Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Даанч тэр өөр охинд сайн тэр охин ч өөрт нь сайн
Сайн байна уу? Би энэ жил өөр сургууль руу шилжсэн юм. Би одоо 7-р анги 12 настай. Би саяхнаас нэгэн хөвгүүнд сайн болчихсон. Би түүнийг харахаараа ичиж, сандардаг. Гэхдээ даанч тэр өөр охинд сайн тэр охин ч өөрт нь сайн. Би түүнд сайн гэдгээ хэлж чаддаггүй юм л даа. Заримдаа тэр надтай эелдэг харьцдаг. Гэхдээ надад хэцүүхэн асуудал байна л даа. Учир нь тэр хөвгүүний сайн охин нь манай найз юм. Мөн тэд одоо бараг л үерхэж байгаа. Тэгээд намайг тэр хөвгүүнд сайн гэдгийг минь мэдчихвэл найз минь надтай харьцахгүй болчих гээд байгаа юм. Би яах ёстой вэ? Надад туслаач!
ЗӨВЛӨГӨӨ: Хэрвээ чи сэтгэлээ илчлэх үйлдэл хийхгүй бол найз нь чиний нууцыг мэдэх ямар ч боломжгүй, тиймээс тайвшраарай
Сайн уу? Хүнд дурлах, татагдах мэдрэмж бол хүний мэдэрч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг бөгөөд амьдралд нэг бус удаа тохиолдоно. Харин сайн найзын харилцаа маш үнэ цэнэтэй, ховорхон тохиолдох удаан хугацааны харилцаа байдаг.
Захиаг нь уншаад тэр хөвгүүн чамд сэтгэлтэй биш, зөвхөн найзын журмаар эелдэг харилцдаг гэж ойлголоо. Бас найз чинь чамайг түүнд сайн гэдгийг мэдээд уурлавал яанаа гэж айж байгаа юм байна. Хэрвээ чи сэтгэлээ илчлэх үйлдэл хийхгүй бол найз нь чиний нууцыг мэдэх ямар ч боломжгүй, тиймээс тайвшраарай. Бас үргэлжлүүлэн тэр хөвгүүнд сайн байх уу эсвэл сэтгэлээ удирдаж өөрт зүгт хандуулах уу гэдгээ бодоорой.
Төгсгөлд нь, өөрт тохиолдож буй энэ асуудлыг сэтгэлээр унах, шаналах шалтгаан биш харин суралцах үйл явц, туршлага гэж ойлгох хэрэгтэй. Энэ үйл явдлаас юуг суралцав, би ямар хүнд татагддаг юм байна, би хүнд сайн болохоор хэрхэн өөрчлөгдөж байна гэх мэт асуултуудын хариуг өөрөөсөө олж мэдэх нь чамайг өөрийгөө илүү таньж мэдэхэд туслана. Амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх