Ч.Эгшиглэн: “Чаддаг, мэддэг болъё” гэж өөрийгөө дайчилж байж зорилгодоо хүрнэ


(Ч.Эгшиглэнгийн гэрэл зургийг түүний фэйсбүүк хуудcаас авав)

“Нэг сурагч, нэг багш, нэг ном, нэг үзэг дэлхийг өөрчилж чадна” гэж дэлхийн хамгийн залуухан Нобелийн шагналтан, охидын сурч боловсрох эрхийн төлөө тэмцэгч Малала Иосуфзай хэлсэн байдаг.

Боловсрол бол ялгаатай байдлыг үгүй хийх дэлхийн хамгийн хүчирхэг хэрэгсэл учраас бидний боловсрол эзэмших зорилго, чанартай боловсрол эзэмшихийн төлөөх тэмцэл өнөөгийн нийгэмд хамгийн хүчтэй тэмцлүүдийн нэг болж хувирсан. Хэрвээ хүсэх л юм бол, хэлийг нь сураад шалгалтыг нь өгчих л юм бол Харвард холын хол, биелэгдэшгүй мөрөөдөл биш юм шүү гэдгийн нотолгоо болж үе тэнгийнхэндээ үлгэр дууриалал болж байгаа Ч.Эгшиглэн энэ удаагийн ярилцлагын маань зочин байлаа.

Сонирхуулахад бид өмнө нь түүний Дэлхийн сурагчдын мэтгэлцээний тэмцээнд багаараа гуравдугаар байрт шалгарч байсан мэдээллийг хүргэж байсан билээ.

YOLO: Уншигч хүүхдүүдэд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
Сайн байна уу? Намайг Чулуухүүгийн Эгшиглэн гэдэг. 18 настай. 11-р анги хүртлээ Хобби сургуульд сурч байгаад жил хагасын өмнө Австрали улсын Канбэрра хот руу гэр бүлийнхээ хамт нүүж ирсэн. Энд 12-р ангиа төгссөн.

YOLO: Харвард, Стэнфордын их сургуульд тэнцсэнд баяр хүргэе. Энэ тухайгаа яриач?
Баярлалаа танд. Харвард, Стэнфордын их сургуулиуд хамгийн цөөн тооны сурагчид тэнцдэг хоёр сургууль учраас эхэндээ их эмээж байсан. Миний 4, 5 жилийн турш зүтгэн тэмүүлж ирсэн зорилго болохоор тэнцсэнээ мэдээд үнэхээр их баярласан. Гэхдээ их сургуульд тэнцэх нь миний ирээдүйн мөрөөдлийн зөвхөн эхний алхам нь юм. Дараагийн дөрвөн жилд бүр ч сайн хичээж, энэ том боломжийг бүрэн эдлэх зорилготой байна.

YOLO: Аль сургуулийг нь сонгох гэж байгаа вэ?
Яг одоо аль сургуульд явахаа эцэслэн сонгоогүй байна. Ерөнхий чанарын хувьд энэ хоёр сургууль хоёулаа ижил тэнцүү боловч, тус бүр өөр өөрийн онцлогтой юм. Харвардын их сургууль нь ерөнхийдөө эдийн засаг, улс төр гэх мэт хүмүүнлэгийн ухааны судлалаар давамгайлдаг бол, Стэнфордын шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр нь илүү байдаг. Сургалтын чанараас гадна сургууль тус бүрийн уур амьсгал, багш оюутны хамт олон, аюулгүй байдал гэх мэт зүйлсийг харьцуулж байгаад энэ сарын эцсээр шийдвэрээ гаргана.

YOLO: Ямар мэргэжлээр сурах гэж байгаа вэ?
Химийн инженерийн мэргэжлээр суралцах төлөвлөгөөтэй байна. Багаасаа матетамик, шинжлэх ухааны хичээлд их дуртай байсан. Мөн миний ирээдүйн зорилготой шууд хамааралтай мэргэжил байгаа юм. Америкийн сургуулиуд үндсэн мэргэжлийнхээ зэрэгцээ дэд мэргэжил эзэмших боломж өгдөг. Энэ боломжийг ашиглаад улс төр судлалаар суралцах бодолтой байна.

YOLO: Эдгээр сургуулиудад тэнцэхэд чиний ямар зан чанар нөлөөлсөн гэж бодож байна вэ?
Ямар ч зорилгoд хүрэхийн тулд хамгийн түрүүнд хэцүү бүхнийг даван туулах тэсвэр, тэвчээр хэрэгтэй. Жишээ нь, би SAT-ын шалгалт дээр санаснаасаа доогуур оноо авах үед, бас төгсөх жилдээ анги хамт олноо орхин шинэ сургуульд шилжиж ирэхэд өөртөө итгэх итгэл алдарч, бууж өгмөөр санагдаж байсан. Тийм үе тулгарахад зөвхөн өөрийнхөө төлөө биш, эх орон, гэр бүлийнхээ төлөө зүтгэж байгаагаа санаж өөрийгөө дайчилсан.

Үүн дээр нэмээд би үргэлж шинийг сурч, илүүг бүтээх эрмэлзэлтэй явдаг. Ахлах ангидаа хичээлийнхээ хажуугаар мэтгэлцээн, TEDx, ротаракт клуб, бүжиг, жүжгийн тэмцээн гээд төрөл бүрийн үйл ажиллагаанд их оролцдог байсан. Нийгмийн идэвхи, манлайлах чадвар, хичээлээс гаднах амжилтуудыг Америкийн их дээд сургуулиуд их үнэлдэг юм билээ. Энэ нь миний тэнцсэний нэг шалтгаан байж болох юм.

YOLO: Одоо Австрали улсад суралцаж байгаа гэсэн, энэ талаараа яривал?
Канбэрра хотод сурч байгаад хэдэн сарын өмнө 12-р ангиа төгссөн. Австралид хичээлийн жил нь хоёрдугаар сард эхлээд арваннэгдүгээр сард дуусдаг юм. Австралийн дунд боловсролын сертификат болон “International Baccalaureate” буюу олон улсын баклаварын дипломын шаардлагыг зэрэг гүйцээсэн.

Анх “Хобби” сургуульд байхдаа мэтгэлцэж эхэлсэн, энд ирээд үргэжлүүлж хичээллэсэн. Өнгөрсөн жилийн долдугаар сард улсын мэтгэлцээний багт шалгарч Герман улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.

YOLO: Хэлний шалгалтууддаа хэр хугацаатай, ямар техникээр бэлдсэн бэ?
SAT-ын ерөнхий шалгалтандаа хоёр жил орчим бэлдсэн. Энэ шалгалт нь бичих, унших, тоо бодох гээд олон чадвар сорьсон том шалгалт учраас эртнээс бэлдэж эхлэх нь чухал.

SAT, ТОEFL, IELTS гээд ямар ч шалгалтанд бэлдэхэд дасгал тест ашиглаж давтах нь их үр дүнтэй байдаг. Долоо хоногт 2-3 цаг сууж дасгал тест ажилладаг байсан. Тэгж асуулт хариулах хурдаа сайжруулахгүй бол SAT-ын ерөнхий шалгалтыг цагтаа амжиж дуусгах их хэцүү байдаг. Мөн унших, бичих чадвараа сайжруулахын тулд уран зохиолын ном англиар уншдаг байсан. Онлайнаар хайвал олон ном үнэгүй олддог.

YOLO: Эссе хэрхэн бичдэг арга барилаасаа хуваалцаач?
АНУ-ын шилдэг их дээд сургуульд өргөдөл явуулахдаа 2-3 эссе бичих шаардлагатай байдаг. Эдгээр эссэг бичихдээ өөрийнхөө зан чанар, хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил буюу товчоор хэлэхэд өөрийгөө яг ямар хүн болохоо таниулах зорилготойгоор бичих нь чухал. Чамтай өрсөлдөж байгаа 40 мянга гаруй сурагчдаас юугаараа онцгойрч чадахаа сайн бодож тэрийгээ эссэндээ тусгаж бичих хэрэгтэй. Эссегээ бичиж эхлэхээсээ өмнө Харвард гэх мэт шилдэг их дээд сургуулиудад тэнцсэн сурагчдын бичсэн эссэг олж уншиж өөрийнхөө эссэ бичих чадварыг сайжруулсан.

YOLO: Мөрөөдлийнхөө тухай бидэнтэй хуваалцаач?
Монгол залуу хүн бүрийн адил эх орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах мөрөөдөлтэй явдаг. Улс төрийн тогтворгүй байдал, Улаанбаатар хотын агаарын бохирдол, эдийн засгийн хямрал гээд болохгүй зүйл олон байна. Гэхдээ энэ бүхний шийдлийг залуучууд бид олж бүтээж чадна гэж боддог. Тиймээс их сургуулиа төгсчихөөд сурч мэдсэн бүхнээ эх орныхоо төлөө зориулна.

YOLO: Гадаадад боловсрол эзэмшсэний давуу талын талаар юу гэж боддог вэ?
Харвард, Стэнфорд гэх мэт их сургуулиудад суралцсанаар дэлхийн хамгийн чанартай боловсрол эзэмших боломжтой болно. Өөрсдийнхөө мэргэжилд манлайлагч болох багш, илтгэгч нараас суралцаж, хамгийн сүүлийн үеийн техник технологитой анги, лабораторт хичээллэснээр Монголд олдохгүй мэдлэг туршлагыг авчрах чадвартай болно. Мөн олон улс орны оюутнуудтай цуг сурч, хамт амьдарснаар шинэ хэл, соёлтой танилцаж ирээдүйн хүрээллээ өргөтгөх боломж нээгдэнэ.

YOLO: Тэтгэлгийнхээ талаарх мэдээллийг хуваалцвал?
Харвард, Стэнфордын их сургуульд суралцах тэтгэлэг авсандаа мэдээж маш их баяртай байгаа. Ep нь АНУ-ын шилдэг их сургуулиуд тэнцсэн оюутнууддаа санхүүгийн туслалцаа их хэмжээгээр үзүүлдэг. Жишээлбэл, Харвардын их сургууль нь жилд 65 мянган ам доллароос бага орлоготой гэр бүлүүдэд 100% тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт хамрагдахын тулд "CSS Profile" болон "IDOC Packet" гэдэг хоёр материал бүрдүүлж баталгаажуулах шаардлагатай. Үүнд өрхийн орлого, зарлага, мөн гэр бүлийнхээ хадгаламжийн талаарх мэдээллийг тайлагнах хэрэгтэй байдаг.

YOLO: Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Хичээлгүй үедээ ойр хавийн сургуульд мэтгэлцээний хичээл зааж, сайн дурын ажил их хийдэг. Үүнээс гадна, чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлдэг. Дүү бид хоёр нийлж хөгжим дарж, кино их үздэг. Боломж гарвал усан сэлэлтээр хичээллэх, төрөл бүрийн галлерей, музей очиж үзэх дуртай.

YOLO: АНУ-д сурах хүсэлтэй үе тэнгийнхэн олон байгаа байх. Эдгээр хүүхдүүдэд хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?
Хамгийн түрүүнд зөвлөх зүйл бол үндсэн хичээлээсээ гадна клуб, олон нийтийн үйл ажиллагаа, дугуйланд оролцох хэрэгтэй. АНУ-ын их сургуульд тэнцэхэд хичээл, ажлаа зөв зохицуулахын зэрэгцээ чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж байх нь чухал. Дуу хөгжим, спорт, уран зураг гээд хүссэн ямар ч сонирхлоо дагаж болно. Гол нь түүндээ тууштай оролцож, өөрийнхөө авьяас чадварыг дээшлүүлье гэсэн тэмүүлэлтэй байх хэрэгтэй.

ЕБС-ийн сурагчдад хандаж хэлэхэд Зориг сангийн зохион байгуулдаг “MYSP” буюу “Монголын залуу эрдэмтэн” хөтөлбөрт оролцоорой гэж зөвлөмөөр байна. Энэ нь АНУ-ын их сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг бэлтгэх зорилготой долоо хоногийн сургалт юм. Хэдэн жилийн өмнө би өөрөө энэ сургалтанд хамрагдаж байсан. Энэ сургалт амжилтанд хүрэхэд минь үнэхээр их тус болсон.

Эцэст нь зөвлөхөд, өөртөө итгэлтэй байгаарай. Чадахгүй мэдэхгүй зүйл тохиолдсон ч “чаддаг болъё, мэддэг болъё” гэж өөрийгөө дайчилж байж зорилгодоо хүрнэ гэдгийг байнга санах хэрэгтэй.

YOLO: Хичээл сурлагад чинь амжилт хүсье. Зав гарган ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. laugh

Хэцүү юм шиг санагдах үед зөвхөн өөрийнхөө төлөө биш, эх орон, гэр бүлийнхээ төлөө зүтгэж байгаагаа санаж өөрийгөө дайчилсан.

                                                                  Ч.Эгшиглэн

#Student #teenagers #Harvard #Scholarship #Purpose