- ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ-
Энэ өдөр "Хичээлийн шинэ жил" эхлэн хүүхэд бүхэн бяцхан догдлолтой сургуулийн зүг явж байв. Есдүгээр сарын 1-ний энэ гайхалтай өдөр бид “Улаанбаатар-Эмпати” сургууль дээр очин сурвалжлага хийсэн юм.
Зуны турш уулзаагүй найзууд бие биесээ харан хөгжилдөж, сургуулийн авьяаслаг мундаг сурагчид эцэг эхчүүд болон хүндэт багш нартаа өөрсдийн үзүүлбэрээ үзүүлэн хичээлийн шинэ жилийн нээлтийг гайхалтайгаар эхлүүллээ.
Улаанбаатар-Эмпати сургуулийн 12А ангийн сурагч А.Болор
Би "Улаанбаатар-Эмпати" сургуульдаа дөрөв дэх жилдээ суралцана. Яагаад ч юм сургуульдаа байх сүүлийн жил болоод ч тэр үү энэ жилийн хичээлийн нээлт их утга учиртай санагдаж байна. Нээлтэнд үг хэлж буй үе үеийн төгсөгч ах эгч нарын гайхалтай яриа, урам дэмжлэгээр хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгаа тул үнэхээр сайхан байдаг. Шинээр элсэн орж байгаа дүү нар маань ч мөн адил биднээс үлгэр жишээ аван суралцах байх гэдэгт итгэж байна.
Улаанбаатар-Эмпати сургуулийн 10Д ангийн сурагч Б.Энхсанаа
Өнгөрсөн жил дотуур байранд суралцаж сахилга бат болон цаг хугацааны үнэ цэнийг ойлгож авсан. Тийм учир энэ зун өөрийгөө өөрчлөхөөр шийдэн өөрт хэрэгтэй юмаа сурч үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Өмнөх жилүүдээсээ илүү үр бүтээлтэй амралт болж чадсан гэж бодож байна. Энэ жил ч гэсэн сургуулиасаа маш олон гоё зүйл сурахыг хичээнэ.
Улаанбаатар-Эмпати сургуулийн 12А ангийн сурагч Б.Чингүн
Зуны турш уулзаагүй найзуудаа харах их хөгжилтэй сайхан санагдсан. Төгсөх анги болохоор ч юмуу ангийнхаа найзуудтайгаа бүхий л хугацаанд хамт байж хөгжилтэй дурсамж бүтээлцэж мөн сургуулиа амжилттай төгсөхийг хичээх болно.
Улаанбаатар-Эмпати сургуулийн сурагч 10Д ангийн сурагч Б.Энххүслэн
Энэ жил өөртөө маш олон зорилго тавьсан. Ухаалаг утас энэ жил огтоосоо барихгүй харин оронд нь ном уншихад зарцуулахаар шийдсэн ба энэ нь маш үр дүнтэй арга. Энэ хичээлийн жилийг үр бүтээлтэйгээр эхэлж дараагийн жил ч маш шаргуу хичээллэнэ гэж бодож байна.
"Улаанбаатар-Эмпати" сургуулийн захирал Д.Ганбаатар:
Улаанбаатар-Эмпати сургууль нь Монгол улсад анх 1994-1995 оны хичээлийн жилд МУИС-ийн харьяа "Байгалийн ухааны лицей сургууль" нэртэйгээр байгуулагдан үүд хаалгаа нээж, анхныхаа шавь нарыг хүлээн авч байсан бол эдүүгээ 24 дахь хичээлийн жилтэйгээ золгож байна.
Энэ хичээлийн жил бол манай сургуулийн төдийгүй Монгол улсын боловсролын салбарын хувьд ихээхэн онцлогтой жил болж байна. Энэ нь боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны зарчимын томоохон шийдэл болох 12 жилийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг ахлах ангийн төвшинд бүтээлчээр хэрэгжүүлэх төлөвлөлтөө хийж байгаа явдал юм.
Тийм болохоор бид бүхэн сурагчиддаа чанартай мэдлэг олгохыг зорьж байгаа. Ийнхүү бүх сурагчиддаа хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх