"УЛААНБААТАР ЭМПАТИ" сургуулийн сурагчид Олон улсын олимпиадаас АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ


Үжин | YOLO.MN
2017-01-19

Казакстан улсын Алматы хотноо энэ сарын 12-18-ны өдрүүдэд болсон Олон улсын математикийн 13-р олимпиадаас Улаанбаатар Эмпати сургуулийн сурагчид амжилттай оролцон АЛТ, ХҮРЭЛ медалийг хүртлээ. Жаутыковын нэрэмжит Олон улсын Математикийн энэ олимпиадад 17 орны 182 сурагч оролцсон юм. Монгол улсыг төлөөлж гурван багийн 13 сурагч Алматы хотыг зорьсноос "Ulaanbaatar Empathy" (Улаанбаатар Эмпати) сургуулийн Математикийн багш Б.Ганбатын удирдсан сурагчид ийнхүү амжилттай оролцлоо.

Тус сургуулийн 12-р ангийн сурагч Сосорбарамын Цэнд-Аюуш алтан медалийн эзэн болж энэ нэр хүндтэй олимпиадаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан бол Баатарын Алтангэрэл хүрэл медаль хүртсэн байна.

Жил бүр зохиогддог энэхүү нэр хүндтэй Олон улсын математикийн олимпиадад гадаад дотоодын нийт 17 баг оролцсоноос Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар Эмпати, Орчлон сургууль, 1-р сургууль болон орон нутгийн сурагчид зэрэг 3 багийн 13 сурагч оролцож мэдлэг чадвараа сорьжээ. Эдгээр оролцогчдоос Улаанбаатар Эмпати сургуулийн алт, хүрэл медалиас гадна Орчлон сургуулийн сурагч М.Буянбилэг  хүрэл медаль, 1-р сургуулийн сурагч М.Өнөболд  хүрэл медаль , Баянхонгор аймгийн Оюундалай сургуулийн сурагч хүрэл медаль тус тус хүртэж нийт дүнгээрээ Монгол улс 1 алт, 4 хүрэл медалийн эзэн болсон сайхан амжилтыг үзүүлжээ. Манай сурагчдын хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь ОХУ, Серби, Беларусь, Болгар, Казакстан зэрэг улсын сурагчид байсан аж.

Сурлагын амжилтаараа Монгол улсад байнга тэргүүлэгчдийн эгнээнд жагссаар ирсэн тус сургуулийн багш сурагчид жил бүр дүүрэг, нийслэл, улс, олон улсын хэмжээний математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй зэрэг олон олимпиад уралдаанд амжилттай оролцон тэргүүн болон шагналт байруудыг эзэлж Монгол улсын нэрийг олон улсад өргөж ирсэн. Байгуулагдсан цагаасаа буюу 1994 оноос 2016 оны хооронд улсын болон олон улсын чанартай олимпиадуудаас нийт 60 гаруй алт, 80 гаруй мөнгө, 90 хүрэл медаль авчээ.

Улаанбаатар Эмпати бүрэн дунд сургууль нь 1994 онд Улаанбаатар Монгол-Туркийн хамтарсан сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш Монгол улсын боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үйл ажиллагаагаараа байнга тэргүүлсээр ирсэн билээ.

Улаанбаатар Эмпати сургууль нь:

    2004, 2005 онд “Хүүхдэд ээлтэй сургууль”,

    2004 онд “Өсвөр үе, боловсролд хөрөнгө оруулагч байгууллага”,

    2007 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”,

    2008 онд “Дүүргийн тэргүүний сургууль”,

    2008 онд “Топ Менежменттэй 20 сургууль”,

    2009 онд “Нийслэлийн тэргүүний сургууль”

    2010 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”

    2012, 2013 оны “BEST OF MONGOLIA” цахим санал асуулгад шилдэг дунд сургууль

    2015 онд BID буюу Business Initiative Directions байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага”

    2016 онд Улаанбаатар хотын Химийн олимпиадын “Аварга сургууль“-иар тус тус шалгарсан амжилттай.

Улаанбаатар Эмпати сургууль нь 12 жилийн сургалттай сургууль бөгөөд сурах эрхэм хүсэлтэй сурагчдын авьяас сонирхлыг хөгжүүлж, сурагчдад судалгаа, дадлага туршлагад суурилсан онолын өргөн мэдлэг чадвар олгодог сургууль юм.

#olympiad #Lesson #Math