Нийслэлийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн энэ оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Уг зөвлөлийн анхны хурал өнгөрөгч гуравдугаар сард зохион байгуулагдахдаа хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн батлан, энэ оны төлөвлөгөөг боловсруулан гаргаж, Нийслэлийн харъяа байгууллагууд, хүүхдийн асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Өнөөдөр болсон энэхүү хуралд нийслэлийн хүүхэд төвтэй байгууллагуудын төлөөлөл болон өсвөрийн хүүхэд залуусын төлөөлөл бүхий хүүхэд багачууд оролцсон юм.
Энэ удаагийн хуралдаанаар зөвлөмж үүргийн дагуу хэрхэн ажилласан талаар тайлагнахаас гадна Хүүхдийн амралт, чөлөөт цагийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр заавруудыг гаргахаар төлөвлөсөн юм. Мөн нийт хүүхдүүдийн өмнө ямар асуудлууд тулгарч байгаа талаар Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүнг танилцуулсан юм. Уг судалгаа нь 11-16 насны 1236 сурагчийг хамруулан хүүхэд оролцоотой хийгджээ.
Судалгааны үр дүнд цаашид авах арга ажлыг дурдвал;
- Шийдвэр гаргах түвшинд хүүхдийг сонсдог өдөртэй болох, саналыг шийдвэртээ тусгах, эргээд мэдээлдэг байх,
- Амьдарч байгаа хороо, дүүрэг, сургуулийнхаа орчинд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх,
- Үе тэнгийн дарамт, хүчирхийллийг бууруулахад чиглэсэн арга ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг юм.
Энэхүү уулзалтад ирсэн хүүхдүүдийн дийлэнх нь “Нийгмийн бүх орчинд насанд хүрсэн хүмүүс, шийдвэр гаргагчид хүүхдийг сонсон зөвлөлддөг байвал тэдний төлөө үйл ажиллагаа үр дүнтэй болно” гэсэн саналыг илэрхийлж байлаа.
ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АМЬДРАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛНЭ
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд
-Хүүхдийг ивээх сангаас хийсэн судалгааны үр дүнд хүүхдэд нэн түрүүнд аюулгүй орчныг бий болгох, сургууль болон гэр бүл, нийгмийн орчинд айдасгүй, дарамтгүй байхыг сануулжээ. Бидний өмнө нь ярьж байсан асуудлууд ч энэхүү судалгааны дүнд харагдаж байгаа нь асуудлыг улам баталж байна. Тиймээс хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа хийхдээ тэдний дуу хоолойг сонсох, тулгарч буй асуудлыг даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Бид л үр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй, айдасгүй амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх ёстой, бид тэгж л амьдармаар байна. Тиймдээ ч Нийслэлийн Хүүхдийн төлөө Зөвлөл үүний төлөө ажилладаг. Нийслэлийн засаг даргын хувьд би өмнө нь гарсан захирамжуудыг хүчингүй болгож чадахгүй ч орон сууц, хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбай, амрах газрыг нурааж барилга барихыг зөвшөөрөх захирамжийг гаргахгүй.
“ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА”
Судалгаанд оролцсон, сурагч Т.Ариунбаяр
Өнөөдөр бидний хувьд баярын өдөр. Ингэж хэлэхийн учир нь бид тэр бүр Нийслэлийн засаг дарга, шийдвэр гаргах түвшний хүмүүстэй уулзах боломж гарахгүй. Тиймээс бид өөсрдөдөө тулгардаг асуудлыг судалгааны үр дүнгийн хамтаар биечлэн танилцуулж байгаадаа баяртай байна. Нийт 9 дүүрэг, 14 сургуулийн сурагчид болон тусгай хэрэгцээ шаардлагатай буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс энэхүү судалгааг авсан. Тэдэнд тулгарч буй асуудал бүрийг нарийвчлаад үзэхээр бүгдийг нь шийдвэрлэж болохоор санагдаж байна. Жишээ нь, хүүхэд өөрийн биеийн хэмжээнээс болоод ялгаварлагддаг. Усанд бассейнд эсвэл халуун усны газар ороход том биетэй бол том хүний тарифаар ордог. Мөн зарим хүүхэд сургууль дээрх үйл ажиллагаанд хувцас хэрэглэл, мөнгөгүйгээсээ болоод оролцож, цаашлаад хөгжиж чаддаггүй. Нийт 10 хүүхэд тутмын 8-9 нь томчуудад үзэл бодлоо илэрхийлэхийг хүсдэг ч тийм боломжгүй, боломж байлаа ч хомс гэж хариулжээ. Тэгэхээр хүүхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байна гэдэг нь өөрсдийн эрхийг хамгаалуулах, зөрчлийг арилгуулах, томчуудаас авах туслалцаа дэмжлэг хаагдаж байна гэсэн үг. Нэн түрүүнд энэхүү асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТДӨГ ХҮҮХДҮҮД БИЙ”
Судалгаанд оролцсон, сурагч Б.Батчимэг
Судалгаанд оролцсон нэгэн охин “Намайг автобусанд явж байхад том ах нар суганы завсраар гараа хийх, илж таалах гэх мэт үйлдлүүд мэр сэр хийдэг. Энэ нь надад маш их дарамттай байдаг” гэсэн байсан. Уг үйл явдал зөвхөн энэ охинд тохиолддоггүй. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 4.1% нь ялангуяа орой цагаар нийтийн тээврээр зорчихдоо бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртдөг, цахим орчинд том хүн бэлгийн харилцаанд орох талаар ярилцах гэж оролдсон гэсэн дүн гарсан. Тэгэхээр энэ бол зөвхөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн дунд гарсан тоон үзүүлэлт, нийт хүүхэд охидын хувьд гэж үзвэл маш өндөр тоо юм.
Сургуулиас гэр хүртэлх зам зөвхөн охидод гэлтгүй, хөвгүүдэд ч аюулгүй, айдасгүй байх ёстой. Хүүхдүүдэд ЕБС, мэдээлэл зүйн хичээл дээр нь цахим орчинг зохистой ашиглах гэх мэт агуулгыг оруулж өгч болно. Мөн зам талбай, нийтийн тээврийг камержуулах, илүү сайн хяналттай болгох хэрэгтэй.
Сонирхуулахад, жил бүрийн тавдугаар сарын сүүлийн Лхагва гараг бүрийг хүүхэд бүрийн дуу хоолойг сонсох өдөр болгон зарлаж Нийслэл, дүүрэг, хорооны захиргаа хүүхдүүдээ сонсдог өдөртэй болгох тогтоолын төслийг танилцууллаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх