ХУУЛЬ: Гэр бүл, нийгэм дэх ХҮҮХЭД ХАМГААЛАЛ


Сондор | YOLO.MN
2017-11-28

Чи өөрт тохиолдож байгаа үйл явдал, хэн нэгний хандлагыг хуулийн хүрээнд болж байгаа эсэх талаар хэр мэдлэгтэй вэ?

Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллын тухай хуулийг хүргэж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулиас

5 дугаар зүйл. Гэр бүл дэх хүүхэд хамгаалал
5.1.Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна.
5.2.Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдэх, шаардлага, өргөдөл, гомдол, мэдээлэл гаргаж, түүнийг шийдвэрлүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
5.3.Гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу үзүүлнэ.
5.4.Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ.

6 дугаар зүйл. Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал
6.1.Сургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр, төлөвлөгөө гарган, мөрдөж ажиллана.
6.2.Сургалтын байгууллага, албан тушаалтан, багш, ажилтан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад заавал мэдээлнэ.
6.3.Сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.3.1.сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших;
6.3.2.сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх;
6.3.3.сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
6.3.4.хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх;
6.3.5.хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах.

7 дугаар зүйл. Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал
7.1.Эрүүл мэндийн ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн тохиолдолд хүүхдийн асуудал эрхэлсэн орон нутгийн ажилтан, албан тушаалтан, эсхүл цагдаагийн байгууллагын алба хаагчид заавал мэдээлнэ.
7.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн, түүний гэр бүл, хувийн нууцад хамаарах мэдээллийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд байгууллага, албан тушаалтан, хувь хүнд мэдээлэхийг хориглох бөгөөд задруулснаас үүдэн гарах үр дагаврыг өөрөө хариуцна.
7.3.Эрүүл мэндийн байгууллага эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлнэ.

8 дугаар зүйл. Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал
8.1.Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална.
8.2.Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
8.3.Хүүхдэд зориулсан мэдээ, мэдээлэл нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн иргэн, хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтан энэ тухай гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ.
8.4.Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.5.Арван зургаан насанд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн энэ зүйлийн 8.4-т заасан үйлдлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу хариуцна.
8.6.Интернэтийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцоно.

#Family #Society #Legal