Мөрөөдлийн дүр... бодит биелэл... ТЭД “КОСПЛЕЙЧҮҮД”


Үжин | YOLO.MN
2016-04-08

Хэзээ нэгэн цагт чамд мөрөөдлийнхөө баатарт хувирах хүсэл төрж байсан уу. Хувирах хувирахдаа бүр нүүрэндээ энгэсэг түрхэж, баатрынхаа хувцсыг өмсөн, яг л өөрөө болчихсон мэт төсөөлсөн үү?

Тэгвэл хэн бүхэнд байдаггүй зориг гарган амьдралд бодит дүр бүтээж буй “Hot Aru” клубынхэнтэй та бүхнийг уулзуулах гэж байна. Тэд “косплейчүүд” бөгөөд хүсэл, сонирхлоороо нэгдээд жил гаруйн хугацааг өнгөрөөжээ.

Сонирхуулахад, Японд анимэ, манга сонирхогчдын дунд 1990 оноос нэгэн этгээд, сонирхолтой урсгал бий болсон нь “косплей” байв. Энэхүү урсгал нь хүмүүст тэр дундаа хүүхэд, залуучуудад ном, хүүхэлдэйн киноноос сэтгэлдээ хүрсэн, үлгэрийн баатар “мөрөөдлийн дүр”-дээ хувирах боломжийг олгосон байна. Тус улсад бий болсон энэхүү урсгал Ази болоод Барууны зарим орнуудад соёлын нэг урсгал болон дэлгэрсэн аж.

Олон зүйл нуршилгүй “Hot Aru” клубын ахлагч Г.Ням-Эрдэнэтэй уулзаж косплейн талаар яриа өрнүүлснээ хүргэе.

Г.НЯМ-ЭРДЭНЭ: ХУВЦСАА ӨМСӨХИЙН ТУЛД ОЁДОЛЧИН, ЗЭВСГЭЭ БАРИХ ГЭЖ МУЖААН,
ДҮРЭЭ БҮТЭЭХЭД ЖҮЖИГЧИН БОЛОХ АВЬЯАС ШААРДДАГ

“Hot Aru” клубын ахлагч Г.Ням-Эрдэнэ

“Hot Aru” клубын ахлагч Г.Ням-Эрдэнэ


YOLO: Этгээд донжтой хувцас өмсөөд дүрдээ орж байгаа та нар их сонирхол татмаар байлаа. Косплей гэж хэнийг хэлэх вэ?
Косплей нь Манга урлагийн өлгий гэгдэх Японд хамгийн ихээр хөгжсөн. Тэнд япончуудын дүр төрх аж байдалд тохирсон анимейн тоо томшгүй дүр байдаг учраас энэ урсгалаар дамжуулан нэгдэж чаддаг. Монголд анх 2014 онд “Комикан” нэртэй фестивал болж ойролцоогоор 70 орчим косплей оролцож байв. Косплей гэдэг нь өөрийн царайнд таарсан дүрээ сонгоод, гаднах байдал болоод дотоод зан араншнаараа дүрээ илэрхийлж чадаж байгаа хүнийг хэлнэ.

YOLO: Косплей нь хүүхэд залууст ямар ач холбогдолтой вэ. Дүрд хувирахад ямар ур чадвар шаарддаг бол?
Их авьяас, ур чадвар, хөдөлмөр шаарддаг. Жишээ нь өөрийнхөө хувцсыг хийхийн тулд оёдолчин, дүр чинь зэвсэгтэй бол мужаан, дүрдээ орохын тулд жүжигчин, зураг авахуулах гэж модель болчихно. Гэтэл хүн болгон мундаг оёж, зурж, зорж чаддаггүй шүү дээ. Тийм учраас бие биедээ туслах зорилгоор багаар ажиллах болсон. Ер нь бидэнд хандсан ямар ч хүүхдэд нээлттэй бөгөөд чадах чинээгээрээ л тусална. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш.

YOLO: Мундаг юм аа, энд цугласан хүүхэд болгон хувцсаа оёсон гэсэн үг үү?
Тийм ээ. Тийм ч учраас хямд тусдаг юм. Захиалгаар хийлгэвэл хувцаснаасаа хамаарч дунджаар 100 мянган төгрөг болно. Бид хиймэл үснээс бусдыг өөрсдөө хийчихдэг.

YOLO: Жишээ нь, чи өмсөж байгаа хувцсаа өөрөө оёсон уу?
Тэгэлгүй яах вэ.

YOLO: Өөр ямар авьяас шаардах уу?
Манайхан бүгд л авьяастай. Төөгийнөө гээд хүүхэд байдаг. Тэр дуулна, бүжиглэнэ, битбокс хийнэ.

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

YOLO: Гэр бүл, найз нөхдийн зүгээс элдэв эсэргүүцэлтэй тулгардаг уу. Этгээд содон хувцаслалаа, хичээлээ хийсэнгүй гэдэг ч юм уу?
-Тийм ээ, тулгаралгүй яах вэ. Чи яах гэж косплей болдог юм, наадахынхаа оронд олигтой хувцас аваад өмсөж болдоггүй юм уу, ядаж хоол аваад идчихвэл чамд ашигтай биз дээ гэдэг. Гэвч би хүүхэд л юм чинь амжиж өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй гэж боддог.

YOLO: Үе тэнгийнхэн болон эргэн тойрныхон нь хэрхэн хүлээн авдаг вэ, дүрдээ орчихсон явж байхад шоолох, тохуу хийх тохиолдол гардаг уу?
Биднийг хараад муулах нь муулж байхад, өөр нэг нь таниад анимэн баатрын нэрээр дууддаг. Тэр үед үнэхээр баярлах сэтгэл төрдөг шүү.

YOLO: Косплей болсноор чамд давуу талыг өгөв?
Өөрийнхөө хоббигоор хувцас оёж сурсан. Мөн манай багт гарын дүйтэй хоёр хүүхэд байдаг. Хувцаснаас бусад эд хэрэглэл хэрхэн хийхийг тэднээс сурсан. Ер нь олон найзтай болж бие биенээсээ суралцахад сайхан байдаг. Сурсан бүхэн эрдэм шүү дээ.

YOLO: Танай клубын гишүүдийн дийлэнх нь хэд орчим насныхан байна?
Хамгийн бага нь есдүгээр анги, түүнээс дээшээ дунд сургуулиа төгссөн өсвөр насныхан.

YOLO: Чи ямар дүрийг бүтээдэг вэ. Ямар онцлогтой дүр вэ?
Япон төдийгүй дэлхийд “Bleach”, “Наруто” зэрэг шилдэг анимэ байдаг. Тэндээс нэгийг нь сонгож байгаад дүрээ бүтээсэн. Яг одоо бол “Bleach” анимэн “Urahara Kisuke” гэдэг тулааны эрдмийн багшийн дүрд хувирсан байгаа. Тэмцээнд нүүрний хувирал, жүжиглэлт сайн байхын сацуу японоор ярих нь давуу тал болдог.











#Freetime #Anime #Cosplay #Kids