Дунд сургуулийн сурагчдын “British Scholarship 2017” тэтгэлэг зарлагдлаа


Сондор | YOLO.MN
2017-06-05

Та бүхэн өөрсдийгөө товч танилцуулна уу?

Ө.Батсайхан: Намайг Өлзийсайханы Батсайхан гэдэг. Би Oxford Education Academy ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг. МУИС-ийн ОУХДС-ийг Герман судлалаар, ОХУ-ын Дипломат Академийг, Япон улсын Осака хотын Япон судлалын сургуулийг, СЭЗДС-ийн MBA хөтөлбөрт мастераар тус тус суралцаж төгссөн.

Б.Индра: Намайг Батбаярын Индра гэдэг. Би Бельгийн Вант улсын Ватерлоу хотын Сент Жоны олон улсын дунд сургуулийг төгсөөд Канад улсын Оттава хотын Карлтоны Их Сургуульд Төрийн Удирдлагын Менежмент мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөж ирээд дөрвөн жил ажиллаад Английн Засгийн газрын Чевнинг тэтгэлгээр ИБУИНВУ-ын Лийдс хотын Лийдсийн Их Сургуульд Олон Улсын Инновацын менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо Улаанбаатарын Бритиш Дунд сургуулийн дэд захирлаар ажиллаж байна.

Оxford Education Academy-ийг танилцуулна уу?

Ө.Батсайхан: Oxford Education Academy ТББ нь гадаад хэлний сургалтын тусгай зөвшөөрөлтэй байгуулагдсан, сурч хөгжих эрмэлзэлтэй, дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшиж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэлтэй хүн болгонд зориулагдсан төв юм. Бид Их Британийн Oxford International Education Group, Сингапурын Lee Kuan Yew School of Public Policy зэрэг байгууллагатай хамтран ажилладаг. Бидний гол түнш байгууллага болох Их Британийн Oxford International Education Group нь ИБУИНВУ-д ерөнхий боловсрол, их сургуулийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд англи хэлний олон улсын олимпиад, сурагчдад зориулсан англи хэлний зуны сургалтуудыг зохион байгуулж, англи хэлний багш бэлтгэх төв ажиллуулдаг нэр хүндтэй байгууллага юм. Сингапур улсын Lee Kuan Yew School of Public Policy сургууль нь Төрийн удирдах ажилтан болон Гүйцэтгэх захирлуудыг бэлтгэх сургалт явуулдаг.

Манай сургалтын төвд мэргэжлийн гадаад, монгол багш нар ажилладаг. Бид гадаадын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн оюутан, сурагчдад зөвлөгөө өгч, хэрхэн сайн эсээ бичих талаар, олон улсад зарлагддаг төрөл бүрийн тэтгэлгүүдэд хэрхэн хамрагдах талаар дэмжлэг үзүүлж ажилладаг. Мөн бид залуу үеийнхэндээ тусалж, зөвлөх үүднээс мэргэжлээ бүрэн эзэмшсэн, нийгэмд байр сууриа олчихсон хүмүүсийг хөтөлбөртөө хамруулан ажиллуулж байна.

Танай төвийн сургалтууд юугаараа онцлогтой вэ?

Ө.Батсайхан: Глобалчлагдсан, хурдацтай хөгжиж байгаа энэ эринд гадаад хэлний мэдлэг асар их эрэлт хэрэгцээтэй болж байна. Манай сургалтын төв өнөөгийн нийгэмд шаардлагатай олон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг. Бид төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдын эрхэлж буй ажлын онцлогт тохируулан англи хэлний тусгай мэргэшлийн сургалт явуулдгаараа онцлогтой. Манай төв англи хэлний бүхий л төрлийн гүнзгийрүүлсэн сургалтыг явуулдаг бөгөөд суралцагчдыг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэхэд нь туслах, зуучлах гүүр болж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд бэлтгэх, зөвлөгөө өгөх, төгсөгчдөө нэгтгэн холбож хүний нөөцийн баазыг бий болгож, тохиромжтой ажлын байранд зуучлах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Манай сургалтын төв орчин үеийн шинэлэг интерьер дизайн, зориулалтын анги танхим, тав тухтай орчин, сургалт явуулахад шаардагдах бүхий л техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

British Scholarship 2017 тэтгэлгийн талаар танилцуулна уу?

Ө.Батсайхан: Oxford Education Academy, Английн Элчин Сайдын Яамтай хамтран British Scholarship 2017 тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна. Энэхүү тэтгэлгийн зорилго нь дотоодын ерөнхий боловсролын дунд сургуульд амжилттай суралцаж байгаа, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй 16-17 насны сурагчдыг урилгаар суралцуулж, дэлхийн тэргүүлэгч их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах боломжийг олгох юм.

Манай сургалтын төв Их Британийн боловсролын байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг. Тиймдээ ч бид Английн боловсролын системийг Монголд нутагшуулан дэлгэрүүлэх, монгол залууст илүү ихийг хүргэхэд анхаарлаа хандуулан ажилладаг. Их Британийн боловсролын тогтолцоо нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай боловсролын системтэй тул энэхүү боловсролыг эзэмшсэн хүн ирээдүйдээ хаана ч ажиллах боломж бүрддэг. Мөн Их Британийн боловсрол нь сургалтын заах арга зүй, багш нарын чадвараар дэлхийн топ сургуулиудын жагсаалтад эхний дөрөвт багтдаг.

British Scholarship 2017 тэтгэлгийг санаачлан зохион байгуулагч Oxford Education Academy нь Английн Элчин Сайдын Яамтай зөвшилцсөний дагуу Монгол Улсад 2012 оноос хойш Англи-Уэйльсийн үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Олон улсын Бритиш сургуулиудын зөвлөлийн албан ёсны гишүүн, ИБУИНВУ-ын Боловсролын Яамнаас магадлан итгэмжлэгдсэн Улаанбаатарын Бритиш Дунд Сургуулийг сонгож, тэтгэлэгт сурагчдыг тус сургуульд сургахаар шийдвэрлэсэн. Энэхүү тэтгэлгээр 2017-2019 оны хичээлийн жилд Sixth Form College буюу ахлах сургуулийн нийт 10 хүүхдэд Улаанбаатарын Бритиш Дунд Сургуульд суралцуулах эрхийг олгоно.

British Scholarship 2017 тэтгэлгийг хэрхэн зохион байгуулах вэ?

Б.Индра: Тэтгэлэг горилогчдод дараах шаардлага тавигдаж байгаа. Үүнд: ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангид амжилттай суралцаж байгаа 16-17 настай, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй сурагчид байна.

Тэтгэлгийг гурван үе шаттайгаар явуулна. I шатанд тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй сурагчид сүүлийн хоёр жилийн дүнгийн тодорхойлолтоо сургуулиасаа авч, Oxford Education Academy-ийн байранд очиж Элсэлтийн маягт бөглөн, англи хэл, математикийн шалгалтын хураамжийг төлөөд бүртгүүлнэ. Бүртгэл хаагдах хугацаа 2017 оны зургадугаар сарын 14-ний 14.00 цаг байна. II шатанд материалаа бүрэн гүйцэд, хугацаанд нь бүрдүүлсэн нийт сурагчид англи хэлний болон математик (англи хэл дээр)-ийн түвшин тогтоох хөндлөнгийн шалгалтад хамрагдана. Английн English Language Testing Ltd. байгууллагаас олон улсын стандартын дагуу боловсруулсан онлайн тестээр авах эдгээр шалгалт нь 2016 оны зургадугаар сарын 17, 18-ны Бямба, Ням гарагуудад зохион байгуулагдана. Тус шалгалтуудад хангалттай сайн оноо авсан сурагчид III шат буюу эцсийн шатны ярилцлагад 2017 оны зургадугаар сарын 20, 21-нд орох бөгөөд эцсийн шийдвэр 2017 оны зургадугаар сарын 23-нд гарч, олон нийтэд зарлагдана.

British Scholarship 2017 нь өрсөлдөөнтэй, шударга явагдах зарчмыг хэрхэн хангаж байгаа вэ?

Б.Индра: Бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаад, дотоодын туршлага судлаад, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт тест авах нь хамгийн зөв гэж шийдвэрлэсэн. Тиймээс ИБУИНВУ-д ахлах сургуульд сурагчид элсүүлэхээс өмнө авдаг англи хэл, математикийн шалгалтыг авахаар болсон. Бидний сонгосон English Language Testing Ltd. байгууллага (www.englishlanguagetesting.co.uk) нь эдгээр шалгалтыг Их Британийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран боловсруулсан бөгөөд одоогоор 50-иад орны 200 гаруй байгууллага ашиглаж байгаа юм. English Language Testing Ltd. нь ИБУИНВУ, АНУ, Австралийн Англи хэлний төвүүдийн үндэсний ассоциацийн гишүүн байгууллага юм.

Шалгалтыг онлайнаар авах бөгөөд нэвтрэх мэдээллийн нууцлал өндөр учраас тест урьдчилан задрах боломжгүй. Зохион байгуулагчид бус, шалгалтыг боловсруулсан байгууллага тестийн үнэлгээг хийдгээрээ давуу талтай. Эцсийн шатны ярилцлагыг Их Британийн Элчин Сайдын Яам, Oxford Education Academy, Улаанбаатарын Бритиш Дунд Сургууль болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн комисс хийнэ.

Тус тэтгэлгийн хэрэгжүүлэгч байгууллагаар яагаад Улаанбаатарын Бритиш Дунд Сургуулийг сонгосон бэ?

Ө.Батсайхан: Дээр дурдсанчлан Английн сургалтын хөтөлбөрийг Англид тавигддаг стандартын дагуу хэрэгжүүлж байгаа, Их Британийн Боловсролын Яамнаас магадлан итгэмжлэгдсэн, Олон Улсын Бритиш Сургуулиудын Зөвлөлийн гишүүн байгууллага бол Улаанбаатарын Бритиш Дунд Сургууль юм. Энэ сургууль нь Их Британид багшийн чиглэлээр мэргэшсэн англи багш нартай бөгөөд сургалтын үйл ажиллагаа эрхлэх зориулалтын анги танхим, спорт заал, усан бассейн, орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан байна. Гол нь ахлах ангийн сурагчдад нээгдэж буй нэгэн том боломж нь тус сургуульд А-Level буюу ахлах сургуулийн хөтөлбөрийг амжилттай суралцаж төгссөнөөр хүссэн их сургуульдаа элсэн суралцах гарц нээгдэх юм.

Энэхүү тэтгэлгийг хүүхдүүд авсанаар ирээдүйд нь ямар боломжууд нээгдэх вэ?

Б.Индра: Их Британийн боловсролыг эзэмшинэ гэдэг өөрөө маш том боломж гэж бодож байна.  Британийн ерөнхий боловсролын хөтөлбөрийн сүүлийн хоёр жил буюу Sixth Form сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүдэд Их Британийн дээд сургуулиудад элсэн орох боломж илүү нээлттэй болно. Мөн Их Британийн А-Level буюу ахлах сургуулийн хөтөлбөр нь сурагчдыг их, дээд сургуульд зөвхөн хичээлийн агуулгын хүрээнд бэлдэх бус, цаашид амжилттай суралцахад нь тулгуур болох судалгаа, шинжилгээ хийх арга барил, аналитик сэтгэлгээ, асуудлыг олон талаас харж дүгнэх ур чадварт бэлтгэдгээрээ давуу талтай. Ийнхүү бэлтгэгдээд төгссөн сурагчид дэлхийн хаана ч амьдарч, суралцахад өөртөө итгэлтэй, бие даасан, аливаа зүйлд ул суурьтай ханддаг болж төлөвшсөн байдаг нь ирээдүйн ажил, амьдралд нь үнэлж баршгүй үнэ цэнийг олгодог юм.

Oxford Education Academy-ийн сургалтын төв, Их Британийн боловсрол, мөн зарлагдаж буй British Scholarship 2017 тэтгэлгийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн та бүхэнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Ө.Батсайхан: Баярлалаа. Ирээдүйн оюунлаг, чадварлаг, Монгол улсаа хөгжүүлэх өндөр боловсролтой залуусыг бэлтгэх тал дээр бид байнга шинийг санаачлан идэвх зүтгэлтэй ажиллах болно.

Б.Индра: Баярлалаа. Та бүхэнд мөн амжилт хүсье.

#British Scholarship 2017 #teenagers