Энэ жилийн TEDxUlaanbaatar-ийн БҮХ ИЛТГЭЛИЙГ үзэх боломжтой боллоо


-TEDxUlaanbaatar 2018-д очиж амжаагүй хүн бүрийн заавал үзэх илтгэлүүд-

Одоогоос яг сарын өмнө Corporate-ийн Convention centre-д нүдэндээ нулимстай, сэтгэлдээ галтай, инээд хөөр, эрч хүчээр цэнэглэгдсэн мянган залуус бие биендээ урмын үг, алга ташилт, тэврэлтийг харамгүй хайрлацгаасан. Тэд амралтын өдрөөрөө, хөдөлмөрлөж олсон мөнгөө сэтгэл ханамжтайгаар зарцуулж чадсан болохоор тийм их аз жаргалтай байсан хэрэг.  Харин одоо тэдгээр хүмүүсийн адил сонирхолтой, урам өгөхүйц, ухаарал хайрласан яриаг сонсож “тархиа цэнэглэцгээе”!

Б.ИДЭР-ОД – ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БУЙ ТАНД ЗОРИУЛСАН  7 ЗӨВЛӨМЖ

Бидний комедиан гэдгээр сайн мэдэх Идэрээ маань нисэхийн инженер мэргэжилтэй боловч хэд хэдэн гарааны бизнесийг үүсгэн байгуулж байжээ. Тэрээр өөрийн туршлага дээрээ үндэслэн шинэ бизнесийн эхлүүлэхийн өмнө бодох ёстой 7 хүчин зүйлийн талаар хуваалцлаа. Б.Идэр-Од нь "CALLPro" ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд "FARO боловсрол" англи хэлний сургалтын төвийн захирлаар ажилладаг. 


Д.УЛАМБАЯР – АМЬДРАЛ, УРЛАГ, МӨРӨӨДӨЛ

TEDxUlaanbaatar-ын уламжлал ёсоор жил бүр хамгийн сүүлийн илтгэгчээ зарлалгүй, тухайн өдөр нь задалж гэнэтийн бэлэг барьдаг. Тэгвэл энэ жилийн гэнэтийн бэлэг эрч хүч, урам зоригоор дүүрэн Ука байсан юм. Ингээд Д.Уламбаярын амжилт бас мөрөөдлийн тухай TEDxUlaanbaatar-ын тайзнаа өрнүүлсэн сонирхолтой яриаг хүлээн авна уу.


Б.БОЛОРСАЙХАН – ҮНДЭСНИЙ ОНЦЛОГ: БИД ХЭН БЭ?

Уламжлалаа хадгалж үлдэнгээ орчин үеийн Монголыг хэрхэн бий болгох талаар Б.Болорсайхан ярилаа. Энэ нь дан ганц үндэсний хувцсаа өмсөхөөр илэрхийлэгдэхгүй юм. Б.Болорсайхан бол “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн  дэд зохицуулагчаар ажилладаг. Тэрээр өмнө нь Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Good Neighbors Mongolia, Эмнести Интернэшнл зэрэг байгууллагуудад ажиллаж байсан. Хүний эрхийн боловсрол, жендэрийн тэгш байдал, боловсрол, эрх мэдэл, нийгмийн шударга ёс зэрэг сэдвүүдийг хөндөж, дуу хоолойгоо хүргэдэг нэгэн юм. Мөн тэрээр Монголд анх удаа хүний эрхийн боловсрол, мониторинг, сургалтын загварыг бий болгосон онлайн платформыг хөгжүүлж байжээ.  


Д.ЭРДЭНЭБААТАР – МИНИЙ ЗОРИЛГО НАДААС УРТ НАСТАЙ

Дашдондогын Эрдэнэбаатар нь Монголын анхны хиймэл дагуулын төсөл буюу Мазаалай төслийн инженер юм. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Нано хиймэл дагуулын хөгжлийн лабораторийг удирдаж, залуу инженерүүдийг Физикийн лекцээр сургаж дадлагажуулж байна. Түүний зорилго бол Монголын сансрын технологийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.


Б.ГАНТУЯА – ЭРИН ЦАГИЙН УРЛАГ БУЮУ КОНТЕМПОРАРИ УРЛАГ

Б.Гантуяа нь Венецийн Biennale-ийн Монгол дахь салбарын анхны комиссар бөгөөд АНУ-ын Williams коллежид макро эдийн засгийн ухаанаар магистрын зэргээ хамгаалж байжээ. Хэдийгээр макро эдийн засагч боловч өөрийн хүсэл, зорилгоо дагаж амжилттай ажлаасаа татгалзан Монголын уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготойгоор 2012 онд “976” Уран Зургийн Галерей болон Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог байгуулжээ. Түүний санаачлага, хүчин чармайлтын үр дүнд 40 гаруй уран бүтээлчид олон улсын жижиг, том хэмжээний тэтгэлэг авч олон улсын үзэсгэлэнд оролцож чадсан юм.


Г.АМАРТҮВШИН – БОЛОМЖИД БОЛОМЖ ОЛГОХ НЬ

Бидэнд шарк хэмээн танигдаж, сонирхолтой оймсны сонголтоороо үзэгчдийн анхаарлыг татсан Г.Амартүвшин TEDxUlaanbaatar-ын тайзан дээр “Боломжид боломж олгох нь” сэдвээр ярилаа. Мэргэжлийн аяллаа эхлэхээс өмнө авсан нэг жилийн завсарлага нь түүний амьдралд ямар их нөлөөлсөн болохыг хуваалцсан юм. Тэрээр 15 жилийн турш банкны салбарт ажиллаж байгаа бөгөөд эрсдэлийн менежмент, төслийн санхүүжилт, санхүүгийн ивээн тэтгэгч, хөшүүргийн санхүүжилтээр чиглэлээр түлхүү ажилладаг байна. Мөн Харвардын Бизнесийн сургуульд бизнесийн удирдлагын магистрт суралцаж, Монгол улсын дөрөв дэх томоохон арилжааны банк болох Хас банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.


Ч.АНАР – ТА ӨНӨӨДӨР ӨӨРИЙГӨӨ СОРЬСОН УУ?

Зөвхөн хамгийн чадварлаг мэргэжлийн тамирчдын зорьдог Дакар Раллигийн уралдаанд өдөр бүр өөрийгөө сорихыг хүсдэг Ч.Анар оролцжээ. Сорилт бэрхшээл, тэмцэл, ялалтын мөчүүдээсээ хуваалцаж биднийг хурцалсан түүний илтгэлийг хүн бүр заавал үзвэл зохино. Тэрээр томоохон үүрэн телефоны хэрэгслүүдийг нэг болох G-Mobile компанийг үүсгэн байгуулж байсан ба “Анд глобал” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд LendMN аапликайшныг хөгжүүлж байна.


Л.БАТТҮВШИН – ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ЗАМААР ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэлийн судлаач, судлаач Л.Баттүвшин нь Монголын мэдрэлийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн хэтийн төлөвийн талаарх сонирхолтой баримтуудыг хуваалцлаа. Япон улсын Кюүшюү их сургуульд докторын зэргээ хамгаалсан тэрээр АНУ-ын Нью Жерси дэх Рутержер их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажилладаг. Тэрбээр олон улсын тархины судалгааны байгууллагын Ази, номхон далайн хорооны гишүүн бөгөөд Монголын сэтгэл мэдрэлийн нийгэмлэгийн тэргүүн юм. Цаашид Л.Баттүвшин Монгол дахь тархины судалгааны хүрээлэн байгуулахыг хүсч байгаа аж.


Б.БАЯСГАЛАН – УРАН ЗОХИОЛ БИДЭНД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Уран зохиол бидэнд яагаад хэрэгтэй вэ? хэмээн асууж эхэлсэн энэхүү илтгэлийг сонссон даруйдаа л та номын тавиураасаа ямар нэгэн уран зохиолын ном шүүрч авах болно гэж итгэлтэйгээр хэлмээр байна. Б.Баясгалан нь “Тагтаа паблишинг” ХХК-ын үүсгэн байгуулагч бөгөөд “Аз жаргалтай төгсгөлүүд” , “Аварга том далавчтай өвгөн” , “Цас” гэх мэт арав гаруй бүтээлийг эх хэл дээрээ хөрвүүлжээ. Улс төр судлаач мэргэжилтэй хэдий ч түүнийг уран зохиолын салбарт орчуулга, ярилцлага, нийтлэлүүдээр нь илүү их мэдэх болсон.


Я.БЯМБАСҮРЭН –  БҮТЭЭЛИЙН ХУЛГАЙ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ХОЙШ ТАТАЖ БАЙНА ВЭ? 

Я.Бямбасүрэн нь оюуны өмчийг хамгаалалтыг дэмжиж, хэрэгжилтийг нь хангах эхний програм хангамжийг бий болгожээ. Тэрээр Австрали, Өмнөд Солонгосын их сургуульд магистрын зэргээ хамгаалсан бөгөөд Хараат бус эрдэм шинжилгээний хүрээлэн (IRIM), Засаглалын академийн удирдлагын шинжлэх ухааны газрын захирал, ядуурлыг бууруулах бодлогын судалгааны ажилтан. Мөн оюуны өмчийг хамгаалах зорилготой "Ингүмэл" төслийн менежер юм.


Ц.БАТТУЯА –ХҮҮХЭДДЭЭ ӨӨРӨӨРӨӨ БАЙХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙ

Ц.Баттуяа дөчин жилийн турш хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж, хамтран ажиллаж, дэмжсээр иржээ. Эцэг эхчүүдийн алдаа гаргасан нийтлэг жишээн дээр үндэслэн хүүхдүүдээ ойлгож, хөгжүүлж, сонсох боломжийг олгодог. Тэрээр “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв” ТББ үүсгэн байгуулсан бөгөөд 40 жилийн туршид хүүхдүүдээ нас, хүйс, нийгмийн нөхцөл байдал, боловсролын түвшинг үл харгалзан өөрсдийгөө нээлттэй байлгаж, хөгжүүлэхийг зааж байна.


А.БААСАНЖАВ – ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ ДОХИОНЫ ХЭЛНЭЭС ЭХЭЛНЭ

Хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд дохионы хэлийг тухайн хүний эх хэл мөн бусад ямар ч хэл шиг маш чухал гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхлэх ёстой хэмээн сонсголгүйн боловсролын төвийн захирал А.Баасанжав үзэж байна. Тэр 2012 оноос эхлэн эцэг эхчүүд болон тусгай боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт дохионы хэл зааж байна. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дохионы хэлний ном, гарын авлага, материалуудыг бэлтгэдэг.


Д.НАРАНСҮХ – АГААРЫН БОХИРДОЛ ХҮН АМЫН ДУНДАЖ НАСЛАЛТАД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын үр дагавар нь юу вэ? Энэхүү асуултад хариулт олохоор Нарансүх орон нутагт хийсэн судалгааны үр дүнгээ хуваалцсан юм. Тэр АШУИС-ын Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Хүрээлэн буй орчны тэнхимийн даргаар ажилладаг.


Т.ЗОРИГ – ТАНЫ ХУВЦАСНЫ МӨН ЧАНАР

Таны загварын хэв маяг таны зан чанарыг тодорхойлж, таны өмнөөс ярьж байдаг хэмээн “Premier Tailor" ХХК-ийг үүсгэн байгуулагч Т.Зориг ярьсан юм. Тэрээр АНУ-д Бизнесийн маркетингийн менежментээр төгссөнийхөө дараа ажлын гараагаа МCS-ээс эхэлж байжээ. 2012 онд тэрээр эрэгтэй хүнд тохирсон костюмтай брэндийг байгуулахаар шийджээ.


Д.БУМ-ЭРДЭНЭ – ХЭРХЭН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗОГСООХ ВЭ?

Д.Бум-Эрдэнэ илтгэлдээ цаг уурын өөрчлөлттэй холбоотой сүүлийн үеийн мэдээ, тоо баримт дурьдаснаас гадна энэхүү аюултай хэрхэн тэмцэж буй туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр Монголын маркетингийн холбооны дэд ерөнхийлөгч, зөвлөгчөөр ажилладаг ба маркетингийн судлаач мэргэжилтэй нэгэн юм. Монголын анхны мэргэжлийн маркетингийн судалгааны багийг санаачлагчдын нэг бөгөөд энэ салбарт 15 жилийн турш ажиллажээ. Бум-Эрдэнэ нь "Нийгмийн маркетинг" форумыг зохион байгуулж, маркетинг, нийгэм-эдийн засгийн асуудлаар 200 гаруй судалгаа, маркетингийн 50 гаруй төсөл дээр ажиллаж байсан.


Б.ГАНХӨЛӨГ – ХӨГЖИМ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛДЭГ

Хөгжим яагаад чухал болохыг, мөн хувь хүний өсөлт хөгжилтөд хөгжим хэрхэн нөлөөлж байгааг Б.Ганхөлөг ханг бөмбөрийн гайхамшгаар дамжуулан харууллаа. Тэрээр хөгжмийн асар арвин туршлагатай бөгөөд Монголд хөгжим бүжгийн коллеж,  АНУ-д "CUE" бичлэгийн студи, Малайз дахь "IPPTAR" хүрээлэнд тус тус суралцжээ. Тэрээр Монголын Морин хуурын чуулга болон Монгол улсын филармонд чөлөөт уран бүтээлчээр ажилладаг. Мөн 2016 онд "UB Drums" бөмбөрийн хамтлаг байгуулж, 100 гаруй бие даасан, хамтарсан тоглолт үзүүлжээ.


Ж.ХУЛАН – МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ЯЛГАЖ, ТАНЬЖ ХҮЛЭЭЖ АВАХ ВЭ?

Сэтгүүлч Ж.Хулан хуурамч мэдээний авчирч болох аюулыг онцлохын ялдамд хэрэгцээгүй мэдээллийг тараахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэлээ. Хулан оюутан байхдаа л өдөр тутмын сонинд сэтгүүлчээр ажилладаг байжээ. Ж.Хулан Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилж байхдаа дижитал сэтгүүл зүйг маш их сонирхох болсон байна. Тэрээр Лондонгийн их сургуульд дижитал медиа чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Ийгл ньюс телевизийн редактороор ажилладаг бөгөөд хүчирхийлэл, хүний эрх, иргэдийн оролцооны асуудлуудыг илүү анхаарч ажилладаг. Одоо тэрээр NTV телевизийн гүйцэтгэх продюсероор ажиллаж байна.


Х.БУЛГАНТУЯА – ТОМ МӨРӨӨД, ГЭХДЭЭ АЛХАМ ХИЙ!

2016 оноос эхлэн Монгол улсын сангийн дэд сайдаар ажиллаж, монголын ард түмний амьдралыг сайжруулахыг эрмэлзэж байгаа Хүрэлсүхийн Булгантуяа нь Австрали, АНУ, Япон улсын хамгийн нэр хүндтэй их сургуулиудад боловсрол эзэмшсэн бөгөөд хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй юм. Тэрээр Yale-ийн их сургуульд суралцсан туршлагаасаа хуваалцахдаа том мөрөөдөж, түүнийг биелүүлэхийн төлөө зорих ёстой хэмээн уриаллаа.

 

#TEDx #Video #Speech