Аяга, таваг угаах үнэхээр дургүй хүмүүс байдаг даа. “Автомат угаагч авчихъя” эсвэл “Аяга угаахын оронд би хоолоо хийе, чи угаа” гээд л. Өмнө нь бид юм индүүдэх нь залхуу хүрэм ч гэсэн бясалгал, дасгал болоод зогсохгүй арьсны эрүүл мэндэд ч хэрхэн эергээр нөлөөлдөг талаар хуваалцсан билээ. Залхуутай гэрийн ажлууд мундах биш дээ. Гэхдээ хийхээс өөр аргагүй. Иймээс залхуутай ажлуудын эерэг талыг танд хуваалцаж байна. Харах өнцгөө өөрчилбөл хийхэд ч хялбар шүү дээ.
“Келтон глобал” компанийн судалгаагаар бараг 227 сая америк хүн өдөрт дунджаар 25 минутыг аяга таваг угаахад зарцуулдаг бөгөөд энэ нь жилд зургаагаас дээш хоног гэсэн үг юм. Түүнчлэн аяга таваг угаах нь гэр бүлийн гол зөрчилдөөний нэг болдог гэнэ. Тухайлбал, хамт амьдардаг хүмүүсийн 43 хувь нь энэ ажлыг хэн хариуцах талаар маргалддаг бөгөөд зарим нь зайлсхийхийн тулд нэг жилийн турш амьдралын таашаал авахуйц зүйлсээс ч татгалзахад бэлэн байдаг ажээ. Өөрт таатай зүйлээсээ хүртэл татгалзахад хүргэдэг энэ ажил үнэхээр л залхуутай ажлын жагсаалтад багтах ёстой байх нь. Хийхэд хэцүү ажилтай зууралдах үедээ “Энийг хэн нь зохиодог байна аа?!” гэж халаглах үе бишгүй. Ер нь аяга, таваг угаах ажил яаж байгаад үүсчих вэ?
Хэн нэгэн аяга, тавгаа угаацгаая гэж санаачилсан нь
Яг хэн гэгч эрхэм гэнэт л “Ер нь хэдүүлээ аяга, тавгаа угаая” гэснийг мэдэхгүй ч эртний соёл иргэншлийн үед хүмүүс аяга тавгаа элс, үнс, нунтагласан ургамлаар цэвэрлэдэг байжээ. Эдгээр материал нь зүлгүүрийн үүргийг гүйцэтгэдэг байсан учраас хүнсний үлдэгдлийг арилгахад тусалдаг байсан ч орчин үеийн аяга таваг угаах шийдэл шиг үр дүнтэй байгаагүй нь мэдээж.
19-р зуунд одоогийнх шиг цоргоноос шууд ус гоождог байгаагүй аяга таваг угаах нь илүү их хөдөлмөр шаарддаг ажил байв. Цагаан тугалга зэрэг материалаар хийсэн аяга тавгийг зэврэхээс хамгаалж хурдан хатаах шаардлагатай байлаа. Иймээс усаар цэвэрлэж, цагаан тоосгоны тоос, тосоор өнгөлөх зэргээр одоогийнхоос ч илүү цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг байжээ.
20-р зууны эхэн үед аяга таваг угаагч шингэн бий болсноор л аяга, таваг угаах нь илүү хялбар болсон аж. Анхны арилжааны зориулалттай аяга таваг угаагч шингэн "Dreft"-ийг 1947 онд “Procter&Gamble” компанийн химич доктор Филип В.Харрелл танилцуулжээ. Энэхүү бүтээгдэхүүн нь аяга таваг угаах салбарт томоохон өөрчлөлтийг хийж, үйл явцыг илүү хурдан, хялбар болгосонд бид талархах учиртай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аяга таваг угаагч бүтээгдэхүүний найрлага хувьсан өөрчлөгдөж, толбо, өөх тосыг илүү үр дүнтэй арилгахын зэрэгцээ фосфат зэрэг хортой химийн бодисуудыг багасгасан юм.
1850 онд анхны механик аяга таваг угаагчийг Жоэл Хоутон бүтээсэн боловч ус цацахын тулд гараар эргүүлдэг дугуй ашигладаг байсан нь ажлыг тийм ч хөнгөвчлөөгүй юм. Харин 1860-аад онд Л.А.Александр савтай усанд аяга таваг эргүүлэх механизмыг нэмж оруулжээ. Гэхдээ бас л үр дүнтэй байсангүй. Хамгийн үр дүнтэй шинэчлэлийг 1886 онд Жозефин Кокрейн хийсэн юм. Тэрээр усны даралтыг ашиглаж угаадаг машин зохион бүтээсэн нь өмнөх загваруудыг бодвол илүү үр дүнтэй, хөдөлмөр бага зарцуулдаг болжээ. Ийнхүү 1950-1960-аад он гэхэд аяга таваг угаагч машин нь Америк, Европын гэр ахуйн хэрэглээний нийтлэг хэрэгсэл болсон аж.
Аяга, таваг угаах нь зугтаамаар хэцүү ажил байж болох ч олон талын ач холбогдолтой юм шүү. Мэдээж цэвэрлэж байгаа учраас эрүүл мэндэд ашиг тустайн дээр өөр олон давуу талууд ч бий.
Стресстэх биш харин ч стресс тайлна гэнэ үү?!
Аяга таваг угаах үед усны дулааныг мэдэрч, савангийн үнэрийг үнэртэн, угааж буй аяга, тавагтаа анхаарлаа төвлөрүүлснээр стресс мэдэгдэхүйц буурдаг гэнэ. Флорида мужийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар аяга тавгаа тогтмол угаадаг хүмүүсийн стресс 27 хувь буурч, урам зориг нь 25 хувь нэмэгддэг гэсэн үр дүн гарчээ. Түүнчлэн юм индүүдэхийн нэгэн адил аяга таваг угаахад энгийн давтамжит хөдөлгөөн хийдэг учраас нэг төрлийн бясалгал болох юм.
Бид аяга таваг угаахаас амжилт мэдэрдэг гэвэл та итгэх үү? Сонирхолтой нь бидний тархи энгийн даалгаврыг гүйцэтгэхэд л аливаа зүйлийн ард гарч, амжилттай байлаа гэж мэдэрдэг аж. Аяга, таваг битүү хөглөрсөн, эмх замбараагүй орчинд анхаарал төвлөрөл буурах бөгөөд цэмбийтэл нь угаасны дараа нэг ажлын ард гарлаа гэсэн мэдрэмж төрдөг байх нь. Энэхүү даалгаврыг дуусгах мэдрэмж нь илүү зохион байгуулалттай, тайван сэтгэл санааны байдалд хувь нэмэр оруулдаг гэнэ.
Аяга угаангаа дасгал хийцгээе!
Аяга таваг угаах нь энгийн ажил мэт санагдаж болох ч бие махбодод тустай янз бүрийн дасгалын үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал гар, мөр, нурууны булчинг идэвхжүүлдэг аж. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, хөшингө, үе мөчний өвчтэй болохоос хамгаалдаг. Ялангуяа ахмад настнууд хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлж, үе мөчний үрэвсэл үүсэхээс хамгаалах юм.
Түүнчлэн аяга таваг угаах нь зүрхний цохилтыг нэмэн, эрүүл мэндийг сайжруулж, өдөр тутмын хөдөлгөөнөө ихэсгэх замаар жингээ хянахад тусалдаг зүрх судасны хөнгөн үйл ажиллагаа юм. Гэрийн бусад ажилтай адил аяга таваг тогтмол угаах нь таны биеийн тамирын дасгал хөдөлгөөнд хувь нэмэр оруулж, суугаа ажлаас үүдэлтэй эрсдэлийг бууруулахад тусалдаг ажээ.
Нэг ёсондоо аяга таваг угаах нь гүйлт гэх мэт эрчимтэй дасгалын адил их хэмжээний калори шатаахгүй ч идэвхтэй байж, хөдөлгөөнийг өдөр тутмынхаа хэвшилд оруулах зөөлөн арга юм.
Биеийн аль булчингууд ажилладаг вэ?
Аяга угаахдаа гараа янз бүрийн чиглэлд өргөж, хөдөлгөх нь мөрний гурвалжин булчингуудыг, ялангуяа урд болон хажуугийн хэсгийг ажиллуулдаг. Мөн угаалтуурын урд зогсоод урагш сунахад нурууны дээд хэсгийн трапец болон ромбо булчингууд идэвхтэй байх юм. Бид аягыг сойз, алчуур зэргээр угаадаг шүү дээ. Ийнхүү аяга угаах материалаа атгах үед шуу нугаларч, сунгах булчингууд ажилладаг.
Удаан хугацаагаар зогсоход биеийн байрлал, тэнцвэрийг хадгалахын тулд гол булчин болон нурууны доод булчингуудыг ажиллуулах шаардлагатай. Харин аяга таваг угаахдаа биеэ бага зэрэг эргүүлэхэд ташааг идэвхжүүлдэг аж. Түүнчлэн зогсож байгаа учраас хөлийн дөрвөлжин толгой ба шөрмөсний булчинг ажиллуулах юм. Мэдээж гарын жижиг булчингууд ажиллаж, гарын хүч, уян хатан байдлыг сайжруулахад тусалдаг байх нь.
Харах өнцгөө өөрчилбөл амьдрал тийм ч хэцүү биш гэдэг дээ. Залхуутай, хэцүү ажлаас ч танд ирэх давуу талыг бодож хийвэл дааж давшгүй ял шиг санагдахаа болино. Иймээс одоогоос аягаа угаахдаа “Би дасгал, бясалгал хийх гэж байна” гэж бодоод үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх