Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Найзууд юм уу ойр дотны хүнтэйгээ л их “галзуу” болчихдог
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг З... гэдэг. Би 18 настай энэ жил оюутан болно. Би бага байхын л их даруухан, бүрэг, үг цөөнтэй хүүхэд байсан тэгээд олон хүний дунд байхдаа хүний нүүр лүү ч хараад юм ярьж чаддаггүй. Тэгээд найзууд юм уу ойр дотны хүнтэйгээ л их галзуу болчихдог. Одоо ингээд оюутан болбол энэ даруу зан чинь хэрэггүй гэж ойр дотныхон минь хэлдэг. Тэгээд би яг яаж энэ зангаа хаяхаа мэдэхгүй байгаа юмаа.
ЗӨВЛӨГӨӨ: Ичимхий байдлаасаа салах дараах зөвлөмжийг өгч байна
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлаа. Ичимхий байдлаасаа салах дараах зөвлөмжийг өгч байна.
• Хэнд ч өөрийгөө ичимхий гэдгээ бусдад зарлахгүй байх. Өөрийгөө ичимхий гэж хэнд ч битгий зарлаарай. Таны ойр дотны хүмүүс таныг ичимхий гэж мэдэж болох хэдий ч шинээр танилцсан хүмүүс чинь үүнийг мэдэхгүй шүү дээ
• Түрүүлж мэндлэх. Шинээр танилцсан хүнтэй таарах бүртээ түрүүлж мэндлэх нь тухайн хүнд тааламжтай сэтгэгдэл үлдээнэ. Мөн ичимхий зангаа ялан дийлж байгаагийн илрэл. Мэдээж эхэндээ хэцүү санагдаж бууж өгмөөр санагдаж болох ч өөрийгөө өөрчлөхийн тулд ихээхэн хүч гаргах хэрэгтэй гэдгийг санаарай.
• Өөртөө шошго наахаа зогсоо. Таныг маш олон зан чанар бий болгодог байтал зөвхөн “би ичимтгий” гэж зөвхөн нэг шинжээр өөрийгөө битгий тодорхойл.
• Өөрийнхөө давуу талыг мэдрэх. Цаасан дээр өөрийнхөө давуу талуудыг бичээд, тогтмол уншиж өөртөө сануулж байгаарай.
• Танилын хүрээгээ тэлэх. Шинэ хүмүүстэй танилцахаас битгий зугтаарай. Хүнтэй харилцаа холбоонд орон гэдэг нь ичимхий байдлаа ялж байна гэсний дохио. Илүү олон хүнтэй танилцаж харилцах тусам аажмаар та илүү нээлттэй болж өөрчлөгдөх болно.
• Та ганцаараа ичимхий биш гэдгээ анзаар. Олон хүмүүсийн дотор буюу анги хамт олныхоо хүмүүсийг ажиглаад нэг үзээрэй, тэдэнд ч мөн адил ичимхий байдал илэрнэ. Та ганцаараа ичимхий биш юм шүү. Тэгээд ч нөгөө талаас ичих гэдэг нь хүнд байдаг хэвийн зан чанаруудын нэг. Зарим давуу тал болох үе ч байна. Тиймээс өөрийгөө хэт буруутгах хэрэггүй. Ер нь өөрийгөө өөрчлөх, ялан дийлэхийн хамгийн том эхлэл нь одоо байгаа өөрийнхөө зан чанарыг хүлээн зөвшөөрч, үүнийгээ таалах байдаг. Тэгж чадвал өөрчлөлт аяндаа явагдана.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх