Залхуутай ажил: Юм индүүдэх үед 70-100 калори шатаах боломжтой


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2024-09-09

Хувцас индүүдэх яагаад ч юм жаахан төвөгтэй ажил байдаг уу? Үрчийж, хорчийсон хувцас өмсөхгүй, хүний нүдэнд өнгөтэй өөдтэй харагдахын тулд хувцсаа индүүддэг ч заримдаа үнэхээр индүүдэхгүй углачихмаар санагдах үе байдаг шүү. LG Electronics-ээс 2019 онд хийсэн судалгаагаар хамгийн дургүй гэрийн ажлын эхний тавд юм индүүдэх багтжээ. Санал асуулгад оролцогчдын ихэнх нь уг ажлаас аль болох зайлсхийдэг гэсэн байна. Гэхдээ индүүдсэн хувцас дан ганц харагдах үзэмж талаасаа бус давхар эрүүл мэндэд ч нөлөө үзүүлдэг байх нь.

Индүү өнөөдрийн дүр төрхөө олсон нь

  • МЭӨ 1-р зууны эхэн үед Эртний Хятадад халуун нүүрсээр дүүргэсэн металл тогоонуудыг хувцас индүүдэхэд ашигладаг байжээ.
  • Дундад зууны үеэс 17-р зуун хүртэл Европт шил, мод, чулууг халааж, хувцсаа индүүддэг байв.
  • 17-р зуунд Европт хавтгай төмрийг индүүний зориулалтаар ашигладаг болжээ.
  • 18-р зуунд “төмрөн хайрцаг” бүтээсэн бөгөөд энэ нь халуун нүүрс хийх хөндий хэсэгтэй байв. Улмаар дулааныг удаан хадгалах боломжтой болсон юм.
  • 19-р зууны сүүлчээр хийн технологи бий болсноор хийн индүүнүүд гарч эхэлжээ. Эдгээр индүү нь дулааныг хадгалах жижиг шатаагчтай байв.
  • 1882 онд анхны цахилгаан индүүг АНУ-д Генри В.Сили бүтээжээ. Энэхүү анхны загвар нь дулаан үүсгэхийн тулд эсэргүүцлийн ороомог ашигласан бөгөөд бараг 6.8 килограмм жинтэй байв. Гэвч уг индүү нь температураа хянах боломжгүй байсан юм.
  • 1920-иод он гэхэд температурыг хянах боломжтой цахилгаан индүүг бүтээв. Ийнхүү хэрэглэгчийн аюулгүй байдлыг тодорхой хэмжээнд хангаж, ашиглахад хялбар болон, төрөл бүрийн материалыг зохих температурт нь индүүдэх боломжийг олгосон.
  • 1926 онд анхны уурын индүүг “Eldec” компани бүтээсэн боловч 1940, 1950-иад он хүртэл уурын индүү өргөн дэлгэрээгүй юм.
  • 20-р зууны сүүлийн хагас ба 21-р зуунд индүү нь наалддаггүй ул, автоматаар унтрах тохиргоотой болж, тасралтгүй хөгжсөөр байна. Залгуургүйгээр цэнэглэдэг болж, хөнгөн жинтэй, эрчим хүчний хэмнэлттэй, илүү аюулгүй загварууд өдгөө гарах болжээ.  

Харшил үүсгэгчийг устгана

Их Британийн “Mintel” компанийн 2020 онд хийсэн судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь индүүдэх шаардлагагүй хувцас худалдаж авахыг хичээдэг эсвэл индүүдэх цагийг багасгах өөр аргыг хайдаг гэж хариулжээ. Нээрээ л индүүдэх шаардлагагүй материалтай хувцас амар байдаг шүү. Гэтэл хувцас, бусад зүйлсээ индүүдэх эрүүл мэндийн нэг чухал ач тус нь даавуунд агуулагдах нян, бактери, харшил үүсгэгчийг устгадаг аж. Индүүний халуун температур арьсны цочрол, харшил, халдвар үүсгэдэг олон бичил биетнийг “дарж авдаг” байх нь.

Нийтлэг харшил үүсгэгч болох тоосны хачиг нь хувцас, ор дэрний цагаан хэрэглэл, бүрээс зэрэгт их байдаг. Иймээс юмаа индүүдэх нь эдгээр хачгийг устгахад тусалж, харшлын эрсдэлийг бууруулдаг гэнэ. Ялангуяа астма, тоосны харшилтай хүмүүс хувцас, цагаан хэрэглэлээ индүүдэж хэрэглэх хэрэгтэй юм.

Олон нийтийн газар, эмнэлгийн орчинд эсвэл ханиад томууны улиралд өмсдөг хувцсаа тогтмол индүүдэх хэрэгтэй. Нэн ялангуяа хүйтэн усаар хувцсаа угаах үед эмгэг төрүүлэгчдийг хангалттай устгаж чаддаггүй учраас давхар индүүгээр “шатаах” ёстой юм. Халуун ус үе үе тасарчихдаг манай улсад бол хэдий залхуутай ажил ч гэсэн индүү л бидний ганц аврал байх нь шүү дээ.

Батганаас хамгаална

Яагаад ч юм биеийнх нь энд тэнд, нуруу, цээж хэсгээр батга гараад байдаг бол хувцас, орны цагаан хэрэглэлээ хэр тогтмол индүүддэгээ бодоод үзээрэй. Дээр хэлсэнчлэн хэдий угаасан ч, индүү нь даавуунд хуримтлагдсан шороо, хөлс, бактерийг арилгадаг тул арьсны эрүүл мэндэд тустай юм. Шинэхэн индүүдсэн хувцас өмсөх нь тууралт, цочрол, батга зэрэг арьсны асуудлуудыг бууруулдаг.

Эмзэг арьстай хүмүүсийн хувьд хувцсаа индүүдэж зөөлөн болгосноор даавуу болон арьсны хоорондох үрэлтийг бууруулж, улмаар батга үүсэхээс сэргийлж болно. Түүнчлэн үүнд хувцасны материал ч хамаатай. Төрөл бүрийн даавуу нь арьсны эрүүл мэндэд янз бүрээр нөлөөлдөг. Жишээлбэл, торго нь нянгийн эсрэг байгалийн шинж чанартай тул батга үүсгэх бактерийн хуримтлалыг бууруулдаг аж. Нөгөөтээгүүр хөвөн зэрэг материалыг зөв угааж, индүүдэж арчлаагүй тохиолдолд батга үүсэх нөхцөлийг улам хүндрүүлэхүйц нян, цочроох бодис хуримтлагддаг байна.

Юм индүүдэх = Бясалгал

Индүүдсэн, үрчлээгүй хувцас өмсөх үед өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилдэг. Угаасаа үрчийсэн хувцастай үед санаа зовоод хэцүү байдаг даа. Сайхан хувцасласан үедээ өөртөө итгэлтэй, эмх цэгцтэй мэдрэмж төрж стресс, түгшүүрийн түвшнийг ч бууруулдаг гэнэ.

Индүүдэх үйл явц нь тайвширч, бясалгах боломжийг ч олгодог гэнэ. Учир нь индүүгээ нааш цааш хөдөлгөх давтамжит хөдөлгөөн нь оюун ухааныг төвлөрүүлж, стрессийг багасгахад тусалдаг. Юм индүүдэх үедээ оюун санааны дарамттай олон бодлоос ангижирч, зөвхөн одоо цаг хугацаанд төвлөрөх боломжийг олгодог ажээ.

Юм индүүдэнгээ дасгал хийцгээе!

Юм индүүдэх үед бид зогсонгоо гарынхаа үндсэн булчингуудыг хөдөлгөдөг учраас хөнгөн дасгалын нэг хэлбэр болдог. Тогтмол дасгал хийдэггүй, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс 30 минут юм индүүдсэнээр ​​биеийн жин, хөдөлгөөний эрчмээс хамаарч 70-100 калори шатаадаг гэнэ.  Тэгэхээр юм индүүдэх нь цусны эргэлтийг сайжруулж, булчинг ажиллуулах нэг төрлийн хялбар арга юм.

Индүүдэх үйл явцын үед бидний аль булчингууд идэвхтэй ажилладгийг харъя л даа. Индүүгээ дээш нь өргөж, буулгах үед мөрний гурвалжин булчингууд оролцдог. Харин хувцас дээгүүрээ нааш цааш хөдөлгөхийн тулд гараа нугалж, сунгахад гарын хоёр толгой,  гурван толгой булчин ажилладаг билээ. Гурван толгой нь гараа сунгахад их ажилладаг бол хоёр толгой нь хөдөлгөөнийг удирдан чиглүүлэхэд тусалдаг. Мөн хэвлийн болон нурууны булчинг оролцуулаад үндсэн булчингууд нь зогсох, бага зэрэг урагш бөхийх үед  тэнцвэрээ хадгалах үүрэгтэй.

Түүнчлэн хөлийн булчин ч мөн ажиллана. Зогсох үед гуяны урд булчин биеийн жинг дэмжиж, тогтвортой байрлалыг хадгалахад тусалдаг шүү дээ. Үүн дээр нэмээд юм индүүдэх үед бид жингээ нэг хөлөөс нөгөө рүү шилжүүлэхэд уг булчин илүү идэвхтэй ажилладаг байх нь. Харин нурууны дээд хэсэгт байрлах трапец болон ромбо хэлбэрийн булчингууд нь мөрийг тогтворжуулж, юм индүүдэх давтамжит гарын хөдөлгөөний үед мөрийг дэмжиж өгдөг. Улмаар нуруу, хүзүүний дээд хэсэгт ядрах, хөшихөөс урьдчилан сэргийлдэг билээ.

Тэгэхээр бидэнд залхуутай санагдаж, зайлсхийх гэж оролддог юм индүүдэх ажил их хэрэгтэй эд байх нь. Зөвхөн гадаад үзэмжээс гадна эрүүл мэндэд тустай ч юм байна. Иймээс юм индүүднэ гэхээс халшраад байвал өөрийгөө бясалгал, дасгал хийх гэж байна, гоо сайхан, бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнддээ ашигтай зүйл хийж байна гэж бодоорой. Ер нь эрүүл байх амьдралын энгийн хэв маягаас л эхэлдэг шүү дээ. 

#юм индүүдэх