Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би сайн найзуудтай болсон гэж бодтол, үгүй байж…
Сайн байна уу? Намайг М… гэдэг. Би 12 настай. Миний асуудал бол би өөртөө улам итгэлгүй болж байгаа явдал юм. Би бага байхын л найз нөхөдгүй ганцаараа байдаг байлаа. Гэтэл манай гэр бүл нүүх болж би шинэ сургуульд оров. Яг энэ үеээс эхэлж би найз нөхөдтэй болохыг хүсдэг болсон. Ганц хоёр хүүхэдтэй танилцав. Тэдэнтэй би үнэхээр сайн найзууд болсон гэж бодсон. Гэвч тэд надад нэг л дургүй юм шиг. Тэдэнд би найзаа гэж бодон зарим нэг хамгийн чухал нууцуудаа хэлэв. Тэгтэл 3 өдрийн дараа миний хэлсэн бүх нууцуудыг задалсан байх нь тэр. Бас нэг өдөр номын сан орохоор болоход тэд надад бүх ачаагаа үүрүүлчхээд өөрсдөө тачигнатал инээж явав. Би хамт юм ярих гээд очтол надаас холдоод явчихна. Бид маш олон удаа муудалцаж байсан ч бид эргээд л сайндчихна. Нэг удаа манай ангийн сурагч надад тэднийг намайг маш их муулдаг гэж хэлсэн. Би тэр дор л тэдэнтэй харьцахаа больсон. Намайг сүүлийн үед гэрийнхэн маань намайг улам л зожиг болоод байна гэсэн. Нэг өдөр багш надад ямар асуудал байгааг асуусан. Би одоо яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Мэдээж найзынхаа нууцыг дэлгэнэ гэдэг бол буруу хэрэг
Сайн уу, захиа илгээсэнд баярлалаа. Найз нөхдийн харилцаанд үл ойлголцол гарах нь хэвийн тохиолдол, учир нь ямар ч эрүүл харилцаанд үл ойлголцол бол байдаг зүйл юм. Харин үл ойлголцлыг зөв шийдвэл харилцаа илүү бат бөх болох тохиолдол олон бий. Чиний нууцыг яагаад дэлгэсэн талаар чи найзуудаасаа асууж үзсэн үү? Мэдээж найзынхаа нууцыг дэлгэнэ гэдэг бол буруу хэрэг. Энэ үйл явц таалагдахгүй байна гэж тэдэнд хэлж ойлгуул. Учир нь чамайг гомдоогоод байгаа энэ таагүй үйл явцыг чимээгүй өнгөрөөд байвал энэ байдал үргэлжилсээр байх болно. Өөрийнхөө юу бодож байгаа, юу мэдэрч буйгаа нуух нь чамд ч хэцүү найзуудын харилцаанд ч сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Гэхдээ чи тэдэнтэй цаашид найзлах уу эсвэл өөр шинэ найзуудтай болох уу гэдгээ сонгох нь чиний мэдэх зүйл. Магадгүй шинэ найзуудтай болсон ч энэ асуудал ахиад үүсвэл яах вэ? Асуудлаас зугтаах биш түүнийг шийдэхийг оролдох алхам хийж хэвших нь чухал юм шүү. Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Б.Цэрэнпил
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх