Labubu хүүхэлдэй хэрхэн дэлхий нийтийг байлдан дагуулах болов?


А.Номин | YOLO.MN
2025-06-20

Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн цүнх, өмднөөс уяатай байх үслэг хүүхэлдэйг та харсан л байх.

Хачин ч юм шиг, өхөөрдөм ч юм шиг төрхтэй энэ хүүхэлдэйг Хятадын Pop Mart компаниас үйлдвэрлэн гаргадаг. Рианна, Дуа Липа, Ким Кардашиан, Лиса гэх мэт алдартнууд энэ хүүхэлдэйн үнэнч фэн болсны дараа салбар дэлгүүрүүдийн үүдэнд урт дараалал үүсч эхэлсэн.

2024 оны дөрөвдүгээр сард Blackpink хамтлагийн гишүүн Лиса Инстаграм хуудастаа Labubu хүүхэлдэйтэй зургаа нийтэлснээр олон хүн энэ хүүхэлдэйг сонирхох болсон. Хэдэн сарын дараа Рианна LV брэндийн цүнхэндээ Labubu хүүхэлдэй зүүж үүрсэн зураг нь нийтлэгдсэн.

Мөн Ким Кардашиан 10 Labubu-ийн цуглуулгаа хуваалцсан бол хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм охиноосоо тус хүүхэлдэйг бэлгэнд авсан хэмээн зургийг нь нийтэлсэн юм. 

Labubu-гийн эрэлт нэмэгдсэнээр Pop Mart компанийн ашиг өнгөрсөн онд бараг гурав дахин өссөн бөгөөд зарим судлаачийн үзэж буйгаар энэ нь цар тахлын улмаас Барууны орнуудтай харилцаа нь муудсан Хятадын “зөөлөн хүчний” сэргэлт ч болж мэдэхээр байна.

Тэгвэл Labubu гэж юу вэ?

Энэ бол зохиомол дүр бүхий хүүхэлдэй бөгөөд бие даасан брэнд. Нэр нь ямар нэг утга агуулаагүй. Хонконгт төрсөн уран бүтээлч Касинг Лунг зохион бүтээсэн бөгөөд The Monsters хэмээх тоглоомын цувралын нэг дүр юм.

Эдгээр хүүхэлдэй нь шовх чих, том нүд, зөөлөн бие, шүдээ гаргасан инээмсэглэлээрээ ялгардаг аж. Pop Mart-ийн албан ёсны вэбсайтад Labubu-г “сайхан сэтгэлтэй ч ихэнхдээ санамсаргүй байдлаар эсрэг үр дүнд хүрдэг” гэж тодорхойлжээ.

Pop Mart 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 30 гаруй оронд 500 гаруй салбар дэлгүүртэй. 2016 онд "blind box" буюу доторх нь нууцлаг байдаг савлагаатай хүүхэлдэйнүүд худалдаанд гаргаснаар тэсрэлт хийсэн гэж болно. 

2019 онд Pop Mart компани уран бүтээлч Касинг Лунгтай хамтран Labubu-г цуврал болгон гаргасан нь тэдний борлуулалтыг хурдацтай өсгөсөн юм. Харин 2020 оны арванхоёрдугаар сард тэд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн. Тус компанийн хувьцааны үнэ өнгөрсөн жилд 500 хувиар өсжээ. 

Хятад хүмүүс дотоод сэтгэлзүйн асуудалтай болж эхэлсэн. Харин Labubu-ийн төгс биш байдлыг илэрхийлсэн дүр төрх нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн гэж Хятадын судалгааны байгууллага онцолсон байна. 

Канадын нэгэн худалдан авагч "Би Labubu-г филиппин найзуудаасаа олж мэдсэн. Энэ хүүхэлдэй өхөөрдөм санагддаг. Олон хүн үүнийг үнэлж, худалдан авах тусам би улам бүр дурлаж байна" хэмээн ярьжээ. 

#Labubu