ТАТВАР ТӨЛӨХИЙН АЧ ХОЛБОГДОЛ сэдвээр зохион бичлэг, гар зургийн УРАЛДААН зарлалаа


Бабу | YOLO.MN
2017-04-10

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан орон даяар ЕБС-ийн сурагчдын дунд зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлалаа.

Уралдаан нь ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Уралдаанд ирүүлэх бүтээл нь татварын мөн чанар, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээний давуу талыг илэрхийлсэн байхаас гадна татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялгийг сурталчилсан агуулгатай байна.

Зохион бичлэгийг А4 хэмжээтэй, хоёроос илүүгүй хуудсанд багтааж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичих бол гар зургийн бүтээл 40х60 хэмжээтэй ватум цаасан дээр өнгө ялгаж зурсан байна.

Зохион бичлэгийн төрөлд эхний гурван байрт өргөмжлөл, 100-200 мянган төгрөг, тусгай байрт таван бүтээл шалгаруулан өргөмжлөл, 50 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм.

Гар зургийн төрөлд нэгдүгээр байрт 250 мянга, хоёрдугаар байрт 180 мянга, гуравдугаар байрт 150 мянган төгрөг, өргөмжлөл гардуулах юм. Тусгай байрт таван бүтээлд тус бүр өргөмжлөл, 50 мянган төгрөгийн мөнгөн шагналтай.

Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 22-ныг хүртэл тухайн аймаг, дүүргийн Татварын хэлтэст хүлээж авах аж.

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээний хүрээнд  ирэх сарын 08-нд Татварын ерөнхий газарт гардуулна.

#Уралдаан