Ким Кардашиан дөрвөн жилийн “Law Office Study Program”-ыг дүүргэснээ зарлаж, төгсөлтийн ёслол хийжээ. Уг хөтөлбөрийг COVID болон ажлын шалтгаанаар зургаан жилийн хугацаанд дуусгасан байна.
Түүний хүүхдүүдээс гадна эгч дүүс болох Клои болон Кортни Кардашиан нар ёслолд оролцож, Кимийн амжилтыг дэмжин, баяр хүргэсэн байна.
Ёслолын үеэр түүний ментор, өмгөөлөгч Жессика Жэксон дараах үгийг хэлжээ:
“6 жилийн өмнө Ким Кардашиан энэ хөтөлбөрт зөвхөн шударга ёсны төлөөх хүсэл эрмэлзлээрээ орж ирсэн. Түүнд хууль зүйн сургуулийн лекц, онолын зам хялбар байгаагүй. Тэр долоо хоногт 18 цаг, жилд 48 долоо хоног, нийт зургаан жилийн турш хичээллэсэн. Энэ нь 5,184 цагийн хуулийн сургалт гэсэн үг. Энэ бүх цагийг тэр дөрвөн хүүхдээ өсгөхийн хажуугаар, бизнесээ удирдаж, телевизийн нэвтрүүлэгт оролцож, бусдын төлөө шүүх дээр ажиллахын зэрэгцээ гаргаж чадсан.”
Ким Кардашиан коллеж төгсөөгүй боловч АНУ-ын Калифорни болон өөр гурван мужид хэрэгждэг дадлага хийх хэлбэрийн сургалтаар хуульч болох замыг сонгосон. Тэр 2018 оноос Сан Францискогийн хуулийн фирмд дадлага хийж эхэлжээ.
Тэрээр 2019 онд хуульч болж талийгаач аав Роберт Кардашианий мэргэжлийг эзэмшихээр шийдсэнээ олон нийтэд зарласан юм. Түүний аав нь NFL-ийн домогт тоглогч, жүжигчин O.J. Симпсоныг өмгөөлснөөрөө ихэд алдаршсан хуульч хүн юм.
Энэхүү төгсөлт нь түүний дараагийн зорилгын эхлэл бөгөөд тэрээр Калифорнийн хуульчдын эгнээнд орох өдөр холгүй байгаа бололтой.
Эх сурвалж: People
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!