"Надад хичээл хийх хүсэл огтхон ч төрөхгүй байна, яах вэ"


Сондор | YOLO.MN
2017-04-07

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Надад хичээл хийх хүсэл огтхон ч төрөхгүй байна, яах вэ

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе!

Би одоо төгсөх анги юм л даа. Тийм ч учраас би ЭЕШ-даа сайн бэлдэх ёстой. Гэтэл надад хичээл хийх хүсэл огтхон ч төрөхгүй юм. Бас тууштай хийж чадахгүй байна. Яг л амьдралын зорилгогүй мэт. Ээж маань надад байнга хичээлээ хий гэж хэлдэг. Би тэрийг нь зөв гэдгийг мэддэг хэрнээ хичээл хийх хүсэлгүй л байгаад байна. Би яаж өөрийгөө ялан дийлэх вэ? Үүнд зөвлөгөө өгч туслаач.


ЗӨВЛӨГӨӨ: Эхний ээлжинд чи ямар төрлийн хичээлдээ илүү сонирхолтой вэ гэдэг чухал

Сайн харилцаатай байдаг хүмүүстэй магадгүй найзуудтайгааа хамт хичээллэж болно. Хамтдаа мэдэхгүй чадахгүй зүйлээ найз нөхдөөсөө асууж, мэддэгээ хэлж өгч хуваалцаж хичээллэвэл илүү сонирхолтой байх тал байдаг. 

Захидал илгээсэнд баярлалаа. Эхний ээлжинд чи ямар төрлийн хичээлдээ илүү сонирхолтой вэ гэдэг чухал. Түүнийгээ бодож үзээд тэр төрлийн хичээлээ өдөрт бага тогтмол цагаар хичээллээд үзвэл яаж байна? Мэдээж бусад гэрийн даалгавраа орхиж болохгүй шүү. Жишээ нь : Хэрвээ чи химийн хичээлдээ дуртай бол өдөрт яг нэг цаг маргааш хими орохгүй байсан ч хамаагүй химийн хичээлийн гэрийн даалгавар, химийн хичээлтэй холбоотой сонирхолтой туршилт, мэдээлэл гэх мэт зүйлд өдөрт тогтмол нэг цаг зарцуулах байдлаар хоёулаа эхлүүлж болох юм. Үүнийг байнга хийх ёстой зүйл гэж харалгүйгээр илүү сонирхолтой зүйл юу байна гэж харвал илүү сэдэл төрдөг. Дараагийн ээлжинд чамд ЭЕШ өгөхөд тийм ч их хугацаа үлдээгүй болохоор санаа нийлдэг, сайн харилцаатай байдаг хүмүүстэй магадгүй найзуудтайгааа хамт хичээллэж болно. Хамтдаа мэдэхгүй чадахгүй зүйлээ найз нөхдөөсөө асууж, мэддэгээ хэлж өгч хуваалцаж хичээллэвэл илүү сонирхолтой байх тал байдаг. Мөн нэг чухал зүйл нь цаг төлөвлөлт. Тодруулвал: хэрэггүй зүйлсд хэт их цаг гаргахгүй байх хэрэгтэй. Нэг долоо хоногоор хийх ажлынхаа хуваарийг гаргаж үзээд чамд хэрэггүй зүйлд өдөрт хэдэн цаг зарцуулж байна гэдгийг бодоод үзээрэй. Эцэст нь зөвлөхөд өглөө эрт босч орой эртхэн амрах нь хүнийг илүү эрч хүчтэй байдгах нэгэн үндэс байдаг гэдгийг санаарай. Өөрийгөө ялан дийлэхэд нь амжилт хүсье. 

Зөвлөгөө өгсөн: Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах сэтгэл судлаач Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

#Problem #Teenagers #School