ETH Zurich буюу Швейцарийн Холбооны Технологийн Их Сургууль нь Европ болон дэлхийн хамгийн нэр хүндтэй, шинжлэх ухаан, инженер, технологийн салбарт тэргүүлэгч их сургуулиудын нэг юм. Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалт болох Times Higher Education World University Rankings-д энэ жил 11-р байр эзэлж, Европ тивдээ тэргүүлсэн байна.
1855 онд байгуулагдсан тус сургууль нь тухайн үедээ Швейцарийн аж үйлдвэржилтийг дэмжих, шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлийн боловсролыг дэлгэрүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд Швейцарийн засгийн газрын бүрэн дэмжлэгтэй улсын их сургууль юм.
ETH нь байгалийн шинжлэх ухаан, инженер, архитектур, математикаас гадна компьютерийн ухаан, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, биотехнологи, мэдээллийн шинжлэх ухаан зэрэг орчин үеийн хэрэгцээнд тулгуурласан мэргэжлүүдээрээ алдартай.
Жил бүр өргөдөл илгээгчдийн 27-30% орчим нь л тэнцдэг ба гадаад оюутнуудад илүү өндөр шалгуур тавигддаг. Хичээл нь Швейцарь, Герман, Англи хэл дээр явагддаг ч ихэнх магистр болон докторын хөтөлбөрүүд англи хэл дээр байдаг.
Чансаа:
#1 Европын инженер, технологийн чиглэлээр
#11 Дэлхийн шилдэг их сургууль
#6 Хамгийн их судалгаа, инновац гаргадаг их сургууль
#8 Математик, физикийн чиглэлээр дэлхийд
ETH Zurich нь судалгааны их сургууль бөгөөд жил бүр олон зуун шинэ нээлт, патент гаргадаг. Мөн IBM Research Lab, Google Zurich, CERN, Siemens, Novartis, Nestlé зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг. Оюутнууд нь аль нэгдүгээр курсээсээ лабораторид ажиллаж, судалгааны төсөл дээр ажиллах боломжтой.
Үүнээс гадна ETH AI Center, Energy Science Center, ETH Student Project House зэрэг байгууллагууд нь оюутнуудыг хийсэн судалгаагаа бодит төсөл болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байна.
ETH-ийн нийт 24,000 орчим оюутны 40% нь гадаадаас ирсэн байдаг. Тус сургууль нь MIT, Stanford, Tokyo University, Tsinghua, Cambridge зэрэг дэлхийн топ их сургуулиудтай хамтран судалгаа, оюутан солилцоо, хос дипломтой хөтөлбөр зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
ETH Zurich-ийн төгсөгчдийн 93% нь сургуулиа төгссөнөөс хойш 6 сарын дотор мэргэжлээрээ ажилд ордог ба дундаж цалин нь Европын дунджаас ч өндөр байдаг байна. Төгсөгчдийн 80% нь Европт, 20% нь дэлхийн бусад оронд (АНУ, Ази, Австрали гэх мэт) ажилладаг.
Хамгийн алдартай төгсөгч нь физикч, нобелийн шагналтан Albert Einstein ба үүнээс гадна Pascal програмчлалын хэлийг зохиогч Niklaus Wirth, “Solar Impulse” төслийн үндэслэгч Bertrand Piccard, Google компанийн инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Urs Hölzle зэрэг нэр хүндтэй хүмүүс уг сургуулийг төгсөж байжээ.
ETH Zurich нь Цюрих хотын төвд, Альпын нурууг харсан байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цюрих хот нь дэлхийн хамгийн аюулгүй, амьдрахад тохиромжтой хотуудын нэгээр нэрлэгддэг.
Оюутнуудад зориулсан 1000 гаруй клуб, холбоо байдаг. Үүнд робот, код бичих, стартап, уулын дугуй, кибер аюулгүй байдал, хөгжим, дижитал арт зэрэг чиглэлүүд ордог. Мөн Polyball, Startup Night, HackZurich зэрэг томоохон арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулдаг.
ETH Zurich нь улсын их сургууль учир сургалтын төлбөр нь харьцангуй бага буюу жилд 1,300 швейцарь франк (~$1,400) байдаг. Гэсэн хэдий ч амьдрах зардал нь жилийн 20,000 CHF ($22,000) болдог.
Гадаад оюутнуудад зориулан Excellence Scholarship & Opportunity Programme (ESOP), ETH-D Scholarship, Swiss Government Excellence Scholarship зэрэг нэр хүндтэй тэтгэлгүүд олгодог.
ETH Zurich нь онол, практикийг хослуулсан, маш өндөр түвшний боловсрол олгодог бөгөөд судалгаа, инновацид суурилсан сэтгэлгээтэй, дэлхийн хаана ч ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Хэрвээ чи шинжлэх ухаан, инженер, технологийн салбарт карьер хөөх хүсэлтэй бол ETH Zurich-ыг сонирхоод үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!