Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хичээлдээ муу болохоор хүссэн сургуульдаа орж чадахгүй байх гэж айдаг
Сайн байна уу? Намайг Л... гэдэг, 15 настай хүү. Саяхан санамсаргүй Монгол HD телевизээр сэтгэл гутралын тухай нэвтрүүлэг үзсэн юм. Тэгээд миний одоогийн байдал сэтгэл гутралд орсон хүнийхтэй яг таг таарч байгааг мэдээд аль эртнээс л сэтгэл гутралд орчихсон байгаагаа мэдсэн. Би үг дуу цөөнтэй ч хичээлдээ гайгүй сайн, манай гэр бүлийнхэн бүгд дуу цөөнтэй болохоор ийм байж ч магадгүй юм. Анх сургуульд ороход ч хүүхдүүд над руу их гайхсан янзаар хардаг байлаа. Сургуулийн хоол иддэггүй, ариун цэврийн өрөө ч ордоггүй хүүхдүүдтэй ярихгүй. Хичээл тарсан л бол гэр лүүгээ. Эцэг эх маань намайг цэцэрлэгт явуулаагүй, сургууль тарсан л бол гэртээ ирэхийг шаарддаг байлаа. Харин түрүү жил би сайн охиндоо таалагдахын тулд өөрийгөө жоохон өөрчилж эхэлсэн гэх үү дээ. Хүмүүсийн нөгөө л нэг ярьдаг бүтэнсайны орой Яг түүн шиг шоу үзсэн тухай, уран сайхны кино үзсэн сэтгэгдлээ найзууд ангийнхантайгаа хуваалцаж бусад хүүхэд шиг наргиан хийж, ноцолдож зодолдож арай нээлттэй болсон гэх үү дээ. Яг үнэндээ би эдгээрээс алийг нь ч хийхийг хүсдэггүй, гэхдээ аргагүйн эрхэнд ганцаардаж эхэлсэн тэгээд л жүжиглэж эхэлсэн юм. Бусадтай адил энгийн хүүхэд шиг аягласаар хичээлийн жил дуусах боллоо харин би дахиж жүжиглэхээс залхаж эхэлсэн. Яагаад гэвэл хөгжилтэй хэзээ ч уйдахааргүй байдал минь нөгөө л нэг дуугүй дүнсгэр уйтгартай амьдралаас ялгаагүй санагдаж эхэлсэн. Тэгээд л би гэв гэнэт дахиад дуугаа хураачихсан. Цоглог байхад надтай бага зэрэг дотноссон ангийнхан маань гайхаад л нэг нэгээрээ хүрч ирээд чи зүгээр үү? бие чинь өвдөө юу? гээд л гайхацгааж эхлэхээр нь би өөрийнхөө үзэл бодлоо зах зухаас нь бусадтай хуваалцаж эхэлсэн юм. Тэд бүгд эвэртэй туулай харсан юм шиг алга болчихсон. Яг тэр дуугаа хураасан үедээ үерхэж байсан охинтойгоо ч харилцахаа больчихсон. Яг л бүх юм нурж унаж байгаа юм шиг. Өөрийнхөө үзэл бодлыг хуваалцахаас айдаг болсон. Яагаад гэвэл миний үеийн ямар ч хүүхэд дэлхийн үүсэл, хүн төрөлхтөн яагаад байдаг тухай боддоггүй. Би ном унших дуртай философийн багахаан мэдлэгтэй. Би өөрийнхөөрөө байх хэрэгтэй ч юм уу үгүй ч юмуу гэж бодож эхлэлээ. Буцаад нөгөө л энгийн хүүхэд шиг аяглаж өөрийнхөө боддог зүйлсээ бага багаар мартдаг юм уу гэж бодож байлаа. Тэгтэл нэг өдөр би кино үзэж байгаад Өөрийнхөөрөө байхаас татгалзсан хүн амиа хорлосонтой адил гэсэн хэсэг гарсан юм. Пан гээд л явчихсан. Яг л намайг сэргээч гээд тас алгадсан юм шиг. Тэгээд би хэнд ч ойлгогдохгүй ч гэсэн өөрийнхөө үзэл бодолд тууштай байхаар шийдэж мундаг сэтгүүлч зохиолч болох мөрөөдөлдөө шамдсан. Гэхдээ энэ амархан байгаагүй би жүжиглэж байхдаа хичээл хийдэггүй болчихсон бүр ор тас мартчихсан байсан юм. 10-р ангид орохдоо арай гэж эвлэрсэн найз охиноосоо өөр ангид хуваарлагдчихсан. Арай гэж дасаж байсан багш сурагч нараас шал өөр ангид хуваарилагдчихсан. Хичээлдээ муудсан болохоор багш нар нэг нүдээрээ ч харахгүй. Тусалж дэмжихгүй мөртлөө их зантай гэх мэтээр элдвээр хэлнэ. Уншсан ном зохиолоос ургасан санаагаа цомхон өгүүллэг болгож бичээд багш нарт өгч уншуулсан. Оронд нь тэд дэмий юм хийгээд байлгүй хичээлээ л хий гэсэн. Би яг яах ёстойгоо ойлгохгүй байна. Хүмүүстэй харилцдаггүй аутизмтай хүүхэд сэтгүүлч болж чадах уу үгүй юу гэж их тээнэгэлздэг. Хичээлдээ муу болохоор хүссэн сургуульдаа орж чадахгүй байх гэж айдаг. Дээрээс нь хэн ч намайг үнэлж дэмждэггүй. Чи зүгээр л сонин хүүхэд гэхээс өөр зүйл сонсдоггүй. Хийсэн бүхэн минь хаана ч хэнд ч үнэлэгддэггүй. Заримдаа бусдаас тэс өөр байгаадаа санаа зовдог, бүр зүгээр л хэнд ч хэрэггүй юм шиг санагддаг. Чи дандаа сонин юм ярьдаг гэдэг. Ерөөсөө миний юу ч бүтэхгүй юм шиг санагддаг. Гэхдээ би сүүлийн үед найзуудтайгаа кино үзэж видео тоглоом тоглож цагийг зугаатай өнгөрөөж эхэлсэн. Харин тэр орчноосоо холдоод гэртээ ирэх үед нөгөө л нэг дүнсгэр байдал угтдаг. Сэтгэл гутралын тухай судалж үзсэн ч эмчлэх арга байдаггүй сэтгэлд гутралд орсон хүн ийм ийм гэж тоочиж бичээд бараг л иймэрхүү хүмүүсээс хол байгаарай гэсэн утгатай юм биччихсэн байдаг. Би яах учраа олохгүй байна... Яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Багш нарын чинь хэлсэн үг чамайг 100% тодорхойлохгүй
Сайн байна уу Л..., чамд энэ өдрийн мэндийг хүргэе.
Яарч битгий өөртөө онош тавь. Нэн түрүүнд битгий өөртөө шууд оношилгоо хийгээрэй. Мэргэжлийн хүн дээр очиж өөрийгөө сэтгэл гутралтай юу? үгүй юу гэдгээ мэдээрэй. Яагаад өөрийгөө Аутизмтай гэв? Мэргэжлийн хүнд нь хандаж үзсэн үү? Өөрөө найз нөхөдтэйгөө, ангийн хүүхдүүдтэйгээ харилцаа холбоонд орж, найзуудтайгаа кино үзэж видео тоглоом тоглож цагийг зугаатай өнгөрөөдөг гэсэн байна. Энэ аутизмтай хүний шинж мөн үү? Гэдгийг нэг бодоод үзээрэй. Найзуудаасаа холдоод гэртээ ирэх үед нөгөө л нэг дүнсгэр байдал угтдаг гэсэн байна. Тэгвэл гэртээ байх үедээ өөрийн сонирхдог зүйлээ хийгээд үзвэл яаж байна? Жишээ нь:
Багш нарын чинь хэлсэн үг чамайг 100% тодорхойлохгүй. Мөн багш нар чинь чиний сурлагад санаа зовж байгаа гэдгийг ойлгоорой. Ирээдүйд хэн болох чинь чамаас л шалтгаална. Өөрийн сонирхсон мэргэжилтэйгээ холбоотой ном уншиж, өгүүллэг бичдэг чинь сайн байна. Өөрийн сонирхлыг ч хөгжүүл, хичээлдээ ч анхаар, найзууд болон ангийнхантайгаа ч холбоогоо битгий тасал. Чи бүгдийг зохицуулж хийж чадна гэдэгтэй итгэлтэй бай. Өөрийнхөө хандлагыг л эерэг тийшээ чиглүүл. Хамгийн чухал нь чи өөрийнхөө юунд дуртай, юу хүсэж байгаагаа олсон байна, үүнийгээ давуу тал болгож ашиглаарай. Бас бусдад гэм хор учруулж, шударга бус хандаагүй л бол бусдаас өөр байна гэдэг огтхон ч муу хэрэг биш гэдгийг ойлгоорой. Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх