Арьсны эмч нарын зөвлөсөн өсвөр насныханд зориулсан зуны арьс арчилгаа


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Өдөр тутмын хэмнэл маань дулааны улиралд өөрчлөгддөгийн адил, арьс арчилгаа ч гэсэн өөрчлөгдөх шаардлагатай гэж арьсны эмч нар зөвлөж байна.

Арьсны эмч, Personal Day Advisory Board-ийн гишүүн доктор Dr. Mamina Turegano-н хэлснээр: “Зун бол өсвөр насны арьсанд асуудалтай улирал. Хөлс, тос ялгаралт, нарны туяа нь асуудал үүсгэдэг”

Арьсны ямар ч төрөлтэй байсан, дараах хэдэн энгийн алхмыг дагаарай. Доорх 6 алхмыг арьсны мэргэжлийн эмч нар өсвөр насныханд зориулан зөвлөж байна.

1. Орц найрлагыг шалгаарай
Өтгөн чийгшүүлэгчүүд халуун үед батга үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг. Зуны улиралд хөнгөн бүтэцтэй, тосгүй, нүх бөглөдөггүй бүтээгдэхүүн хэрэглэх нь батга сэдрэхээс сэргийлж, арьсыг сэрүүн, тав тухтай байлгана. Хүнд тосон бүтээгдэхүүнээ хөнгөн бүтэцтэй лосьон, гельтэй солиорой. Шинэ бүхэл бүтэн сет худалдаж авах шаардлагагүй –чиний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн олонх нь таарсан хэвээрээ байж ч мэднэ. Зүгээр л “oil-free” буюу тосгүй, “non-comedogenic” буюу нүх бөглөдөггүй гэсэн бүтээгдэхүүн аваарай.

2. Цэвэрлэж, чийгшүүл
Арьсаа хэт хуурайшуулахгүйгээр цэвэрхэн байлгах хэрэгтэй. Өглөө ба оройд нүүрээ зөөлөн цэвэрлэж, дараа нь хөнгөн чийгшүүлэгч түрхэхийг зөвлөж байна. Арьс тань зундаа тослогддог бол чийгшүүлэх нь утгагүй мэт санагдаж болох ч чийгшүүлэгч бүх төрлийн арьсанд хэрэгтэй. Ялангуяа арьсыг хуурайшуулах магадлалтай батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол чийгшил маш чухал.

3. Нарнаас хамгаалах
SPF буюу нарнаас хамгаалагч хэрэглэх нь жилийн турш чухал. Зун гуужуулагч эсвэл ретиноид хэрэглэхээс татгалзах ёстой гэсэн ойлголт ташаа юм. Гол нь давхарлаж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин ийм төрлийн бүтээгдэхүүнүүд арьсыг нарны гэрэлд мэдрэмтгий болгодог тул SPF хэрэглээгээ илүү анхаарах ёстой.

Нарны тосоо гадагш гарахаас 15–20 минутын өмнө түрхэж, арьсанд шингэх цаг өг.

4. Нарны тосоо давтан түрх
Нарны тосыг зөвхөн өглөө түрхээд орхих нь хангалтгүй. Нарны тос өдөржин үйлчлэхгүй. Арьсаа бүрэн хамгаалахын тулд 2 цаг тутамд эсвэл усанд орсны дараа заавал давтан түрх. Шүршдэг нарны тос хэрэглэх бол  бодсоноосоо арай их хэмжээгээр, арьснаас ойрхон шүршиж, дараа нь гараараа жигд тарааж түрхээрэй.

5. Будалтын хувьд нимгэн, хөнгөн байх
Хэрэв та зуны улиралд арьсаа цэвэрхэн байлгахыг хүсвэл будалтыг аль болох багасгах хэрэгтэй. Олон давхар бүтээгдэхүүн болон будалт нь хөлсийг арьсанд барьж, цочрол, батга үүсгэдэг. Нимгэн будахыг хүсвэл өнгөтэй SPF-тэй нарны тос ашиглаж болно. SPF агуулсан бронзер хүртэл байдаг. Ийм будалт таныг нарны хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна, арьсны өнгийг сайжруулахад тусална.

6. Бусад хамгаалалт
SPF хэрэглэсэн ч гэлээ арьсанд хэт ягаан туяа нэвтрэх боломжтой. Нарнаас бүрэн хамгаалахын тулд:

  • Саравчтай малгай,
  • Нарны шил,
  • Хамгийн хүчтэй UV туяа бүхий өдрийн цагаар гадагш гарахгүй байх.

Өдрийн эхэн эсвэл оройн цагт гадаа гарах нь хамгийн тохиромжтой. Нарны оргил үе болох үд дунд гадаа байхыг хязгаарлах нь зүйтэй.

Трэнд болж буй бүтээгдэхүүн бүрийг турших хэрэггүй – арьсандаа тохирсон бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглэж байгаарай.

#арьс арчилгаа