О.Мишээл: ТОО БОДОХОД эцсийн хариу нь гол биш, АРГАЧЛАЛЫГ НЬ ОЛОХ л сонирхолтой


Үжин | YOLO.MN
2017-06-22

Тоо бол утга, аргачлалыг нь нэг ойлгочихсон байхад маш гоё шинжлэх ухаан. Тиймдээ ч тооны олимпиад бусад  олимпиадаас илүүтэй бусдын анхаарлыг татаж, тэр хэмжээгээр оролцогч ихтэй байдаг биз ээ.

Монголын математикийн 53-р олимпиад Булган аймагт өнгөрөгч сард болсон билээ. Нийт зургаан төрлөөр зохиогдсон олимпиадын 9-р ангийн сурагчдаас Улаанбаатар хотын “Шинэ монгол” сургуулийн 8-р ангийн сурагч, 14 настай О.Мишээл алтан медаль хүртжээ. Багшийн өгсөн даалгавар хичээлийг хийхээс гадна түүнд өөрийн гэсэн хичээл зүтгэл маш их байдаг нь амжилтынх нэг нууц байх хэмээн түүний математикийн багш Д.Алтангэрэл шавиа магтсан юм.

О.Мишээлтэй математикийн талаар хэсэг хором өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна.

YOLOМатематикийн улсын олимпиадаас алтан медаль хүртсэн шүү дээ. Одоо удахгүй олон улсын  олимпиадыг зорихоор явах гэж байгаа, түүнд хэрхэн бэлдэж байна вэ?
-Сая улсын олимпиад Булган аймагт болсон юм. Хүрээлэл солигдоод ч тэр үү дасан зохицох, тоондоо төвлөрөхөд бага зэрэг хэцүү байсан. Шалгалтынхаа урд шөнө бүр хоёрхон цаг унтсан шүү.  Удахгүй болох олон улсын олимпиад Энэтхэг улсад зохиогдоно. Тэнд очоод мөн сандрахгүй, сайн төвлөрнө гэж бодож байна.

Мөн Бразил улсад болох IMO буюу ОУ-ын математикийн олимпиадын ахлах ангийн төрөлд (International Mathematical Olympiad) оролцох эсэх нь хараахан шийдэгдээгүй, би шалгаруулалтандаа бэлдэж байна. Харин Энэтхэг улсад долдугаар сарын 25-30-нд болох IMC буюу ОУ-ын математикийн дунд ангийнхны тэмцээнд (International Mathematical Competition) нийт найман хүүхдийн хамтаар оролцоно, бэлтгэлээ хийгээд л явж байна.

О.Мишээл багш Д.Алтангэрэлийн хамт

YOLOМатематикийн хичээлд хүүхэд бүр дуртай биш байх. Харин тоо бодохын юу нь чамд гоё байдаг вэ?
Тоо бодоход шийдлийг нь олох нь их гоё санагддаг. Яг эцсийн хариуг нь олохдоо гол нь биш хэрхэн бодох аргыг нь олох нь маш сонирхолтой байдаг. Тоо бодохын давуу тал нь аливааг логикоор сэтгэж, учир шалтгааныг нь танихад тусалдаг. Нөгөө талаас юм болгоныг учир шалтгаантай болгох гээд байдаг сул талтай байж магадгүй юм.

YOLOЧиний хувьд тооны аргачлал амьдрал дээр ямар нэгэн энгийн зүйлд хэрэг болж байсан тохиолдол гарч байв уу?
Яг шууд хэлчих тохиолдол санаанд минь орж ирэхгүй байна. Гэхдээ ямартай ч өмнө нь бодож эргэцүүлж байсан аргачлалын талаар том эрдэмтэн хүн зурагтаар ярьж байхтай таарч байсан юм. Нэг үгээр миний өмнө нь аль хэдийнэ эргэцүүлж байсан зүйлийн талаар тэр ярьж байсан юм л даа, энэ надад их сайхан санагдаж байсан.

YOLOТоо бодох амаргүй шүү дээ. Тэгвэл чи шантрах гээд эхлэхээрээ өөрийгөө хэрхэн урамшуулдаг вэ?
Надтай чацуу, наймдугаар ангийн сурагч хэр нь 12-р ангийн олимпиадад амжилттай оролцдог нэгэн хүү байдаг юм. Би тэр хүүхэд шиг, түүнээс ч илүү болох гэж хичээдэг. Түүнээс би урам зориг их авдаг.

YOLOЧи ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
Одон орон судлаач болно. Одоохондоо энэ талаар нарийн судлаагүй байгаа ч миний сонирхлыг ихэд татдаг мэргэжил.

YOLO Чи чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Хичээлийн өдөр хичээлээ тараад  олимпиадын бэлтгэлдээ явна. Тараад гэртээ ирээд дүүгээ харна, хичээлээ давтдаг даа. Одоо зуны амралт эхэлчихсэн   олимпиадын бэлтгэлдээ илүү их анхаарч байна.

YOLOЯрилцсанд баярлалаа. Удахгүй оролцох олон улсын тэмцээнд нь амжилт хүсье.
Баярлалаа.

#math #olympiad #teenagers #ШинэМонгол