Аilee ирчихлээ


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2025-06-20

Аilee гэж хэн бэ гэвэл Монголоор бол жүжигчин Т.Энэрэл юм даа. Амьдрал дээр дүр бүтээх гэж хичээдэггүй хүмүүс л сайн уран бүтээлч байдаг юм шиг санагддаг. Жүжигчин Энэрэлийн тоглосон кино, бүтээсэн дүр бүр нь үнэн, үзэгчдэд үлддэг. Саяхан “Ододтой бүжиглэе” шоунд ч сайхан харагдахад биш сайн бүжиглэхэд чин сэтгэлээ зориулж чадсан, тэгээд түрүүлсэн.

Аilee яг л Т.Энэрэл шиг. Гадаад үзэмжид санаа зовдоггүй. К-поп од “хөөрхөн, туранхай байх ёстой” гэх бичигдээгүй хуулийг тас зөрж тайзан дээр хүчирхэг хоолойгоороо байлдан дагуулсаар, өөрийнхөөрөө байсаар ирсэн.

Ер нь Ailee-ийн дууг Apple music, Spotify-оос сонсвол байдаг л нэг солонгос дуучин. Харин яг тайзан дээрээ өөрөө дуулж байгаа бичлэгийг нь үзэхээр маш гайхалтай хүчирхэг эрчим мэдрэгддэг. Тэр дуулж байгаа байдал, биеийн хэлэмж, инээмсэглэл, эршүүд ч юм шиг хөдөлгөөн, хацраа бөмбийлгөөд эрхий, ядам хуруугаа хавсрах нь, хамраа үрчийлгэж байгаад дээд өнгө авах нь гээд тайзан дээр гаргаж байгаа сэтгэл хөдлөлүүд нь үнэхээр гоё.

Ailee бас их энгийн, их зан, "од"-ын өвчингүй. Их сургуулийн оюутнуудад очоод дуулаад л өгчихдөг, энд тэндхийн тв шоунд оролцоод, галзуу хулган дээр суугаад дуулчихна, зүгээр гудамжинд ч дуулж л байгаа харагддаг.

“Fantastic Duo” шоуны шүүгчээр ажилласан үеийнх нь бичлэгүүдийг нь би одоо ч үзэх дуртай. Шоуны оролцогчтой хамтарч дуулдаг дугаарт өөрөө гоё харагдах, би сайн дуучин гэж бататгах гэж хичээх биш, харин оролцогчийг хүндэтгэж, дэмжиж дуулж байгаа нь их гоё. Тэр  хэрээр цаад хүнээ илүү зоригтой, хүчтэй болгож, илүү гоёор харуулж өгдөг.

Ailee-г фэнүүд нь болон хамтран ажиллагсад нь "маш энгийн, дулаахан зан ааштай, хэзээ ч бардамнадаггүй" гэж тодотгодог гэсэн. 

“Од” ч гэсэн хүмүүстэй энгийн сайхан харилцаж болдгийг, “од” байхын тулд төгс байх албагүйг, “од” зөвхөн авьяастай, гоё сайхан байх биш хүн чанартай, бусдаас тулгасан дүрийг бүтээх гэж зүдрэхийн оронд өөрийгөө хайрлах дотоод хүчтэй, ер нь зүгээр л бусдын адил хүн шүү дээ гэдгийг өөрөөрөө үлгэрлэдэг, энэ нь олон хүнд урам зориг өгч болдгийг харуулдаг хүн бол Ailee.

Хавь илүү догь залуутай учирч
Харуулах болно чамаас илүү жаргалтай яваагаа 
Санаандгүй чамтай таарчихвал
Сайхан инээмсэглээд, чиний гайхах царайг харчхаад л зөрөөд явчихна...гэх үгтэй “I Will Show You” дууг сонсоод сэтгэл гутралаасаа гарч амьдралаа өөрчлөх урам зориг авсан тухай нэгэн фэн нь Ailee-д захидал бичжээ. Ер нь энэ дуу нь маш олон хүнд урам зориг өгсөн гэдэг.

Ailee ирээд "Heaven","Goblin", бас Хан Ги Тэ, Ян Сун хоёрын тоглосон “Fated To Love You” киноны “Good bye my love” дуугаа дуулах байх. Ailee-г "амьд"-аар нь харах, тийм гэхийн аргагүй тэр нэг эрчимлэг, энергийг нь бодитоор мэдрэх нь.

Хайртай шүү, Ailee.

#Аilee