Пүүз будах хоббитой М.Анхбаяртай ярилцлаа.
YOLO: Өдрийн мэнд Анхаа. Хэзээнээс пүүзэн дээр зураг зурж, будаж эхлэв?
-Намайг бага байхад ах нар гоё пүүз өмсөөд явахад нь би том болоод ийм пүүзнүүдтэй болно гэж мөрөөддөг байв. Мөн би зураг зурах их дуртай хүүхэд байсан. Эхлээд гоё пүүзийг зүгээр л өмсдөг байлаа. Дараа нь бусдаас арай өөрөөр өмсье, ялгаръя гэж бодоод зурдаг хобби дээрээ тулгуурлаад пүүз будаж эхэлсэн.
Залуусын хувьд пүүз гэдэг зүгээр нэг өмсдөг гутал биш цэвэр гангараа, соёл шүү дээ, үнэндээ бол.
YOLO: Энэ санаа анх яаж төрсөн бэ?
-Багадаа би гадаадын одод хувцсан дээрээ пүүзээ яаж тохируулж өмсөж байгааг их сонирхдог байсан. Тэдний зарим нь пүүзэн дээрээ өөрийн нэрээ зуруулдаг байв. Тэрийг хараад пүүзэн дээрээ ийм гоё юм хийж, өөрийгөө илэрхийлж болох юм байна гэсэн санаа төрсөн. Эхлээд өөрийнхөө пүүзнүүдийг будсан минь хүмүүст таалагдаж, захиалгаар буддаг болсон. Сайн буддаг болохын тулд өөрийнхөө дөрвөн ч пүүзийг туршилтанд оруулж, өмсөөд дуусгасан даа.
YOLO: Гэрийнхэн нь хэр дэмждэг вэ?
Аав ээжийгээ гуйж байгаад үнэтэй пүүзнүүд авхуулчихаад тэрнийгээ будаж, янз бүр болгоход мэдээж анх таатай ханддаггүй байсан. “Яах гээд байгаа юм, зүгээр өмсөөч дээ” гэнэ. Би ч тоолгүй будсан пүүзнүүдээ Монгол сникер толгойтнууд группт тавьж хобби нэгтэй хүмүүст үзүүлдэг байв. Гэтэл хүмүүст их таалагдаж, надад урам зориг өгдөг болов. Энэ үеэс л өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болоод ирэхэд аав ээж намайг дэмждэг болсон.
Жордан 11 гэдэг лакан хэсэгтэй пүүзэн дээр солонгордог будалт хийж байв.
М.Анхбаяр
YOLO: Энэ ажлын сайхан болоод хэцүү зүйл нь юу юм бол?
-Энэ бол цэвэр миний хобби болохоор ер хэцүү санагддаггүй. Зүгээр л кайф авах гэж хийдэг. Оюутан байхдаа ид буддаг байв. Заримдаа шөнөжин сууж будах ч үе байсан. Будсан пүүзийг маань цэвэрхэн өмсөж чаддаггүй хүмүүст гомдоод байдаг юм. Тиймээс сэтгэлээ шархлуулахгүйн тулд будаж өгөөч гэсэн хүн болгоны пүүзийг будаад байдаггүй. Хэн нэгэн чиний бүтээлийг үнэлэхгүй халтайлгаад байвал муухай биз дээ.
YOLO: Ямар пүүзийг хамгийн гоё болгож байсан бэ?
-Жордан 11 гэдэг лакан хэсэгтэй пүүзэн дээр солонгордог будалт хийж байв. Тэгээд зургийг нь найзаараа гоё авахуулаад инстаграмдаа хийтэл өглөө нь Америкийн AceOfCustoms гээд инстаграм дээр тавигдаад намайг мэншн хийчихсэн байсан. Маш олон хүнд таалагдсан байсан. Тухайн үед надад үнэхээр сайхан санагдаж, тэр өдөржин тэнгэрт “ниссэн”.
YOLO: Одоо байнгын үйлчлүүлэгчидтэй болсон байх даа?
-Найзууд маань миний байнгын үйлчлүүлэгчид гэж хэлж болно. Төгсөөд ажилд ороод хоббигоо хоёр дугаарт тавьдаг болсон. Гадаадаас ч хүмүүс холбогддог байв. Хамгийн олон гэвэл нэг найз маань дөрвөн пүүзээ будуулсан, холоос гэвэл Солонгосоос нэг ах пүүзээ явуулж будуулж байсан.
YOLO: Үйлчлүүлэгчдэд таалагдахгүй, арилгуулъя гэх тохиолдол гарч байв уу?
-Пүүз гэдэг нь хямдхан эд биш учраас хэн ч өөрийнхөө пүүзийг муухай болгохыг хүсэхгүй. Ямар материалаар, ямар будгаар, ямар хэв загвартай болгомоор байна гэдгийг үйлчлүүлэгчидтэйгээ сайн тохирно, тэгээд цаасан дээр загварыг нь зурж үзүүлж байж буддаг учраас тийм тохиолдол гарч байгаагүй.
YOLO: Будуулсан пүүзээ хэрхэн цэвэрхэн өмсөх вэ?
-Гуталны будаг даавууны будагнаас ондоо учраас эдэлгээний хувьд удаан. Будуулсан пүүз бол өдөр тутмын гуталны ангиллаас гангарааны гутал руу ордог болохоор өдөр болгон “чирээд” байж болохгүй. Юм өшиглөхгүй цэвэрхэн өмсвөл халцраад байхгүй. Бас угаалгын машинд хийж угаах нь хамгийн буруу. Бүлээн савантай усаар хааяа угааж, пүүз арчилгааны бодис хэрэглэвэл зүгээр дээ.
YOLO: Пүүзийг шинээр нь өмсөхийн тулд яаж арчлах вэ?
Шинээр нь хадгалахыг хүсвэл сэлгээний пүүзнүүдтэй бай л гэж хэлмээр байна. Мөн бохирдсон тохиодолд аль болох цөөн угааж, хөөсөрдөг шүршигч бодис хэрэглэх хэрэгтэй.
YOLO: Нэг пүүз будахад хэр их хугацаа шаарддаг вэ?
Тухайн пүүзний будах ажиллагаанаас шалтгаална даа. Пүүзний их биеийг бэлтгэнэ гэхчлэн өмнөх шатны ажлууд дараа нь хамгаалах ажлыг гүйцэтгэнэ, хатаана. Дунджаар дөрвөөс дээш цаг ордог.
Энэ тэмцээнд би өөрийн зохиосон загвараа явуулаад 8000 орчим хүн оролцсон эхний шатны шалгаруулалтад тэнцэж байлаа.
М.Анхбаяр
YOLO: Өнөөдрийг хүртэл хэдэн пүүз будав?
-Тоолж байгаагүй юм байна. Ойролцоогоор 50-иадыг будсан байх. Ойрын үед пүүз будаад байх зав гарахгүй байна.
YOLO: Нэг пүүз будах дундаж үнэ хэд вэ?
-Дундаж үнэ гэж байдаггүй. Будагны үнэ, ажлын хөлснөөс шалтгаалж өөр байдаг. Учир нь будаг эндээс олддоггүй. Би Америк, Солонгосоос захиж авахуулдаг. Энэ миний хобби болохоос цэвэр бизнес гэж харж байгаагүй. Хэрвээ бизнес болговол илүү их цаг заваа зориулах хэрэгтэй болно. Өнөөдрийг хүртэл будсан пүүзнүүдийнхээ дөрөвний нэгийг бараг үнэгүй будаж өгсөн. Эхлээд найзуудынхаа хүрээнд л хийдэг байсан.
YOLO: Энэ хоббиг цаашид яаж хөгжүүлэх бодол байна вэ?
-Зааж өгөөч, зөвлөгөө авъя гэж олон хүүхэд холбогддог. Тэдэн дунд авьяастай хүүхдүүд зөндөө байдаг юм билээ. Тэдэнд зориулсан видео хичээл бэлтгэж, клуб нээх бодол бий.
YOLO: Цаашдын мөрөөдөл, зорилго чинь юу вэ?
-Америкт Пенсол гээд гутал, пүүзний дизайнеруудын академи байдаг. Тэндээс жил бүр гуталны дизайны уралдаан зохиодог. Өнгөрсөн жил энэ тэмцээнд би өөрийнхөө зохиосон загвараа явуулаад 8000 орчим хүн оролцсон эхний шатны шалгаруулалтад тэнцээд тэнд очиж дараагийн шатанд орох ёстой байсан. Харин их сургуулиа төгсөх гэж байсан тул явж чадаагүй. Сайн туршлага хуримтлуулж байгаад энэ тэмцээнд заавал оролцоно гэсэн зорилго бий. Ямартай ч өөрийн гэсэн фирм нээх мөрөөдөлтэй.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх