоготой зуныг үзээгүй. Зуны нийт Бокс Оффисын орлого 3,83 тэрбум ам. доллар байсан нь өнгөрсөн жилийнхээс 14 хувиар буурсан үзүүлэлт юм. Тэгвэл Стивен Кингийн 1986 оны "It" зохиолоос сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний уран сайхны кино Холливудын аврал болжээ.
Кино нээлтээ хийсэн даруйдаа АНУ, Канадад нийт 117,2 сая ам. долларын орлого олж, есдүгээр сард нээлтээ хийсэн уран сайхны кинонуудаас орлогоороо нэгдүгээр байрт жагсаж байсан "Hotel Transylvania-2" бүтээлээс хоёр дахин их орлого олсон аж.
Түүнчлэн 2011 онд нээлтээ хийсэн "Paranormal Activity 3" бүтээл эхний долоо хоногтоо 52,6 сая ам. долларын орлого олж, хамгийн их орлого олсон аймшгийн кино болж байсан бол одоо "It" уран сайхны кино энэ амжилтыг нь хоёр нугалжээ.
Есдүгээр сарын эхээр нээлтээ хийсэн кинонууд ихэвчлэн жилийн хамгийн бага орлоготой кинонууд байдаг хэдий ч "It" уран сайхны кино хүмүүс кино театр очихдоо хуанли хардаггүй гэдгийг батлав.
Өнгөрсөн гуравдугаар сард трейлер нь цацагдсан "It" бүтээл анхнаасаа л олон нийтийн анхаарлыг татаж, трейлерийг ердөө ганцхан өдрийн дотор хүмүүс нийт 197 сая удаа үзжээ.
Ердөө 35 сая ам. долларын өртгөөр бүтсэн энэхүү киног Warner Bros. Бүтээж эхэлсэн цагаасаа л ам сайтай байсан бөгөөд Контент хариуцсан захирал Том Эммерич "Энэ кино тун өндөр ашиг авч ирнэ" гэж хэлж байсан удаатай.
Алдар нэр нь олон нийтэд түгсэн бүтээлүүд болох "Transformers", "Mummy" уран сайхны кинонуудын үргэлжлэлүүд, "King Arthur: Legend of the Sword" гэх мэт олон кино өнгөрсөн зун нээлтээ хийсэн ч "It" уран сайхны кино шиг үзэгчдийн анхаарлыг татаж чадаагүй юм.
Харин өнгөрсөн зуны нийт ашиг, орлогын дийлэнхийг "Despicable Me 3", "Wonder Woman" зэрэг бүтээлүүд бүрдүүлжээ. Нэрт зохиолч Стивен Кингийн "It" зохиол бараг 1500 гаруй хуудастай бөгөөд өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн уран сайхны кино ердөө багахан хэсгийг нь өгүүлдэг.
Тиймээс Warner Bros. 2019 оны намар гэхэд дараагийн ангийг гаргаж магадгүй хэмээн төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: WSJ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх