"Найрамдлын эрдэнэс" зусланд амарч байсан 23 хүүхэд эмнэлэгт хэвтжээ


Г.Тэгшсүрэн | YOLO.MN
2025-07-18

"Найрамдлын эрдэнэс" зусланд хоолны хордлого гарсан тухай мэдээлэл түгээд байна. Тодруулбал, тус зусланд 322 хүүхэд амарч байснаас энэ сарын 15-ны өдрийн хоол, 16:00 цагт тараг уусны дараа зарим хүүхдээс гэдэс өвдсөн, дотор муухайрсан зэрэг шинж тэмдэг илэрчээ.

Нийт 64 хүүхэд Эрдэнэтийн халдвартын эмчид үзүүлснээс 13 хүүхэд, 3 багш гэдэс нь өвдөж, зовуурлах, бие нь сульдах, халуурсан шинж тэмдэгтэй байсан тул Халдвартын эмнэлэгт очиж үзүүлж, онош тодруулжээ. Урьдчилсан байдлаар 5 хүүхдийг вирусийн гаралтай ханиад, 3 хүүхдийг хоолны хордлого /1 нь хүнд, 2 хөнгөн хэлбэртэй/, 5 хүүхэд, 3 багш  гэдэсний халдвар байх магадлалтай гэж оношилсон байна. 

Тус зуслангийн удирдлагуудын зүгээс “Зусланд амарч буй 322 хүүхдээс одоогийн байдлаар: 

  • Орхон аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвд 23 хүүхэд
  • Эрдэнэт сувилал цогцолборт-115 хүүхэд+3 багш
  • Эрдэнэт медикал эмнэлэгт-15 хүүхэд
  • Эцэг эхийн хүсэлтээр гэртээ харьсан-111 хүүхэд 
  • “Найрамдлын эрдэнэс” зусланд халдваргүйтгэлийг бүрэн хийж, урьдчилан бэлдсэн байранд 58 хүүхэд шилжин байршаад байна гэдэг мэдээллийг таван цагийн өмнө өгөв. 

Мөн 2025 оны долоодугаар сарын 14, 15, 16-ны өдрийн хоолны дээжийн сорьц, 50 ширхэг орчны эрүүл зүйн арчдасны дээж, шүүлтүүртэй болон ундны усны дээж, шинж тэмдэг илэрсэн, эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд, гал тогооны ажиллагсдыг вирусийн шинжилгээнд хамруулжээ. 

"Найрамдлын Эрдэнэс" зуслан Булган аймгийн Хангал суманд харьяалагддаг тул Булган аймгийн эрүүл мэндийн газарт мэдэгдэж “Халдвар хамгааллын хариу арга хэмжээ авах баг” тандалт судалгаа хийх, арчдас, дээж зэргээс шинжилгээ авах ажлуудыг хийж байна.  Шинжилгээний албан ёсны хариу 72 цагийн дараа буюу 2025 оны долоодугаар сарын 19-д гарах аж. 

Мөн “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн 6-р ээлжийг цуцалжээ. Иймд, галт тэрэгний тасалбар худалдан авсан иргэд:

  • “Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх” журмын 2.19.3 т заасны дагуу
  • 21242472 дугаарт залган билетийн 91-250 аар эхэлсэн 12 оронтой тоог зөв хэлэн, регистрийн дугаар, нэр, дансаа хэлэн тасалбарын буцаан олголтоо авах юм байна.

Ташрамд мэдээлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн харьяа "Сэлэнгэ" амралт, аялал жуулчлалын цогцолборын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” зуслан нь 1981 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Тус зуслан нэг ээлжид 320 хүүхэд хүлээн авч амраадаг. Зусланд нэг хүүхэд 7 хоног амрахад дунджаар 520,000-610,000 төгрөгийн төлбөртэй. 

#Найрамдлын эрдэнэс