Б.Ууганцэцэг: Охидын биед хамаагүй хүрч болохгүй гэдгийг хөвгүүдэд ээж нь хэлж байх хэрэгтэй


YOLO.mn | YOLO.MN
2019-04-02

Нээлттэй нийгэм форумаас гаргасан “Залуучуудын дундах хүчирхийлэл” 2015 оны судалгааны тайланд “Хүчирхийлэлд ихэвчлэн сургуульд болон тухайн орон нутагт шинээр шилжиж ирсэн найз нөхөд багатай хүүхэд залуучууд өртөж байна. Хүчирхийллийн түгээмэл хэлбэр нь тухайн залуучуудын эд зүйлийг авах зорилгоор хүч хэрэглэж булаах, бие махбодийг нь гэмтээх, ялгаварлан гадуурхах, нэр хоч өгөх, сэтгэлээр унагаах зэрэг байна.

Үүний улмаас хохирч буй залуус өөрсдийгөө анги хамт олноос тусгаарлан, эд материалаараа хохирох, уур уцаартай болох, шаналах зэрэг сөрөг үр дагаврууд илэрч байна” гэжээ.

Энэ асуудлыг хэрхэн даван туулах, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

-Үе тэнгийн хүчирхийлэл гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Үе тэнгийн хүчирхийлэл гэж ойролцоо нутаг дэвсгэрт байгаа ойролцоо насны хүүхдүүд бие биедээ сэтгэл зүйн таагүй байдлыг байнгын төрүүлж байгаа процессыг хэлдэг.

Энэ нь магадгүй биднээс хол, анхаарал хандуулаад байхаар биш юм шиг хүмүүст санагддаг. Гэвч үнэндээ ийм зүйлд өртсөн хүн эргээд хэвийн амьдралдаа орохдоо, аав ээж болохоороо бие хүний хөгжлийн хувьд хязгаарлагдмал байдаг.

Учир нь  байнгын айдастай, стресстэй байдаг учраас эргээд дараа дараагийнхаа амьдралын үе шатуудад энэ мэдрэмжүүдээ тээгээд орох магадлалтай. Тиймээс үе тэнгийн хүчирхийлэл гэдэг нь хүүхэд, гэр бүл, сургууль болгоны анхаарч, судалж авч үзэх ёстой асуудал юм.

Хүүхэд аав ээждээ асуудлаа ярихад буцаагаад хүүхдээ эвгүй байдалд оруулж, “Чи ер нь тэгдэг биз дээ” гээд нэмээд зэмлэдэг. Энэ нь буруу алхам юм.

-Үе тэнгийн хүчирхийллийн ямар хэлбэрүүд байдаг вэ? Орчин цагт цахим хүчирхийлэл гэх ойлголт хүртэл гарсан байна.
-Харилцааны хэлбэрүүд нь нүүр тулсан болон шууд бус харилцааны хэлбэрүүд байж болно. Нүүр тулсан гэдэг нь тухайн хүүхдэд шууд мэдрэгдэхээр бол нөгөө хэлбэр нь цахим хүчирхийлэл байна. Нүүр тулж уулзаагүй ч тухайн хүүхдийн ангийн групт, эсвэл найзууд дундаа чатлахдаа дээрэлхэх  магадлал элбэг тохиолдож байна.

Цахим хүчирхийлэлд өртөхгүйн тулд хүүхдүүд болон эцэг эхчүүд утас интернэтийг зүй зохистой хэрэглэх хэрэгтэй. Үгүй бол сэтгэл санааны тайван бус байдалд орох тохиолдол өсвөр насны хүүхдүүдэд болон хүүхдүүдээ дагаад аав ээжүүд хямрах тохиолдол гарч байна.

Нөгөө талдаа үүнд өртөөд байгаа хүүхдүүд сэтгэл зүйн таагүй байдалд орсноосоо болоод эрсдэлт зан үйл хийх, буруу зуршилтай болох зэрэг зан үйлийг дагуулдаг учраас  аав ээжүүд хүүхдийнхээ  цахим хэрэглээний зохистой байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Тухайлбал, гэртээ тодорхой хугацаагаар Wi-Fi-аа  унтраах, оройн цагаар утсаа оролдохгүй байх, өдрийн цагаар утастайгаа ойр байдаг бол интернэтийг  зохистой хэрэглэх, хүүхдүүд хоорондоо хэрхэн чатлах талаарх заавар зөвлөгөөг аав ээжүүд сайн өгөх хэрэгтэй.

Хүүхдүүд магадгүй цахим хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэдэхгүй удаан хугацаанд явах, тэр нь буглах, хүмүүстэй хуваалцахгүй явсаар эрсдэлт үйлдэл хийх гэх мэт зүйлс тохиолдоод байна.

-Өсвөр насны хөвгүүд асуудал тулгарлаа гэхэд “Би эр хүн болчихсон” гэсэн бодлоор “Өөрөө шийдчихье” гээд л аав ээждээ хэлдэггүй байх л даа.
-Өсвөр насныхны хувьд эрэгтэй эмэгтэй ялгаагүй нуух хаах явдал их гарна. Хөвгүүд “Би эр хүн” гэж боддог бол, охид “Би энэ асуудлыг шийдэж чадна” гэсэн бодлоор хуваалцдаггүй. Гэр бүлийн зүгээс хүүхдэдээ аль болох туслах хэрэгтэй. Зөвхөн “ярь, ярь” гээд аав ээжүүд тулгаад байдаг. Энэ нь нэг талдаа буруу юм.

Нөгөө талаар эцэг эхтэйгээ асуудлаа ярих итгэлцлийг бий болгох ёстой. Тэгэхгүйгээр хүүхэд аав ээждээ асуудлаа ярихад буцаагаад хүүхдээ эвгүй байдалд оруулж, “Чи ер нь тэгдэг биз дээ” гээд нэмээд зэмлэдэг. Энэ нь буруу алхам юм. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцах ур чадвараа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Ингэхгүйгээр цахим ч бай, цахим биш ч бай дээрэлхүүлээд байгаа хүүхдийг буцаагаад загнаад, зэмлээд, өөрийг нь тавгүй байдалд оруулаад явуулчихдаг.

Тэгэхээр хүүхэд гэр бүлдээ ч, сургууль дээрээ  ч тавгүй  болно. Тэрийг хуваалцах орон зай байхгүй байсаар хүүхдүүд хүнд хэмжээний стресст орох тохиолдол байдаг. Тиймээс маш сайн анхаарах хэрэгтэй.

-Байнгын дарамтанд байгаа хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хүүхэд тийм зүйлд өртөөд байгаа нь олон шинжээр илэрч байдаг ч тэрийг томчууд анзаардаггүй. Магадгүй огцом ууртай болдог.  Эсвэл огт юмаа ярихгүй чимээгүй болдог. Гэнэт уйлах, эсвэл нойрондоо маш муу болох, даалгавраа хийж чадахгүй  байх, хичээл дээр анхаарал нь төвлөрөхгүй байх гэх мэт олон шинж байдаг. Тэрийг нэг бол анзаардаггүй, эсвэл анзаарсан ч ямар нэг алхам хийхгүй байсаар хүчирхийллийг өөгшүүлж, илүү хүнд хэлбэртэй болгодог.

-Сургуульд хүүхдүүд бие биедээ янз бүрийн хоч өгөх, охидын хөхний даруулгаас татах гэх мэтчилэн үйлдлүүд гардаг. Энэ бүхэн байнга давтагдаад байхаар ийм зүйлд өртөж байгаа хүүхдүүдэд яавч таатай санагдахгүй. Гэтэл үүнийг хийж байгаа хүүхдүүд бусдад ямар их дарамт үзүүлж байгаагаа ойлгодоггүй юм шиг. Хүүхэд ер нь ямар харилцааг хүлээн зөвшөөрч болохгүй вэ?
-Нэр хоч өгөх гэдэг нь хүнд сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг. Тэр дарамтаас болж хүүхэд хичээлдээ дургүй болох, сургуульдаа явахгүй байх, тэр бүү хэл сургуулиас гарах, завсардах тохиолдол гардаг. Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй байгаа хүүхдийн хувьд маш их дарамттай байдаг.

Насанд хүрсэн хүн бол тэрийг тодорхой хэмжээгээр даагаад гардаг бол хүүхдүүдийн хувьд нэр хоч өгөх, биед нь зөвшөөрөлгүй хүрэх, байнгын муухай харах, найз нөхдөөс нь санаатайгаар тусгаарлах гэх мэт нь сэтгэл санааны хувьд хэцүү байдаг учраас магадгүй ийм үйлдэл гаргаад байгаа хүүхдүүд байвал ангийн багш нар уулзах хэрэгтэй.

Нэр хоч өгөөд байгаа хүүхдүүд бусдын анхаарлыг татах гэсэн, бусдын нүдэнд өртөх гэсэн, нөгөө талдаа сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй хүүхдүүд байна гэсэн үг.

Нэр хоч өгөөд байгааг хэт буруутгах биш, нэр хоч аваад байгааг нь хэт өмгөөлсөн биш аль болох үнэн зөв учрыг нь олох хүмүүс нь багш нар, сургуулийн нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид юм.

Хүүхдүүд өөрийг нь  байнгын тав тухгүй байдалд байлгах, магадгүй суудлыг нь булаагаад суучихдаг, эсвэл үс гэзэгнээс нь байнга татах, биед нь зөвшөөрөлгүй хүрэх зэргийг нэг удаадаа магадгүй тоглоом гэж ойлгож болно. Нэг биш тогтмол давтагдаад байгааг үе тэнгийн хүчирхийлэл гэж үздэг. Хэрвээ ийм байдалд орсон хүүхдүүд байвал эцэг эхдээ, багшдаа хэлэх,  нөгөө талдаа тэрийг хийгээд байгаа хүүхэдтэй тулж уулзах хэрэгтэй.

-Сургууль ийм үзэгдлийг зогсоохын тулд юу хийх ёстой вэ?
-Нэгнийгээ дээрэлхээд байгаа үзэгдлийг байж болох зүйл гэдэг талаас хандаж болохгүй. Тухай бүрт нь шийдэхийг хичээх хэрэгтэй.

Хэрвээ хүүхдүүд өөрсдөө хоорондоо шийдэж болох асуудал байвал хоорондоо ойлголцохыг эхлээд санал болгоод, үнэхээр ойлголцохгүй бол сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан үүнд заавал оролцож, уулзах нь чухал.

Барууны улс орнуудад бидний жижиг асуудал гэж үздэг асуудлыг ч авч хэлэлцээд, хоорондоо ойлголцдог. Асуудлыг жижиг гэлтгүй тухай бүрт нь шийдэхгүй бол бүр илүү хүндэрч, магадгүй хоёр хүүхдийн хоорондын асуудал байсан бол хоёр анги, хоёр сургуулийн асуудал болж хүрээ нь томордог.

Эцэг эхийнхээ хамт оролцох үйл ажиллагааг тухайн сургууль, анги өөрсдөө сайн зохион байгуулах хэрэгтэй юм. Тийм үйл ажиллагаа зөвхөн эцэг эхийн хурлаар хязгаарлагддаг. Харин эцэг эх хүүхдүүд хамтдаа оролцох хөтөлбөрүүдийг сургууль ангиуд зөв зохион байгуулдаг болох нь эргээд хүүхдүүд аав ээждээ итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ИХЭВЧЛЭН ХҮҮХДЭЭСЭЭ МӨРДӨН БАЙЦААХ АСУУЛТ ТАВЬДАГ

-Хөвгүүд ярьдаг шүү дээ. Хүүхдэд зодуулаад очихоор эцэг эх нь “Яагаад зодуулж байгаа юм? Яасан арчаагүй юм?”  гэж загнадаг. Хүүхэд зодчихоор “Яагаад зодож байгаа юм?” гэнэ. Харин асуудлыг шийдсэн зүйл огт байдаггүй. Ийм үед яах ёстой вэ?
-Өсвөр насандаа асуудлаа яаж шийдэж байна, яг тэр чигээрээ, хэмнэлээрээ насанд хүрсэн хойноо аливаад ханддаг нь нийтлэг ажиглагддаг.

Өөрөөр хэлбэл хүний бие хүн болох хөгжлийнх нь гол суурийг өсвөр насандаа хийж байсан үйлдлийн дадал хадгалагдаад явдаг. Өсвөр насандаа ямар нэг зүйлийг хүчээр шийдэж, хүүхэдтэй зодолдож муудалцаад шийдсэн бол амьдрал дээр гараад хүчирхийллийн аргаар ямар нэг зүйлийг даван туулдаг хүнийг бэлдэж байна гэсэн үг.

Нөгөө талдаа  зодуулаад ирэхээр “ямар арчаагүй юм бэ” гэж хэлүүлж байгаа нь эргээд хүүхдэд хүнд цохилт болдог. Гэтэл хүчирхийллийн бус аргаар буюу хүнд тодорхой хэмжээгээр эвгүй байдал төрүүлэхгүйгээр яаж асуудлыг өөрөө тайван энгийнээр шийдэж болох вэ гэдэг арга замуудыг аав ээжүүд өөрсдөө хэлж өгөх ёстой. Нэг бол хүүхдэдээ хэлж өгөх арга барилаа олдоггүй ээж аавууд  байна. Эсвэл буруу үзэл бодолтой эцэг эх байна.

Хүүхэд байх үедээ яаж эвгүй байдлаас мултардаг байсан, яаж тэр байдлаа өөрөө зохицуулдаг байсан, одоо асуудлыг яаж шийддэг вэ гэдгийг хүүхдүүддээ нээлттэй илэн далангүй ярих юм бол өсвөр насныхан маш сайн ойлгож, тогтоож авдаг.

Тийм ярилцлага багадаад, хүүхдүүдтэйгээ хийхгүй болохоор хүссэнээрээ өөрийнхөө үйлдлийг шийдэх, аав ээжид хүртээлгүй зөвхөн миний асуудал гэх байдлаар хандана.

Ярихдаа эхлээд аав ээжүүд асуултаа бэлдсэн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдээсээ мөрдөн байцаах асуулт тавьдаг.

-Хүүхэдтэйгээ ярилцах арга барилын талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Хүүхэдтэйгээ ярилцаад суухад хамгийн чухал нь орчин. Гэрийн орчин, эсвэл гэрээс гадуурх өөр орчин байж болно. Гэртээ ярилцах гэж байгаа бол дуу чимээгээ багасгах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярилцах гэж байна гээд өөрөө утсаа оролдчихсон, хүүхэд нь  бас нэг дэлгэц ширтчихсэн, зурагтаа асаачихсан сууж байдаг. Ямар ч тохиолдолд тэр яриа явдаггүй.

Тийм учраас гэр бүлээрээ ярилцах гэж байгаа бол бүгдээрээ хамт хоолоо идэж дуусаад, хүүхэд нь ямар нэг зүйлд санаа зовохгүй болсон үедээ суух хэрэгтэй. Магадгүй гэрийн даалгавраа хийнэ, аягаа угаана гэж яарч байгаа бол бас л тухтай байж чадахгүй. 

Мөн яаж суух вэ гэдэг чухал. Нүд харц хаана байна тэнд анхаарал байна. Бид өөд өөдөөсөө харж ярилцдаггүй. Жишээ нь, ээж нь хоол бэлдэж,  хүүхэд нь даалгавраа хийж, аав нь зурагтаа үзэж байхдаа гурвуулаа ярих гээд байдаг. Тэр яриа ямар ч тохиолдолд дандаа амжилтгүй болдог. Тиймээс бидэнд саад болохуйц зүйлүүдээс холдож, анхаарал бүрэн төвлөрсөн байх хэрэгтэй.

Ярихдаа эхлээд аав ээжүүд асуултаа бэлдсэн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдээсээ мөрдөн байцаах асуулт тавьдаг. “Тэгсэн үү, ингэсэн үү, яг тийм юм болсон уу?” гэх мэт яг таг, алхам болгоныг нь тодруулах гэсэн асуултад хүүхэд хариулах дургүй байдаг учраас ерөнхийгөөс тодорхой руу чиглэсэн асуулт тавих хэрэгтэй. Ялангуяа 10-17 насныхан ийм асуултад хариулахаас татгалздаг.

Өдөртөө тогтмол хамгийн багадаа 20-25 минутыг ярилцах цаг болгон заавал гаргаж байх ёстой. Мөн аав ээжүүд хүүхдээсээ асуулт асууж байгаа бол  хүүхдийнхээ асуултад бас зөв хариулж сурах хэрэгтэй. Бид хүүхдээсээ л юм асуугаад байдаг, хүүхдийг юм асуухаар “Ямар яршигтай юм” гэсэн байдлаар ханддаг.

ХҮЧИРХИЙЛЛИЙН АРГА ЗАМААР АСУУДЛЫГ ШИЙДЭХ НЬ БУРУУ ЮМ ГЭДГИЙГ ААВУУД ХҮҮХДЭДЭЭ ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Нэг талаас бусдыг дээрэлхээд байгаа хүүхдийг хэрхэн болиулах, нөгөө талаас түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, түүнд өртүүлэхгүйн тулд юуг анхаарах вэ?
-Бусдыгаа дарамталж байгаа хүүхдүүд өөрсдөө бас л сэтгэл зүйн хэрэгцээтэй, би гэдгээ мэдрэх, би чаддаг мундаг гэдгээ харуулах гэж байгаа байдлаа буруу арга замаар илэрхийлж байна гэсэн үг. Нөгөө талдаа тийм хүүхдүүдийг эерэгжүүлэхэд амархан байдаг.

Манлайлагч гэдэг нь дээшээ харсан гурвалжин, сөрөг манлайлагч гэдэг нь доошоо харсан гурвалжин гэж бид тодорхойлдог. Доошоо харсан гурвалжныг дээш нь харуулахад маш амархан. Жишээ нь, бусдын анхаарлыг татах гээд байдаг хүүхдүүдийг ангийн дарга болгох гэх мэтээр тодорхой үүрэг даалгавар өгч, хүүхдүүдийг манлайлахыг хүссэнээр илүү үүрэг хариуцлагыг аваад явах чадвартай байдаг. Бид тийм дарамт үзүүлээд байгаа хүүхдүүдийг буцаагаад эвгүй байдалд оруулж, тэднийг дарамталж, тийм бай гэж шаардах маягтай ханддаг.

Гэтэл тэр хүүхдүүдээс хүсэх юм бол тэднээс эерэг хандлага гарах магадлал нь маш хурдацтай байдаг юм.

Нөгөөтэйгүүр ийм байдалд өртөхгүйн тулд өөртөө итгэлтэй байдлыг сайжруулах хэрэгтэй. Үе тэнгийнхний сонирхлын клубүүд, сурагчдын холбоодод хүүхдүүд идэвхтэй оролцох ёстой.

Зөвхөн хичээлээ хийгээд гэр хоорондоо явдаг хүүхдүүд магадгүй сэтгэл зүйн асуудалд нэлээн хүнд байдлаар шууд ханддаг. Нэг удаагийн явдлыг хүндрүүлж ойлгох, нөгөө хүүхдэд энэ хүүхдийг дээрэлхэж болох юм байна гэдэг ойлголт төрүүлдэг.

Гэтэл орчиндоо сайнаар, эергээр манлайлах арга олон бий.

-Хөвгүүд охидыг их өддөг. Охидын биед хүрч болохгүй гэдгийг хэрхэн ойлгуулах вэ?
-Энэ талаар хөвгүүдэд хамгийн сайн зааварчилгаа өгөх хүмүүс бол ээж нь. Эмэгтэй хүний биед хамаагүй зөвшөөрөлгүй хүрч болдоггүй юм. Эмэгтэй хүнийг хайрлаж хамгаалах хэрэгтэй гэж зөвлөх хэрэгтэй.

Гэхдээ эмэгтэй гэдгээс гадна эрэгтэй хүүхдийн биед ч зөвшөөрөлгүй хүрэх нь таатай зүйл биш. Харин аавууд хүчирхийллийн арга замаар асуудлыг шийдэх нь буруу юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Судалгааны материалуудыг үзэхэд орчин тойрны хүмүүстээ тоогдох, анхааралд өртөх хэрэгцээ өсвөр насныханд байдаг учраас тэрийг гаргаж болох хэлбэр нь магадгүй нэгнийгээ мөрлөх, цохих, нэгэндээ эвгүй зан гаргах зэрэг байдаг. Энэ нь бусдын анхааралд өртөж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Гэтэл орчиндоо сайнаар, эергээр манлайлах арга олон бий. Урлаг спортод амжилттай байх, хүүхдүүд дунд нэр хүнд сайтай байх, хичээлээ сайн хийх гэх мэт манлайллын олон арга байна.

-Аавуудын дунд түгээмэл нэг ойлголт байдаг нь магадгүй хөвгүүдээ чанга өсгөх, хүнд дээрэлхүүлэхгүй хүн болгож өсгөх ёстой гэсэн бодлоор “Чи хүнд битгий зодуулаад бай” гэж зөвлөдөг байж болох юм?
-Тэгэхээр эргээд үүнд аавуудын үзэл бодол, хандлага асуудалтай байна гэсэн үг. Аав нь өсвөр насандаа өөрөө зодуулж байсан, эсвэл зодож байсан ч байж болно. Тэр үзэл бодол нь тухайн хүнд суучихсан байна гэсэн үг. Үе тэнгийнхний дарамт аавын амьдралд суучихсан болохоор аав эргээд хүүхдэдээ тэрийг зөвлөж байна гэсэн үг. Үе тэнгийнхний дарамт яаж гэр бүлд нөлөөлдгийн жишээ энэ юм.

-Ярилцсанд баярлалаа.

#Bulling #Хүчирхийлэл