Хоёр гар шилжүүлэн суулгуулсан хүү бэйсболл тогложээ


МОНЦАМЭ | YOLO.MN
2017-07-24

2015 оны 6 дугаар сард Зион Харви гэдэг хүү хоёр гар шилжүүлэн суулгуулсан түүхэн дэх анхны хүүхэд болжээ. Харин мэс засал хийлгэснээс хойш хоёр жилийн дараа Зион Харви бейсбол тоглож чаддаг болсон байна.

Хүү сэрээ, хутгыг барьж чаддаг төдийгүй үзгээр бичиж, өөрөө хувцаслаж чаддаг ажээ. Харин саяхнаас бейсболын цохиураар бөмбөг цохиж чаддаг болсон байна.

Зион Харви хүүхдийнхээ гарыг өөрт нь бэлэглэсэн хүмүүст хандан өөрийн гараараа захидал бичин баярласан талархсанаа илэрхийлэхийг хүсч байгаа аж.

Эмч нар бяцхан Харвигийн амжилтаар бахархаж байгаа ба түүний бие маш хурдан сайжирч байгаа гэж ам уралдан ярьж байна.

Эмч нарын ярьснаар, хүүгийн тархи донороос авсан хоёр гарт бүрэн дасан зохицож, хоёр гарыг яг л өөрийнх мэт хүлээн авах болсон байна. Үүнийг неврологийн сорилын дүн нотолж байгаа юм.

Хүүгийн хүртэхүйн мэдрэмж нь сайжирч байгаа, ээжийнх нь хацар гарт нь хүрэхэд мэдэрч чаддаг болсон.

"Одоо хүү бейсболын цохиураар сайн цохиж, хөдөлгөөнөө зохицуулж сурсны зэрэгцээ нэрээ гаргацтай сайхан бичиж чаддаг болсон. Мөн хүүгийн хүртэхүйн мэдрэмж нь сайжирч байгаа, ээжийнх нь хацар гарт нь хүрэхэд мэдэрч чаддаг болсон" хэмээн хүүг эмчилж буй Филадельфи хотын хүүхдийн эмнэлгийн эмч нарын багт ажилладаг доктор Сандра Амарал ярьж байна.

З.Харви хүү хоёр настайдаа хүндээр өвчилсний улмаас халдвар нь даамжирч эмч нар түүний гарыг нь бугуйн хэсгээр нь, мөн хоёр хөлийг өвдөгнийх нь доогуур тайрахаас өөр аргагүйд хүрчээ. Хүүгийн бөөр бараг ажиллагаагүй болсон ба тэрбээр хордлогонд орон үхэх аюултай тулгарсан байна.  Бөөрний диализ эмчилгээг хоёр жилийн турш тогтмол хийсний эцэст дөрвөн настай Зион Харвид түүний эх Патти Рэй-гийн бөөрийг шилжүүлэн суулгажээ.

Үүнээс дөрвөн жилийн дараа Балтиморт нас барсан хүүгийн хоёр гарыг нь аван Харвид шилжүүлэн суулгажээ.

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөн мэс заслаас хойш бүхэл амьдралынхаа туршид шилжүүлэн суулгасан эрхтнээ биедээ дасан зохицуулахын тулд байнга тусгай бэлдмэл уух ёстой байдаг аж. Ийм эм нь бие махбодид гаж нөлөө үзүүлж учраас эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эрсдэлтэйд тооцдог байна. Харин эмч нар ярихдаа "Зион Харвид бүхий л хүндрэл бэрхшээлийг даван туулах эр зориг, хүсэл зориг бий" гэж үзэж байгаа юм.

Зион Харви эхийнх нь бөөрийг шилжүүлэн суулгах мэс заслын дараа дээрх эмийг ууж байсан ба түүний биеийн байдлыг жил хагасын хугацаанд хянаж байсан эмч нар шилжүүлэн суулгасан хоёр гар нь ямар ч аюулгүй болсон гэдэгт бүрэн итгэлтэй болжээ.

Үүнээс хойш дахин гурван сар өнгөрч байтал Зион Харвид тохирох үзүүлэлттэй, гарынх нь хэмжээ, арьсны өнгө, адилхан цусны бүлэгтэй донор олджээ.

Энэхүү мэс заслын гол бэрхшээл нь мөчийг цусаар хангаж, тэдгээрийн амьдрах чадварыг нь тэжээж байдаг хоёр гарын цусны өчүүхэн жижиг хялгасан судсуудыг бүгдийг нь холбох явдал байлаа. Гэсэн хэдий ч мэс засал амжилттай болж хоёр жилийн дараа буюу өнөөдөр Зион Харвигийн бие улам бүр сайжирсаар байна.

Мэс заслын дараах эхний жилд хүүгийн бие махбодь шилжүүлэн суулгасан гарыг нь "түрж эхлэх вий" гэсэн айдас эмч нарт хэд хэдэн удаа төрж байжээ. Аз болоход эмч нар эмийг нь сольсноор болзошгүй эрсдэлийг даван туулж чадсан байна.

“Хүүгийн тархи хоёр гараас дохио хүлээн авч, илгээж байгаа нь илт байна. Хүүгийн хоёр гар тархины  өгсөн команданд захирагдаж, хөдөлж байна. Энэ нь тун их олзуурхууштай зүйл юм” хэмээн тус эмнэлгийн ахлах мэс засалч, доктор Скотт Левин ярилаа.

#two hand #boy #baseball