"УЛААНБААТАР СИТИ” хаалгаа хуурай манаж Дэрэнг хожлоо


Үжин | YOLO.MN
2017-05-08

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хоёрдугаар тойргийн дөрвөн тоглолт амралтын өдрүүдэд явагдах хуваарьтай байснаас хамгийн сүүлийнх нь “Дэрэн”, “Улаанбаатар сити”-ын хооронд боллоо.

Баг өнгөрсөн жил үндэсний дээд лигийн хүрээнд хоёр удаа тоглоход “Дэрэн” 1:0, 1:4 гэсэн үр дүнгээр хожоод байсан юм. Тэр ч утгаараа өнөөдрийн тоглолтод “Улаанбаатар сити” дараалан хожигдсон хариугаа авч хожих хүсэлтэй талбайд гарсан бол “Дэрэн” лигийн анхны хожлоо авах зорилготой байв.

Үндсэн цагийн эхнээс эн тэнцүү сонирхолтой тоглолт өрнөж, нэгдүгээр үе дуусахтай зэрэгцэн “Улаанбаатар сити” клубийн хагас хамгаалагч Ж.Сүндорж торгуулийн талбайн гаднаас нэгэн гоёмсог гоолыг орууллаа. Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Эрчим” клубээс “Улаанбаатар сити”-рүү шилжсэн Ж.Сүндорж энэ тоглолт хоёр гоол оруулах хувьтай байлаа.

Өөрөөр хэлбэл тэрбээр шийдвэрлэх үеийн 48 дахь минутад өөрийн болон багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм. Эхний тойрогт хоёр гоолыг өөрийн нэр дээр бичүүлээд амжсан Ц.Түмэнжаргал 70 дахь минутад бужигнаан дундаас “Дэрэн”-ийн хаалганы торыг хөдөлгөлөө. Тийнхүү “Улаанбаатар сити” үндсэн цаг дуустал гурван гоолын давамгайллаа хадгалан, зургаан оноотой боллоо.

#football #sport #teenagers