Солонгос дуучид артистууд болон японы дуучдад биеийн жин бол хамгийн чухал хүчин зүйл билээ. Дуучид бүгд хөөрхөн, туранхай галбирлаг байх чанга хатуу дүрэмтэй. Үүнээс болж зарим дуучид дэглэмээ барьж чадахгүй хамтлагаас гарах, шантрах тохиолдол цөөнгүй бий.
Харин Япон улсын охидын хамтлаг болох “Big Angel” нь биеийн жингийн хатуу стандартыг эсэргүүцэн өөрсдийн хамтлагийг байгуулжээ. Хамтлагийн гишүүд нэг хэвэнд цутгасан туранхай биш ерөнхийдөө илүүдэл жинтэй. Тэд илүүдэл жингээсээ огтхон ч санаа зовдоггүй бөгөөд харин ч түүгээрээ бахархан өөрсдийгөө “Тарган дуучид” хэмээн хочилдог аж.
Эл хамтлаг нь бусад охидын хамтлагийн адилаар дуу, бүжгийн үзүүлбэр үзүүлдэг бөгөөд анх 2018 онд байгуулагдсан байна.
Хамгийн анхны гишүүн, үүсгэн байгуулагч нь Охаши Мичико. Тэрээр анхандаа их бага жинтэй байсан бөгөөд модель болохын тулд жингээ хасах гэж хоолны хатуу дэглэм барьдаг байв. Нэг өдөр тэрээр дэглэмээ зөрчиж, ингэж амьдрахыг хүсэхээ больжээ. Охаши жин нэмсний дараа нь нэгэн хамтлагт байсан хэдий ч өнөөх хамтлаг нь удалгүй тарсан байна. Ингээд хамтлагийнхаа нэг гишүүнтэй хамтдаа “Big Angel”-г байгуулж байжээ.
“Big Angel” гэх нэр нь хэтэрхий их идээд тэнгэрээс унасан сахиусан тэнгэрүүд гэх утгыг илэрхийлж байгаа бөгөөд жингээ хасаж, дуулж, бүжиглэх замаар тэнгэртээ буцах ёстой гэсэн утга санааг илэрхийлж байгаа аж.
Хамтлагийн гишүүд өөрсдийгөө танилцуулахдаа өөрийн нэрээсээ гадна биеийн жин болон хамтлагтаа ямар хоол хариуцдаг гэдгээ ч танилцуулдаг аж. Жишээ нь, “Майонез хариуцдаг, 94 кг жинтэй Эрипиёо буюу Эри Тада байна”, “Хиам болон зайдас хариуцдаг 78 кг жинтэй Ино Рин буюу Инорин Хашимото байна”, “Шарсан тахианы мах хариуцдаг 110 кг жинтэй Ми чян буюу Охаши Мичико байна” гэх мэтчилэн танилцуулдаг гэнэ.
Хамтлаг одоогоор найман гишүүнтэй. Хамтлагийн хамгийн бага жинтэй гишүүн 73 кг бол хамгийн их жинтэй нь 110 кг юм. Тэдний дундаж жин нь 92 кг юм байна.
Эх сурвалж: Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!