ТикТокын од Хаби Ламе НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болжээ


Б.Нямдарь | YOLO.MN
2025-02-04

Дэлхийн хамгийн алдартай TikTok хэрэглэгч болох Хаби Ламе НҮБ-ын Хүүхдийн сангийн /UNICEF/-ийн сайн санааны элчээр томилогджээ.

Сенегалд төрсөн, үйлдвэрийн ажилтан асан тэрбээр хөл хорионы үеэр ажлаасаа халагдсаны дараа Тикток платформд видео хийж эхэлжээ.

24 настай Хаби Ламе төрөлх нутгийнхаа залууст хандаж, UNICEF-ийн элч байснаар дэлхий нийтийг болон үүнтэй холбооотой бусад асуудлыг харах боломж олгоно гэжээ.

"UNICEF-ийн сайн санааны элчээр томилогдож, хүүхдийн эрхийг өдөр бүр нэгдүгээрт тавьдаг байгууллагын нэг хэсэг болох нь жинхэнэ нэр төрийн хэрэг юм" гэж Ламе мэдэгдэлдээ дурджээ.

"Би багадаа ядуурлаас айж, сургуульдаа өөрийн сонирхол, хоббигоо олж чадахгүй байсан. COVID-19 цар тахлын үед ажлаасаа халагдсан. Харин эцэст нь сошиал орчинд өөрийн байр сууриа олж, дэлхийд танигдсан. Хүүхэд бүрд боломж, нөхцөл нь байвал амжилтад хүрч чадна гэдгийг би өөрийн туршлагаасаа ойлгосон" гэж тэр нэмж хэлжээ.

Сенегал Европ руу чиглэсэн хууль бус цагаачлалын гол эх үүсвэрүүдийн нэг юм. Сенегалчуудын 60 хувиас илүү нь 25-аас доош насныхан бөгөөд 90 гаруй хувь нь албан бус салбарт ажилладаг. Тэд олон жилийн турш байгалийн баялгаас олсон орлого гадагш урсаж байгааг ажиглан, өөр сонголтгүй болсон тул хуучин загасчдын завиар Атлантын далайг гатлах аюултай аялалд гарахаас өөр аргагүйд хүрдэг байна.

Сенегалын залууст хандаж тэрбээр “Мөрөөдлөө томоор төсөөл. Хүмүүс чамайг хүрч чадахгүй гэж хэлсэн ч чи чадах бүхнээ хийгээрэй" гэж зөвлөсөн байна. Ламе хоёр настайдаа төрөлх Сенегалаасаа Итали руу эцэг эхийнхээ хамт шилжин суурьшсан бөгөөд 20 насандаа Италийн иргэншил авчээ. “Миний цус Сенегал гаралтай ч би өөрийгөө сенегал, итали хүн гэж нэгэн зэрэг мэдэрдэг” гэжээ.

ТикТок-т 162 сая гаруй дагагчтай Ламе өдөр тутмын амьдралын энгийн зүйлсэд үггүйгээр хариу үйлдэл үзүүлсэн сонирхолтой бичлэгүүдээрээ алдартай болсон. Цар тахлын үед ажлаасаа халагдсаны дараа тэр илүү их бичлэг хийж, нийтэлснээр цахим орчинд нэрд гарчээ.

Эх сурвалж: www.euronews.com

#Хаби Ламе #TikTok