Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би өөрийнхөө сэтгэлийг илчилж чадахгүй явсаар хоёр жил болжээ
Сайн байна уу. Би одоо 12-р ангид сурдаг. Ноднин жилээс би ангийнхаа нэг хөвгүүнд сайн болсон. Гэхдээ өөрийнхөө сэтгэлийг хэлж чадахгүй байсаар хоёр жил болж байна. Бусад хүмүүс биднийг дандаа холбож гоё тохирох хосууд гэдэг ч тэр үнэндээ намайг зүгээр л сайн найзыгаа л гэж хардаг байх. Гэхдээ түүнийг мартаж чадахгүй байна. Би яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Татгалзсан хариу өгвөл түүнийг хүндлээд бас өөрөө ч хүндээр тусгалгүй урдынх шигээ найзууд байгаарай
Сайн байна уу, захидал ирүүлсэнд баярлалаа. Тэр намайг сайн найзаа гэж хардаг байх гэдэг нь чиний таамаглал, энэ нь үнэн ч байж болно эсвэл худал ч байж болно. Яг чамтай адил шалтгаанаар зөвлөгөө авахыг хүссэн маш олон өсвөр насныхан байдаг. Тэдний зарим нь сэтгэлээ илчлэхээр шийдэж үйлдэл хийдэг, харин зарим өөртөө хадгалж үлдэхээр шийддэг. Аль ч тохиолдолд давуу болон сул талтай.
Сэтгэлээ илчиллээ гэж бодоход хүлээж авахгүй байх эрсдэл, чиний нууцыг задлах эрсдэл, өмнөх шигээ харилцахаа больж хөндийрөх эрсдэл гээд олон тооцоолж үзэх хэрэгтэй зүйлс байна. Харин сэтгэлээ илчлэлгүй өөртөө хадгалж үлдэхээр болбол тэр мөн адил чамд сайн байсан бол яах вэ гэх бодол, сүүлд эргээд бодоход харамсах сэтгэл төрж магадгүй. Тэгвэл чиний хувьд хамгийн зөв сонголт нь эргээд бодоход харамсахгүй бас өөрийгөө эрсдэлд оруулахгүй байдлаар шийдэх арга замыг олох юм. Түүний үйлдлүүдийг ажиглах, чамд хандаж буй хандлагыг ажиглах, найзуудаас нь мэдээлэл цуглуулах гэх мэт. Хэрвээ эдгээрийг ажиглаад чамд таатай ханддаг мэт санагдвал хамт кино үзэхээр уриад үз. Ялангуяа Ази, Европын соёлд эмэгтэй нь түрүүлж урих нь хэвийн үзэгдэл. Эсвэл хамт хичээлээ давтахыг ч хүсэж болно.
Та хоёрын хувьд мэргэжлээ сонгох, шалгалт өгөх чухал цаг хаяанд ирээд байна шүү дээ. Хэрвээ тэр зөвшөөрч та хоёр хамт цаг өнгөрүүлэх боломж гарвал сайн хэрэг, чамд түүнтэй байхад ямар мэдрэмж төрж байна, хэр тухтай байна гэдгийг мэдэж чадна. Харин татгалзсан хариу өгвөл түүнийг хүндлээд бас өөрөө ч хүндээр тусгалгүй урьдынх шигээ найзууд байхад хангалттай. Амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх