Зуны амралт, чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлж байна, хүүхэд залуус аа? Хэрэв гэртээ уйдаж суугаа, шинэ зүйлс туршиж үзмээр байвч юу хийхээ хараахан мэдэхгүй байгаа бол чамд спорт өрөлтийг санал болгож байна.
Монголын Спорт Өрөлтийн холбоотой хамтран Спорт өрөлтийн талаар бэлтгэсэн мэдээллийг сонирхоорой.
СПОРТ ӨРӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Оюун сэтгэлгээ хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон спорт өрөлт тоглоом нь 1980-аад онд Америкт үүсч 1995 оноос олныг хамрах болсон төдийгүй өнөөдөр дэлхийн 54 орны 45000 гаруй сургуулийн сургалтын хөтөлбөрт багтахаас гадна сургуулийн өмнөх боловсрол (СӨБ) буюу цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжиж байна. Энэ спортын гол зорилго нь зориулалтын 12 ширхэг хуванцар аягыг тусгай дарааллын дагуу хамгийн богино хугацаанд дээр дээрээс нь давхарлаж өрөн, буцааж хураах үйл явц юм. Өрөлтийн дэлхийн дээд амжилт 4,816 секунд байдаг.
Бүх насныхан спорт өрөлтөөр хичээллэх боломжтой байдаг нь тус спортын хамгийн гол давуу тал юм. Түүнээс гадна энэ нь хөгжилтэй, өрсөлдөөнтэй байхын зэрэгцээ эхлэн суралцахад хялбар учир хүн бүрт нээлттэй. Мөн өрөлт хийх үед үндсэн 70 гаруй хөдөлгөөнийг хийдэг тул хүүхэд идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх үндэс болно. Түүнчлэн хоёр гарыг тэнцвэртэй ашигладаг учир хоёр тархийг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй. Мөн залхуу хүрсэн, идэвх суларсан үед спорт өрөлт хийснээр тархи сэргэж, урам зоригийг нь нэмэгдүүлдэг.
СПОРТ ӨРӨЛТӨӨР ХИЧЭЭЛЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ
● Хоёр гарыг тэнцвэртэй ашиглах чадварыг суулгах,
● Хоёр гарыг хянаж байдаг баруун, зүүн тархийг хөгжүүлэх
● Хөдөлгөөнд суурилсан спорт учир идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх,
● Гар, нүдний зохилдлогоог сайжруулах,
● Олон өнгө хольж хийх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
● Анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, тархийг идэвхжүүлэх,
● Түргэн шаламгай байдал, рефлексийг бий болгох,
● Мэдрэмжийг дээшлүүлэх,
● Орон зайг зохицуулах,
● Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх,
● Спортын зан чанарыг төлөвшүүлэх,
● Олон нийтийн уралдаан тэмцээнд оролцож өөртөө итгэх итгэлийг бий болгох,
● Өрсөлдөөний дарамтыг даван туулах зэрэг олон талын ач холбогдолтой спортын цоо шинэ төрөл юм.
СПОРТ ӨРӨЛТИЙН ТӨРЛҮҮД
Үндсэн төрлүүд
3-3-3 өрөлт:Тус бүр нь 3 аяганаас бүрдэх гурван багцыг баруунаас зүүн эсвэл зүүнээс баруун тийш (тухайн тамирчин өөрт эвтэйхэн байхад нийцүүлэн) өрж, өрсөн дарааллынхаа дагуу буцааж хураах үйлдлийг 3-3-3 өрөлт гэж нэрлэдэг.
3-6-3 өрөлт:Хоёр захдаа тус бүр 3, голдоо 6 аяга бүхий багцыг баруунаас зүүн эсвэл зүүнээс баруун тийш (тухайн тамирчин өөрт эвтэйхэн байхад нлийцүүлэн) өрж, өрсөн дарааллынхаа буцааж хураах үйлдлийг 3-6-3 өрөлт гэж нэрлэдэг.
Цикл өрөлт: 3-6-3 хэлбэртэй 12 ширхэг аягыг 3-6-3, 6-6, 1-10-1 гэсэн тусгай дарааллын дагуу өрж, буцаагаад 3-6-3 хэлбэрт оруулан хураах үйлдлийг Циклөрөлт гэж нэрлэдэг.
Бусад өрөлтүүд
Хосын төрөл: Цикл өрөлтийг хамгийн түргэн хугацаанд хоёр хүний бүрэлдэхүүнтэй багаараа гүйцэтгэж өрсөлддөг төрлийг, хугацаат өрөлтийн Хосын төрөлгэж нэрлэдэг. Энэ төрлийн гол онцлог нь багийн 2 тамирчны баруун талд гарсан нь зөвхөн баруун гараа, зүүн талд гарсан нь зөвхөн зүүн гараа ашиглан үйлдлүүдээ гүйцэтгэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл 2 хүн нэг хүн шиг өрж, буцааж хураана гэсэн үг юм.
Багийн буухиа: Буухиа тэмцээний баг хамгийн багадаа 4 хүнтэй хамгийн ихдээ 5 хүний бүрэлдэхүүнтэй байж болно. Нэг багийн 4 тамирчин нөгөө багийнхаа 4 тамирчинтай халз өрсөлддөг. Нэг тоглолтыг дотор гурван оролдлогод хуваах бөгөөд гурван оролдлогын хоёрыг нь хамгийн хурдан хугацаанд гүйцэтгэсэн баг ялагчаар тодордог.
Гэр бүл: Багийн буухиа төрлийн өрөлттэй нэгэн адилаар гэр бүлийн гишүүд ч хоорондоо буухиа тэмцээн зохиож, аавтайгаа ээжтэйгээ хосын төрлөөр өрсөлдөж болдог. Спорт өрөлт нь халуун ам бүл, хамаатан садан, ойр дотныхоо хүмүүстэйгээ цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх боломжийг олгодог гэр бүлийн спорт юм.
Бүтээлч сэтгэлгээний өрөлт: Спорт өрөлтөөр хичээллэж буй тамирчид өөрсдийн сэтгэлгээг хөгжүүлэн өнгө өнгийн аягануудаар ямар нэгэн хэлбэр дүрс, үг бүтээх, асар том пирамид үүсгэх гэх мэтчилэн хүссэн зүйлсээ бүтээж болдог.
Уншигчид та бүхэн энэхүү спортоор хичээллэхийг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Видео: Э.Батзавьяа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх