"Би нас бие гүйцээгүй, хүүхэд хэвээрээ байгаа юм болов уу"


Сондор | YOLO.MN
2016-04-08

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Миний сахал ерөөсөө ургахгүй юм

Би зөндөө ч хусаж үзлээ, сармисны ханд ч түрхэж үзлээ. Энэ бүх аргыг хэрэглээд байхад хүний урамд эрүүн дээр нэг ч үс байхгүй шүү. 18 настай С...
 

Сайн байна уу. Намайг С гэдэг, би 18 настай

Хүн 18 нас хүрээд нас бие гүйцдэг гэж би бодож явтал миний сахал огт ургахгүй юм. Аав маань сахал, үс ихтэй. Уг нь бол генээ дуурайгаад ургах болов уу гэсэн ургахгүй байна. Би зөндөө ч хусаж үзлээ, сармисны ханд ч түрхэж үзлээ. Энэ бүх аргыг хэрэглээд байхад хүний урамд эрүүн дээр нэг ч үс байхгүй шүү. Гол нь би өргөн шанаатай, түүндээ дургүй учир шанааны хоёр хажуу талаараа хууз тавимаар байгаа юм. Мөн надад зохино гэдгийг би мэдээд байна. Гэтэл ургахгүй байгаа нь асуудал болоод байна. Эсвэл би нас бие гүйцээгүй хүүхэд хэвээрээ байгаа юм болов уу. Бүр эсвэл хэзээ ч ургахгүй юм болов уу, бүр гайхаад байна. Яах вэ, надад туслаач.

Зөвлөгөө: Хүн бүхэнд өөрийнх нь биеэс таалагддагүй хэсэг байдаг

Байхгүй гэж хэт сэтгэл дундуур хандахын оронд байгаа бүхнээ арчлаад явах нь илүү амар байх болно. Сэтгэл судлаач И.Тогтуун

Сайн уу, Чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

Юуны өмнө эрэгтэй хүүхэд яг аав шигээ байх ёстой гэсэн ойлголт байхгүйг санах хэрэгтэй. Өвөө шигээ, эсвэл нагац ахтайгаа төстэй байх ч тохиолдол бий. Тиймээс үүнд аавыгаа ч юмуу буруутгах хэрэггүй. Сахал ургах эсэх хүн бүрийн онцлогоос болдог учраас чи магадгүй бага сахалтай ч байгаа байж мэдэх юм. Биеийн гоо сайхандаа анхаарал хандуулах нь зөв боловч яг энэ сахалгүй байдлаасаа болоод ямар нэг асуудалд орж байсан эсэхээ нэг бодоод үзээрэй. Хүн бүхэнд өөрийнх нь биеэс таалагддагүй хэсэг байдаг. Гэхдээ түүнийг нь гадны хүний нүд байнга олж хараад байдаггүй юм шүү. Тиймээс байхгүй гэж хэт сэтгэл дундуур хандахын оронд байгаа бүхнээ арчлаад явах нь илүү амар байх болно.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Problem #Асуудал #Сахал #Beard #Хөвгүүд #Зөвлөгөө