Зургаадугаар сарын 10 хүртэл салют хэрэглэхийг хуулиар хориглоно


YOLO.mn | YOLO.MN
УРЖИГДАР

Салют, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх нь хууль, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагын гүйцэтгэх ёстой үйл ажиллагаа. Гэвч сүүлийн үед энэ салбарт хууль бус үйлдэл, хяналтгүй хэрэглээ нэмэгдэж байгааг "Очир Ундраа" ХХК анхаарууллаа.

Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр, "Очир Ундраа" 2004 оноос хойш албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр салютын үйлчилгээ үзүүлж буй цорын ганц компани юм. Гэтэл сүүлийн үед гар дээрээс, цахим орчноор дамжин гарал үүсэл нь тодорхойгүй, хууль бус салют, тэсэрч дэлбэрэх бодис худалдах нь  нэмэгджээ.

Энэ нь иргэдийн аюулгүй байдалд ноцтой аюул  дагуулж байгаа юм. Ёслолын  буудлага буудуулна гэх зарууд цахим орчинд түгж, дурын хүмүүс зөвшөөрөлгүйгээр тэсрэх бодис ашиглах аюултай гэв. 

Салют буудуулах үйл явц нь 72 цагийн өмнө Онцгой байдлын газар болон Цагдаагийн байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авч, буудлага хийх объектын эргэн тойронд аюулгүй байдлын дүн шинжилгээ хийсний үндсэн дээр мэргэжлийн баг гүйцэтгэдэг, нарийн ажиллагаа аж.

Гэсэн ч саяхан болсон "Зуны зугаа", "Guys" хамтлагийн тоглолтод энэ горим зөрчигдөж, дурын хүмүүс салют буудуулсан зөрчил гарчээ.

Хууль зүйн хүрээнд ч тодорхой заалт бий. Жил бүрийн гуравдугаар сарын 21-ээс зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-оос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хуурайшилтын үед салют хэрэглэхийг хуулиар хориглодог. Энэ хугацаанд салют буудуулах нь гал түймрийн аюулыг нэмэгдүүлж, хүний амь нас, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэв.

"Очир Ундраа" ХХК-ийн төлөөлөл, “Манай компанийн зөвшөөрлийг хууль бусаар ашиглан бусад хүмүүс салют буудуулсан тохиолдол ч гарсан. Бид холбогдох байгууллагад хүсэлтээ бичгээр өгдөг ч шалгаж байна гэхээс өөр тайлбар өгдөггүй. Улсын хэмжээнд биднээс өөр тусгай зөвшөөрөлтэй байгууллага байгаа эсэхийг тодорхой мэдэх боломжгүй” гэлээ.

Тус компани холбогдох төрийн байгууллагуудаас салют, тэсрэх бодисыг хууль бусаар худалдаалж буй газруудыг шалгаж, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнд хяналт тавихыг хүслээ.

Салют буудуулах бол тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар, холбогдох байгууллагын зөвшөөрлийг үндэслэн, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд гүйцэтгүүлэхийг анхааруулав.

#салют худалдаа