“Амьтдын зан байдал” сэтгүүлд 2025 оны дөрөвдүгээр сард гарсан судалгаагаар хотын шувуу газар нутагт нь дайрч орж ирсэн шувуунд илүү түрэмгий хариу үзүүлдэг болохыг тогтоожээ. Энэ нь ууртай шувуудын тухай онолыг улам бататгасан сонирхолтой баримт болж байна.
Эквадорын арлууд болох Галапагосын гол замуудын ойролцоо амьдардаг шар варблер шувуу халдагч буюу газар нутагт нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн шувуудын дууг сонсох үед илүү түрэмгий хариу үйлдэл үзүүлдэг бол хөдөлгөөнөөс хол шувууд тайван байдаг аж.
Уг судалгаагаар хотын зарим шувуу хөдөө орон нутагт байдаг төрлөөсөө илүү түрэмгий байдгийг тогтоосон.
Том хөх шувуу (great tits), европын улаан хоолойт (european robins), дууч бор шувуу (song sparrows), харанхуйн нүдтэй жунко шувуу (dark-eyed juncos) зэрэг олон зүйл шувууд хотжилтын нөлөөгөөр илүү түрэмгий болдог нь илэрчээ.
Баруун Каролинагийн Их сургуулийн биологийн профессор Жереми Хайман хэлэхдээ ''Хотын орчинд амьдардаг зарим зүйл шувуу орон нутгийнхнаас илүү түрэмгий байдаг. Гэхдээ энэ нь олон шалтгаантай” гэв.
Сүүлийн арван жилд хүн ам өсөж, байнгын оршин суугчдын тоо жил ирэх тусам нэмэгдсэн. Үүний улмаас дэд бүтэц, автомашины хэрэгцээ өссөн бөгөөд энэ бүхэн нь шувуудын хариу үйлдлийг судлах байгалийн туршилтын лаборатори болжээ. Судлаачид Санта Круз болон Флорена хэмээх хоёр арал дээрх 38 шар шувууны нутаг дэвсгэрийг сонгосон байна. Судалгаанд хамрагдсан шувуудын зарим нь машин явдаг гол замын яг хажууд, зарим нь замаас 90 гаруй метрийн цаана байдаг аж.
Шувуу бүрт өөр шувуудын дуу болон авто замын чимээг чанга яригчаар сонсгосон. Ингэхэд шар варблер шувууд хоёр чимээг хамт сонсоход илүү түрэмгий болсон байна. Зарим нь чанга яригч руу дөхөж бүр дайрах тохиолдол ч гарчээ. Харин "хөдөөний'' шувууд илт тайван хариу үзүүлсэн байна.
Мөн зарим шувууны хувьд хот нь элбэг хоол хүнсээр хангагдсан орчин бөгөөд түүнийг олж авахын төлөө өрсөлдөх шаардлагатай болдог зэрэг шалтгаанууд нөлөөлдөг байна. Хотод олон шувуу тухайн нутгийг эзэмшихийг хүсдэг тул хамгийн түрэмгий эр шувууд л нутагтай болж чаддаг.
Нөгөө талаар, хоол хүнс хомс тохиолдолд шувууд нутаг дэвсгэрээ хадгалахын тулд ийнхүү өөрчлөгдөх шаардлагатай болдог аж.
Түрэмгий зан чанарт генетик ч тодорхой нөлөөтэй. Гэхдээ хүрээлэн буй орчны өөрчлөлтөд шувууд маш уян хатан ханддаг байна.
Эх сурвалж : National Geographic
Орчуулсан: Б.Төрбаяр
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!