МОНГОЛ ДАРХЛАА: Боломж өмнө чинь байна, одооноос ЭХЭЛ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-08-02

Шинэ Монгол Иргэн төслийн дараагийн үйл ажиллагаа болох “Монгол Дархлаа” лекц, чөлөөт хэлэлцүүлэгийн арга хэмжээ өнгөрсөн Бямба гарагт Танан төвд болж өндөрлөлөө.

"Монгол Дархлаа" лекц, чөлөөт хэлэлцүүлэгт залуус, өсвөр үеийн 200 орчим төлөөлөл өөртөө, оюундаа хөрөнгө оруулалт хийж Монгол дархлааг өөртөө бий болгохоор хүрэлцэн ирсэн байсан юм. Танхим дүүрэн үзэгчдийн алга ташилтын нижгэнээн, морин хуурын татлагаар арга хэмжээ өндөр үүдээ нээлээ. Ийнхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочин илтгэгчдийн танилцуулья.

Төслийн удирдагч Х.Идэр "Монгол Дархлаа үйл ажиллагаа бол нэг удаа явагдаад өнгөрөх биш жил бүр уламжлал болгон болох арга хэмжээ" хэмээн яриандаа онцолсон юм.

Зургаанжин овогтой Энхмөнх
Сант дунд сургуулийн захирал, АНУ-ын MIT (Massachusetts Institute Of Technology) болон Stanford-ын их сургуулийг төгссөн бөгөөд 2010 онд Хүүхэд бүрт компьютер төслийг хэрэгжүүлсэн билээ. Илтгэгч З.Энхмөнх нь залууст "Шинэ үеийн иргэн" байхад ямар хүчин зүйлсүүд хэрэгтэй, амьдралдаа ямар алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй талаар залуустай үзэл бодлоо хуваалцсан юм.

Жамбалдорж овогтой Тана
Харвардын их сургуульд бакалаврын зэргээ хамгаалсан анхны Монгол төгсөгч бөгөөд Эдийн засаг болон Зүүн Ази судлалын чиглэлээр амжилттай суралцсан юм. Түүнчлэн 2015-2016 онд Оксфордын их сургуульд Мастерын зэргээ хамгаалсан бөгөөд өдгөө Ж.Тана нь "Монголын залуу оюутан" хөтөлбөр болон "Монгол мөрөөдөл" ТББ-ийн үүсгэн байгуулагчаар ажиллаж Монгол улсдаа томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ. Илтгэгч Ж.Тана нь Монгол мөрөөдөл гэж юу болох талаар залуустай чөлөөтэй ярилцаж, өөрийн зөвлөгөөг хүргэсэн.

Б.Гантулга “СҮҮ” ХК -ийн Гүйцэтгэх захирал
Хас Банкны теллерээс ажлын гараагаа эхэлж байсан тэрээр банк санхүү, гадаад худалдааны салбарт удирдах ажил гүйцэтгэж, одоо үйлдвэрлэлийн салбарыг амжилттай удирдаж байгаа залуу боловсон хүчин юм. Монгол улсын ууган үйлдвэрийг удирдаж яваа тэрээр бидэнд өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.

Нэмэхбаяр овогтой Амаржин
2012 онд Колорадо мужын их сургуулийг давхар мэргэжлээр төгсөөд эх орондоо ирсэн бөгөөд 2014 оноос "Universal" сургалтын төвийг үүсгэн байгуулж мөн ETV HD телевизийн "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж байгаа тэрээр өөрийн хөгжилтэй байдлаар хүрэлцэн ирсэн үзэгчдэд өөрийн хүргэх гэсэн санаагаа илэрхийлсэн юм.

Зохион байгуулагчид арга хэмжээн дээр үзэгчдэд маш олон гэнэтийн бэлгийг задалсан юм. Тухайлбал, залуу уран бүтээлч, дуучин Б.Аззаяа өөрийн ая дуугаар бэлэг барьсан. Түүнчлэн Монголын хамгийн анхны эмэгтэй DJ Н.Маралгоо чөлөөт ярилцлагыг өрнүүлж Монгол Дархлаа гэж юу болох, орчин үед охид, эмэгтэйчүүд ямар байх талаар өөрийнхөө бодлыг хуваалцсан билээ. Монголын Оюун Ухааны Академийн дэргэдэхMegamindклубын тамирчид Б.Хангал, Н.Намуундарь нар ой тогтоолтын гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлж, алмайруулж байлаа.

Эхний хэсгийн илтгэл, чөлөөт үзүүлбэрийн хэсэг өндөрлөж, Чөлөөт хэлэлцүүлэг эхэллээ. Энэхүү хэсэгт хэлэлцүүлгийн чиглүүлэгч тодорхой асуудлуудыг дэвшүүлж илтгэгчид өөрийн юу гэж боддогоо илэрхийлсэн юм.

"Монгол дархлаа" лекц, чөлөөт хэлэлцүүлэгт залуус, өсвөр үеийнхэн хүрэлцэн ирснээр өөрийнхөө оюунд үнэтэй хувь нэмрийг оруулж, Монгол орноо хөгжүүлэх урам зоригийн гал нь улам дүрэлзэн ассан гэдэгт итгэлтэй байна.

#МонголДархлаа #Presentation #Teenagers