YOLO.mn сайтын өсвөрийн сэтгүүлчдийн уулзалт боллоо


Сондор | YOLO.MN
2017-05-05

Өсвөр насныханд зориулсан YOLO.mn сайт үүсгэн байгуулагдаад даруй нэг жил болжээ. Бид хүүхэд залуус та бүхэнд мэдлэг олгох, эрч хүч, урам зориг өгөх мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлагыг бэлтгэн хүргэхийг эрмэлздэг билээ.

Тэдгээрийн багагүй хувийг та бүхний үе тэнгийн хүүхдүүд буюу өсвөрийн сэтгүүлчид бэлтгэн нийтэлдэг. YOLO.mn сайтын нийт 17 өсвөрийн сэтгүүлч уулзаж, хүүхэд залууст ямар мэдээ мэдээллийг цаашид хүргэх талаар ярилцаж, сэтгүүлзүйн анхан шатны мэдлэгийг олж авлаа.

Сонирхуулахад, манай өсвөрийн сэтгүүлч болоход YOLO.mn сайтын үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. wink









 

“ҮЕ ТЭНГИЙНХЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ НЬ НИЙГЭМД ОРУУЛЖ ЧАДАХ

БИДНИЙ ХАМГИЙН ТОМ ХУВЬ НЭМЭР”

 

МУИС-ОУХНУС 1-р түвшний оюутан О.Оюун-Эрдэнэ:

Надад тохиолдсон хамгийн том боломжуудын нэг, намайг илэрхийлэх зүйлсийн томоохон бүрдэл YOLO.mn сайтынхаа нэг хэсэг болсондоо би туйлын их баяртай байдаг. “Дэлхий миний үзэл бодлыг сонсох өдөр ирнэ ээ!” гэж өөртөө шивнэж, ирээдүйдээ итгэж явдаг хүний хувьд энэ талбар маш том эхлэл, туршлага, боломж болж өгсөнд бас дахин нэг удаа талархлаа илэрхийлье. Мөн  хичээл зүтгэл, үзэл бодол, бичвэр, зөвлөмж, ярилцлагыг минь үргэлж үнэлж, дэмжиж байдаг уншигч үе тэнгийнхэндээ маш их баярлаж явдгаа ч бас энэ ташрамд хэлмээр байна.


“Амгалан цогцолбор” сургуулийн 11-р ангийн сурагч Т.Ариунбаяр:

YOLO.mn сайт бол миний хөгжих боломж байхын зэрэгцээ нийгэмд оруулж чадах хамгийн том хувь нэмэр гэж би ойлгодог. Мэдэхгүй байдаг, мэдэхийг хүсдэг, мэдэх шаардлагатай тэр зүйлсийг үе тэнгийнхэндээ хүргэж, түүгээрээ тус болж чадна гэдэг нь маш том боломж, хариуцлага, нөгөөтэйгүүр сайн үйл гэж би бодож байна. Цаашдаа илүү чанартай, зөв мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэхийн төлөө хичээх болно оо. Баярлалаа.


 

“Улаанбаатар Эмпати” сургуулийн 11-р ангийн сурагч Э.Цовоо:

Би өнөөдөр анх удаа YOLO.mn-ний өсвөрийн сэтгүүлчдийн сургалтад хамрагдлаа. Надад маш их таалагдсан. Сэтгүүлч хүүхдүүд маань их элэгсэг дотно хөгжилтэй хүүхдүүд байлаа. Бид хэрхэн нийтлэл бичих, юун дээр алдаж болзошгүй вэ, сэтгүүлч хүн ямар байх ёстой вэ гэх зэрэг маш олон зүйл сурж авлаа. Мөн сургалтын дараа бид өдрийн хоол хамт идэнгээ сонирхолтой зүйлсийн талаар ярилцаж, цагийг зугаатай өнгөрөөв. Би YOLO.mn-ний нэгэн хэсэг болсондоо маш их баяртай байна.


 

“Амгалан цогцолбор” сургуулийн 11-р ангийн сурагч М.Батчимэг:

Би ирээдүйд сэтгүүлч болохыг хүсдэг. YOLO.mn надад мөрөөдөлдөө хүрэхэд минь олон боломж, чадамжийг нээж өгч байгаа нь сайхан. Цаашдаа уншигч хүүхдүүд та бүхэндээ хэрэгтэй мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх болно.

 

 


44-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Намуун:

Би өдөр бүрийг мөрөөдөж өнгөрөөдөг. Ерөнхийдөө мөрөөдөгч гэж тодорхойлж болно. Тэр мөрөөдлийн маань нэг бол сэтгүүлч болох юм. Энэ мөрөөдлийн минь эхлэлийг тавьж өгсөн YOLO.mn-дээ маш их баярладаг. Мэдээ бэлдэх, сурвалжлага ярилцлага хийх талаарх сургалтанд хамрагдсанаараа дутуу дулимаг зүйлээ мэдэж сурч авлаа. Нийгмийг сэрээгч нь сэтгүүлчид байдаг. Ирээдүйн нийгмийг сэрээх өсвөрийн сэтгүүлчтэйгээ уулзаж халуун дотно яриа өрнүүлэн туршлага хуримтлуулсандаа баяртай байна


“Сант” сургуулийн 11-р ангийн сурагч Т.Оюунномин:

Юуны өмнө YOLO.mn-ийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Өсвөрийн сэтгүүлч болсноороо өөртөө маш том хөрөнгө оруулалт хийж, маш олон шинэ зүйлсийг сурч байна гэсэн үг юм. Сэтгүүлч гэдэг мэргэжлийн сайхныг бага ч атугай мэдэрч, үе тэнгийнхэндээ сурталчлах завшаан олдсондоо баяртай байна. “Монгол Kонтент” ХХK-ийн ах эгч нартаа болон үргэлж тусалж дэмждэг редактор Б.Нямдарь эгчдээ баярлалаа.

 


“Амгалан цогцолбор” сургуулийн 11-р ангийн сурагч А.Анун:

YOLO.mn сайтын өсвөрийн сэтгүүлч найзуудтайгаа болон редактор Б.Нямдарь эгчтэйгээ маш олон зүйлын талаар ярилцаж зөвлөгөө авсандаа маш их баяртай байна. Сурах хийх зүйл их байсан мэдээгүй зүйлээ мэдэж тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл авсандаа талархаж байна. Цаашдаа улам хичээж сураагүй мэдээгүй зүйлээ бүгдийг мэдэж бусаддаа, уншигчиддаа түгээх болно.

 

YOLO.mn сайтын өсвөрийн сэтгүүлч болох хүсэлтэй хүүхдүүд манай фэйсбүүк хуудсаар ЭНД дарж холбогдоорой.

#Teenagers #YOLO #journalists