Бид ямар гоё залуусын оронд амьдарч байна вэ


Б.Азбаяр | YOLO.MN
2025-05-30

Үдэш болоход энэ хотын аль нэгэн гудамжид хоёр гурван залуу хөвгүүн гитар тэврээд,

"Хонин цагаан үүл нь ээ хө
Хувирч сэрээд нүүлээ дээ хө нүүлээ дээ
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаа даа хө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаа даа хө" гэж дуулаад л, зөрж өнгөрөх бүхэн чих тавиад л...

Тэгснээ тэд тэндээ саатаж, гитартай залуусын дараагийн дууг хүлээж, өнөөдрийн ажлын стресс бухимдлаа ч мартаж хөг айзамд нь найгаж, ганхаад л ... Хүүе ээ, энэ хот маань хэзээнээс ийм гоё болчихоо вэ. Бид ямар гоё залуусын оронд амьдарч байна вэ.

Нэгнээ хүндэлж байгаа нь, нүдээ аньж хөгжмийг мэдэрч байгаа нь гээд л зүгээр буй байгаагаар нь нэгнээ хайрлаж байх шиг. Ийм л энгийн зүйлийг үзэсгэлэнтэй гэдэг байх. 

Манай хотын гудамжид энэ уур амьсгалыг тээж авчирсан залуу гитарчдыг Ш.Өлзийхуяг, А.Билгүүн гэдэг. Тэд хөгжмийн багш. Бүтэн цагаар ажиллаад гэр гэрийн зүг харьцгаана. Энэ талаар тэд хэлэхдээ. "Хэдэн км алхаж хариад, хоолоо идэж, зурагт харчхаад унтах гэхээр нэг л зүйл дутуу оргиод байх шиг. Өнөөдөр гадаа дуулсан бол бүх мэдрэмж маань дүүрч сэтгэл ханах юм шиг санагддаг болчихсон. 

Ерөөсөө энэ бүхэн өвлөөс эхэлсэн юм. Гадаа дулаарахаар бушуу гарч дуулахын түүс болсоор гуравдугаар сарын урин дулаан хүсэл гүйцээж ирсэн. Ингээд одоо гурван сар орчим хугацаанд гадаа үзүүлбэр үзүүлж /Busking/ байна.

Хамгийн эхний өдрөөс л бидний нийгэмд соёлын үйлчилгээ ямар их хэрэгтэй байгааг ойлгосон. Тэгээд л соёлын яам нь ажлаа хийхгүй байгаа бол бид хийе. Өөр аргагүй юм байна гэж боддог болсон. 

Та бодоод үз л дээ. Өдөржин ажил дээрээ стресстээд харьж явахдаа бидэнтэй таарч дуу хөгжим сонсоод л. Үнэхээр гоё биз дээ. Аз нь таарч дуртай дууг нь дуулж байвал ямар гоё вэ. 

Бидэнд ч ялгаагүй тийм гоё мэдрэмж төрдөг болохоор үүнийг хийх маш дуртай. Зүгээр зөрж өнгөрсөн бүхэндээ эергээр нөлөөлөх бидэнд ч сайхан байдаг юм. 

Яагаад гэвэл, бид буруугүй буруутнуудын нийгэмд амьдарч байна. Гудамжаар зөрж байгаа хүмүүс байнгын л нэгэнтэйгээ дайсагнасан, сөргөөлцөлдсөн байгаасай гэж хүсдэггүй юм.

Хоёр залуу зөрж өнгөрөхдөө муухай харц шидэлцвэл, "Яаж хараад байна аа" гээд л сөрөг хандлага тээж одно. Харин дуртай дуу нь явж байхад зогсоод сонсвол, тэд найзууд болно. Ерөөсөө ийм л мөн чанар энд оршиж буй.

Ингэж л нэгнээ хайрладаг,  хүндэлдэг байгаасай л гэж хүсдэг. Үүнийг л урлаг уран сайхнаараа дамжуулан хүргэхийг хичээж байна.

Хүмүүс ч бас таатайгаар хүлээж авдаг. Яагаад гэвэл өндөр үнэтэй тасалбар аваад тайзны бүтээл үзэж чадах хүн монголд хэр олон билээ. Тийм болохоор харих замдаа л соёлын үйлчилгээ авч байгаадаа дуртай байгаа нь илт харагддаг. 

Жаахан хүүхдүүд, хүүхдээ салхилуулаад явж байгаа хүмүүс, өндөр настнууд гээд л бүх насныхан тухалж суугаад үздэг нь их гоё.

Бид ч гэсэн бүх насны хүмүүс сонсож болох дуунууд дуулдаг. "Хонин цагаан үүл"-ийг дуулахыг үзсэн настай хүмүүс "Энэ ёстой сайхан дуу. Хөөрхөн дуулдаг хүү байна. "Чи бараг л Б.Бадрууган юм биш үү" гэж урмын үг ч хайрладаг /инээв/. 

Орчин цагаас гэвэл Б.Сарантуяагын дуунууд болох "Учралын блюз" тэргүүтэй сайхан дуунууд байна. Бүр наашаа гэвэл Б.Чойжоогийн гитартай дуулдаг дуунууд бий. Мөн A Sound, Lemons хамтлаг зэрэг өөрсдийнхөө дуртай дуунуудыг дуулдаг даа. 

Гудамжны үзүүлбэр юм чинь яаж ч авирлаж болно гэдэг хуучинсаг үзэлтэй хүмүүс мэр сэр бий. Архи ууж халамцсан хүмүүс уур амьсгал эвдээд, таагүй зүйл хийдэг нь жаахан гунигтай л санагддаг. Гэхдээ 90 хувьд нь таалагдаж байгаа нь хангалттай сайн хэрэг. 

Бидний үзүүлбэрийг таашаагаад, зүгээр сонсоод суугаасай гэж хүсдэг юм. Сайхан санагдаж байвал сэтгэгдлээ нуулгүйгээр алга ташдаг байвал бүр гоё. Алга ташихад маш их урамшдаг юм. 

Аан бас өөр нэгэн үзэгчид гэвэл орон сууцныхан. Тэд биднийг цонхоороо үзэж гараараа далладаг. Зарим нь гарч ирээд үзнэ. Хосууд мөрөө түшилцээд, сэвэлзэх салхи, модод, сарыг хараад намуухан яриа өрнүүлээд л. Нэг тийм гэхийн аргагүй тухтай тайван уур амьсгал бүрдчихдэг. Ямартай ч нэг гэр бүлийг аварсан байх гэж боддог /инээв/.

Бидэнд тогтсон очиж дуулдаг газар гэж байхгүй. Салхины аясаар хаана ч хамаагүй дуулна. Өнөөдөр энд дуулсан юм чинь дараа нь тэнд очиж үзэх үү гээд нэг газартаа давтаж гарахгүйг хичээдэг" хэмээн ярилаа. 

Хот уйтгартай байна. Хийх зүйл олдохгүй байна гэж гомдоллохын оронд өөрийн хийж чадах зүйлээр нийгэмдээ эергээр нөлөөлөхийн зэрэгцээ өөрөө ч цагийг үр бүтээлтэй өнгөрөөж болохын энэ залуус харуулж байна даа. Бидний хот илүү гэрэлтэй, гэгээлэг болоосой. Өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээр бусдад нөлөөлж, манлайлж болдгийг тэднээс харлаа...

#мэдээ