ӨГҮҮЛЛЭГ: Чамд аз жаргал хүсье!


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-05-16

-ӨГҮҮЛЛЭГ-
“Сэлгээнд тоглодог сэхээний охин” өгүүллэгийн 2-р хэсэг

“Намайг уучлаарай, Би одоо эмнэлгийн чинь гадаа байна ...”

Намар үнэхээр муухай улирал шүү. Хавар ч ялгаагүй. Хүйтэн ч биш халуун ч биш зэвэргэн, нэг л жихүүцэм. Яг л түүн шиг. Намар болохоор түүнтэй анх танилцсанаа дурсаж, хавар болохоор түүнээс хагацсанаа дурсана. Амьдрал өөрөө өнгөрсөн одоо ирээдүйн гурвалжин, хар цагаан сүлэгдэн орших томоос том тогоо мэт.

Тэр өдөр, “Намайг уучлаарай, Би одоо эмнэлгийн чинь гадаа байна ...” гэх тэр зурвас ирсэн өдөр л би итгэх ёсгүй байсан юм. Тэр өдөр л бүхнийг дуусгах байсан юм...

...Утсаа шүүрч аваад нүдэндээ нулимстайгаар зурвасаа уншлаа. Уншсан даруйдаа эмнэлгийн хувцастайгаа ч мартан шууд л гадагш гаран гүйв. Тэр эмнэлгийн урд талын модон сандал дээр сууна. Би аажуухан дөхлөө. Намайг ирж байгааг анзаарсан тэрээр сандлаасаа босож урдаас минь алхсаар. Нөгөө л царай, нөгөө л дүр төрх. Яг тийм гэж хэлэхийн аргагүй ойлгомжгүй хоосон нүд хоосон царай.

Санаа зовоод ч байгаа юм шиг, арчаагүй ч юм даа гэж тавлаад ч байгаа юм шиг нөгөө л сэтгэл хөдлөлгүй байдал. Урдаас минь харан зогсох тэрээр ам нээж “Бие чинь зүгээр үү? Намайг уучлаарай.” гэх хоёрхон өгүүлбэрийг л хэллээ. Би яах ёстой байсан гэж? Өөрийн биеэр ирж уучлалт гуйж байхад нь хөөх байсан гэж үү? Магадгүй энэ зүгээр л шалтаг байх. Түүнийг үргэлжлүүлж хайрлах гэсэн жирийн нэгэн шалтаг төдийхөн. Би түүнийг уучилчихсан. Тоглоом тохуу хийснийг нь, хуурамч байсныг нь уучилчихсан. Уучилж сурна гэдэг хамгийн агуу зүйл гэдэг. Гэвч уучлалт гэдэг заримдаа илүү их зовлонгийн эхлэл болдог юм билээ.

Түүнээс сайхан үг сонсож, халамжлуулж хайрлуулж байгаагаа мэдрэх надад сайхан байсан. Орой болгон “сайхан амраарай”, өглөө бүр “сайхан амарсан уу” гэх зурвасны дуугаар сэрж унтах яг л зүүд шиг байсан. Гэртээ оройтож харих үед минь хоолоо идсэн үү хоолоо сайн идээрэй гэж санаа тавин, сэтгэлээр унах үед урт ойлгомжгүй яриаг минь тэвчээртэйгээр сонсож зөвлөгөө өгөөд л... Хэн нэгэн миний тархин дотор болж байгаа замбараагүй их бодлыг минь сонсохыг хүсэх хэчнээн сайхан гээч.

Төрсөн өдөр маань болж байлаа. Хичээлийн эхний цаг. Түүнээс “Чи яаж чадаж байна аа. Чи яагаад ингэж байгаа юм бэ? Би одоо үнэхээр тэнэг байдалд орчихлоо. Яг одоо гараад ир.” гэсэн түгшүүртэй зурвас ирэв. Юуг буруу хийснээ ойлгоогүй би уурлаж ундууцсаар ангиас гарахад тэр урдаас минь шүдэнд орсон мах нүдэнд орсон шороо мэт харахын муухайгаар харж зогслоо. Би “Яав яасан?” гэж дургүйхэн ойртвол тэрээр “Чи яасан муухай юм бэ? Өнөөдөр төрөөд байхдаа яадаг юм.

Төрсөн өдрийн мэнд” гээд гэнэн цайлганаар инээдэг байгаа. Ингэж хэлнэ чинээ санаагүй би цочролд орж баярласандаа шууд л хүзүүгээр нь тэврээд авлаа. Тэр ч хариу тэврэв. Түүнийг анги руугаа явсны дараа би ариун цэврийн өрөө орж хаалгаа түгжин уйлж эхлэх нь тэр. Би дэндүү их баярласан, энэ нь түүнээс гарч буй хамгийн том хичээл зүтгэл мэт санагдсан. Тэр миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт. Гэвч жаргалтай мөч удаан үргэлжлээгүй.

Энэ явдлаас хойш яг маргааш нь зүрх зүсэм аймшигтай мэдээ сонссон юм. Тэр найз охинтой болчихож. Би түүнийг одоо хэнд ч алдахгүй гэдэгтээ ямар их итгэлтэй байсан гээч. Гэвч алдчихсан л юм даа. Нэг охинтой дотно байгааг нь анзаарч байсан ч түүнд дэндүү их итгэдэг болохоороо анзаараагүй мэт царайлдаг байсан минь алдаа болчихож. Миний хоёр жилийн турш атгаж үзээгүй гарыг гэнэтхэн гараад ирсэн тэр охин атгаж, миний хоёр жил тасралтгүй хайрласан ч хүртэж чадаагүй түүний хайрыг тэр охин хүртэж, найзын журмаар тэвэрч байсан тэврэлт минь хэнд ч хэрэггүй болж тэр өөр охиныг тэврэх болсон. Гэвч тэр надаас нуусаар л.

Тэгээд болсон гэж бодож байна уу? Үгүй дээ тэгээд болсон бол хамаагүй дээр байх байлаа. Харамсалтай нь тэр бас нэг охинд үерхэх санал тавьж бас нэг охиныг өөртөө татаж бас нэг охиныг хуурч явсан юм. Тэр охин нь надад өөрөө бүхнийг хэлсэн. Ингээд гурав боллоо. Хоёр ч бай гурав ч бай хамаагүй ээ. Би уучилж чадах байсан.

Гэвч хоёр ч биш гурав ч биш дөрөв. Би энэ үед л түүнийг гайхахын эрхээр гайхаж байлаа. Түүнд зүрх сэтгэл гэж байдаг болов уу? Тэр хуучин найз охинтойгоо одоо ч холбоотой байсан бөгөөд бас л буцаж нийлэхийг гуйжээ. Надад энэ бүхэн дэндүү хүнд хэцүү харгис байв. Би ганцхан өөрийгөө сэлгээний тоглогч гэж боддог байсан боловч түүнд хэд хэдэн тийм тоглогч байжээ. Магадгүй ингэж танилцаж дотносох ёстой ч байсан юм уу? Хачирхалтай нь түүний хуучин найз охин бид хоёр нэгнээ сайн ойлгодог их сайн найзууд болсон юм. Тэр үүнийг мэдээгүй бололтой хоёр талд өөр юм ярьсаар л. Магадгүй дөрвөн талд ч юм уу? Түүний надад хэлсэн тэр үгийг би хэзээ ч мартахгүй.

“Би биш та нар л тэнэг байна. Одоо ингээд тэнэгтээд явж л байхаас даа” гэсэн энэ үгс зүрхийг минь юу ч үгүй сийчих шиг л болсон. Би яг юу буруу хийсэн юм болоо? Түүнийг хайрласан нь буруу гэж үү? “Би ганцхан чамайг хайрладаг. Надад ганцхан  чи байдаг болохоор битгий дэргэдээс минь холдооч” гэж гуйгаад байхад амлалт өгсөн хэрнээ амлалтдаа хүрээгүй түүнд итгэсэн хэвээрээ итгэл хүлээлгэсээр...

Энэ үг, энэ бүхний дараа  ч  хайрласаар хавар дуусаж ахлах сургуулиа төгссөн сэлгээнд тоглодог сэхээний охин зүрхний хагалгаанд орохоор АНУ руу хэл чимээгүй гэнэт явчихсаныг тэр бүр хожим л мэдсэн байх. Магадгүй одоо ч мэдээгүй байх.

Чи мэдэрч байна уу? Чамайг 10 жилийн турш хайрласан нөгөө ангийн чинь зүрх муутай сэхээний охин одоо дэргэд чинь суугааг мэдэрч байна уу? Тэр үед тоглоод орхисон охиныхоо хажууд зэрэгцэн суугаагаа мэдэж байна уу? Би дахиж чамтай хуруу хүрэм ойрхон зайд суугаа хэрнээ сэтгэл зүрхээрээ асар хол байж чадсангүй.

Даашинзынхаа дээрээс нөмөрсөн алчуураараа цээжин дээрх хагалгааны сорвио далдлан цүнхийг минь барин зогсох нөхрөө сугадаад цааш алхлаа. Дэргэд чинь суух тэр бүсгүй ядам хуруундаа бөгжтэй юм байна. Магадгүй одоо яг үүн шиг бөгжийг хэдэн бүсгүй хараад чамайг бодон инээмсэглэж суугаа бол? Чамд аз жаргал хүсье. Хацар нь хонхойн инээмсэглэх түүний царай нүдэнд харагдсаар л...

2017.05.13

 “Сэлгээнд тоглодог сэхээний охин” өгүүллэгийн 1-р хэсгийг унших бол ЭНД дарна уу.

#Story #happiness #teenagers