АНУ болон БНХАУ-ын AI өрсөлдөөний нөлөө, Монгол улсын AI хөгжлийн ирээдүй


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-05-30

 

 

АНУ болон БНХАУ-ын хиймэл оюун ухааны өрсөлдөөн нь 2010-аад оны дунд үеэс эхлэлтэй билээ. АНУ нь Google, Microsoft, OpenAI зэрэг технологийн компаниудаараа дамжуулан хиймэл оюун ухааны салбарт тэргүүлж байсан бол, БНХАУ 2017 онд “AI Development Plan11” буюу үндэсний хиймэл оюун ухааны стратегиа зарлаж, 2030 он гэхэд дэлхийн тэргүүлэгч болох зорилго тавьсан. (Webster, 2019). Тэр цагаас хойш хоёр улс технологийн салбарт хүчтэй өрсөлдөж эхэлсэн билээ.

Өнөөгийн байдлаар АНУ болон БНХАУ хоёр нь дэлхий дээрх хамгийн хүчирхэг, хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээрээ тэргүүлдэг улсууд юм. Хоёр улсын хиймэл оюун ухааны өрсөлдөөн нь 2025 оны 5-р сарын байдлаар улам хурцдаж байна. Энэ өрсөлдөөн зөвхөн техник хангамжаар хязгаарлагдахгүй, дэлхийн дижитал дэд бүтэц,  стандартуудыг хэн тогтоох вэ гэдэг асуулт руу шилжиж байна. 2 орны AI хөгжүүлэлт дэхь онцлогуудаас харвал:

  • АНУ: Хиймэл оюун ухаан, 5G сүлжээ, квантын компьютер, хагас дамжуулагч болон жолоочгүй автомашин зэрэг салбарт тэргүүлж байна.
  • БНХАУ: Хиймэл оюун ухаан, 5G сүлжээ, хагас дамжуулагч зэрэг салбарууд хурдтай хөгжиж байна.

AI дахь өрсөлдөөнтэй холбоотойгоор сүүлийн саруудад дараах томоохон өөрчлөлтүүд өрнөжээ.

  • Тарифын өсөлт: Худалдааны дайнтай холбоотойгоор 2 тал технологийн бараануудад 75-145%-ийн импортын тариф тавьсан (BBC,2025).
  • Чипний хязгаарлалт:  2 улс хоорондын чипний хязгаарлалт ихэссэж байна (France24, 2025).
  • Үйлдвэрлэлийн шилжилт: Үйлдвэрлэлийн шилжилт нь БНХАУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
  • АНУ-д борлуулдаг Iphone-ын 80%-ийг БНХАУ-д  үйлдвэрлэдэг байсан бол одоо Apple компани Энэтхэг, Вьетнам зэрэг улсуудад үйлдвэрлэлээ шилжүүлэхээр ажиллаж байна (Lawyer Monthly, 2025).
  • Тарифын бодлого нь дэлхийн технологийн нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт авчирч, компаниудыг шинэ стратеги боловсруулахад хүргэж байна.

Хиймэл оюун ухааны өрсөлдөөн нь зөвхөн технологийн дэвшил бус, дэлхийн дижитал засаглал, эдийн засгийн хуваарилалт, аюулгүй байдлын асуудалтай шууд холбоотой болжээ. АНУ болон БНХАУ хоёр нь энэ салбарт тэргүүлэгч байр сууриа баталгаажуулахын төлөө өрсөлдөж байгаа нь дэлхийн улс орнуудад шинэ сорилтуудыг авчирч байна. Учир нь 2 улс доорх хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна.

АНУ-ын хязгаарлалт, хориг арга хэмжээ

2025 оны 5-р сарын 13-нд АНУ-ын Худалдааны яам Huawei-ийн Ascend AI чипүүдийг дэлхий даяар ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан нь АНУ-ын экспортын хяналтын хүрээг өргөжүүлсэн явдал байв. Энэ нь зөвхөн Huawei-д биш хэрэглэгчдэд ч хамаарах ба АНУ-ын технологийн сүлжээнд хандах эрхийг хязгаарлах, эсвэл худалдааны хар жагсаалтад оруулах зэрэг шийтгэлүүдийг агуулж болох юм. (Bloomberg, 2025).

Үүний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын худалдааны хязгаарлалтыг түр зогсоож, Бахрейн, Саудын Араб, Катар зэрэг улсуудад өндөр гүйцэтгэлтэй чип нийлүүлэх гэрээ байгуулсан (Reuters, 2025).

Трампын "чипийн дипломати" бодлого нь АНУ-ын технологийн нөлөөг дэлхий даяар тэлэхийг зорьж байна. Саудын Арабын Humain компани нь Nvidia, AMD, Qualcomm зэрэг компаниудтай хамтран 500 МВт-ын хүчин чадалтай AI дата төв байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү төсөл нь АНУ-ын технологийн стандартуудыг дагаж мөрдөх амлалт өгсөн бөгөөд энэ нь АНУ-ын AI дэд бүтцийн нөлөөг нэмэгдүүлэх зорилготой юм. (Reuters, 2025).

БНХАУ-ын хориг, арга хэмжээ

БНХАУ хиймэл оюун ухааны салбарт бие даасан экосистемийг хөгжүүлэх зорилгоор олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Тус улсын DeepSeek загвар нь АНУ-ын компаниудын хөгжүүлсэн дэвшилтэт хиймэл оюун ухааны загваруудтай өрсөлдөхүйц түвшинд хүрчээ. (Goldman, D, 2025)

Мөн БНХАУ “Yao Ban” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Цинхуа их сургуулийн хиймэл оюун ухааны хүрээлэнгийн удирдлага дор шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Тэдгээр төгсөгчид Megvii, Pony.ai зэрэг AI стартапуудыг үүсгэн байгуулжээ.

Huawei-ийн Ascend 910C чип нь АНУ-ын экспортын хязгаарлалтуудын улмаас үйлдвэрлэлийн сааталтай тулгарч байна. Үүний зэрэгцээ, SMIC-ийн 7-нм чипүүдийн үйлдвэрлэлийн үр ашиг муу байгаа нь Хятадын чип үйлдвэрлэлийн бие даасан байдлыг эргэлзээтэй болгож байна. (Lawfare, 2025)

Тиймээс БНХАУ эрдэмтдээ эх орондоо татан авч ирэн үндэсний үүрэг хариуцлагыг санал болгож байна. Энэ бодлого эхнээсээ үр дүнгээ өгөн Google, OpenAI зэрэг томоохон компанид ажиллаж байсан Хятад гаралтай судлаачид эх орондоо буцаж байна. (Lawfare, 2025)

2 орны AI дахь өрсөлдөөн дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?

  • Хиймэл оюун ухаан (AI) нь ойрын 10 жилд дэлхийн эдийн засагт асар их нөлөө үзүүлэхээр байна. IDC байгууллагын судалгаагаар 2030 он гэхэд AI нь дэлхий даяар 19.9 их наяд ам.долларын нэмэлт үнэ цэнэ бий болгоно гэж таамагласан бол PwC компани энэ тоог 15.7 их наяд гэж тооцоолсон. (ADC, 2023)
  • Тарифын нөлөөлөл: АНУ-ын импортын тарифын нэмэгдэл нь дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.
  • AI хөгжүүлэлтийн өрсөлдөөн дэх ялагч орон нь дотоодын эдийн засгийн өсөлтөд том байр суурь эзлээд зогсохгүй Энэтхэг болон Вьетнам зэрэг далайд гарцтай хөгжиж буй орнуудад AI-ийн бизнестэй холбоотойгоор эдийн засгийн хувьд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
  • Нийт нөлөөний хувьд авч үзэхэд AI нь 2030 он гэхэд дэлхийн ДНБ-ийг 14%-иар нэмэгдүүлж, нийт $15.7 их наяд ам.долларын өсөлт авчрах төлөвтэй. (PwC, 2023)
  • Бүс нутгийн хуваарилалт: Хятад: ДНБ-ийг 26%-иар нэмэгдүүлж, $7 их наяд ам.долларын өсөлтийг авчрах. (PwC, 2023)
  • Хойд Америк: ДНБ-ийг 14.5%-иар нэмэгдүүлж, $3.7 их наяд ам.долларын өсөлтийг авчрах. (PwC, 2023)
  • Нөлөөллийн эх үүсвэр: ажил, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт: $6.6 их наяд ам.доллар. (PwC, 2023)

Гэхдээ хиймэл оюун ухаан нь зөвхөн эдийн засаг төдийгүй улс төр, стратегийн хүрээнд ч ач холбогдолтой юм. АНУ болон БНХАУ нь AI хөгжүүлэлтэд тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөө хүчтэй өрсөлдөж байгаа нь дэлхийн технологийн ирээдүй, аж үйлдвэрийн шинэчлэл болон олон улсын эдийн засгийн тэнцвэрт байдалд шууд нөлөөлж байгаа юм.

Монгол улсын хувьд

Монгол улсын хувьд AI хөгжүүлэлтийн тал дээр том гүрэн улсуудтай өрсөлдөх чадвар нөөц бололцоо хомс байгаа билээ. Монгол улс хиймэл оюун ухааны индексээр 97-р байранд бичигддэг. (Stanford AI Index, 2024) Мөн манай улс эдийн засгийн хувьд БНХАУ-аас хэт их хараат байгаа ба энэхүү хоёр гүрний худалдааны дайн болон хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн өрсөлдөөн нь манай улсад шууд болон дам байдлаар нөлөөлж байна.

Мэдээж манай улс шиг хөгжиж буй орны хувьд энэ хоёр орны өрсөлдөөн нь эергээр гэхээс илүүтэй сөргөөр нөлөөлөх нь их. Учир нь АНУ болон БНХАУ-ын AI хөгжүүлэлтийн нөлөөг дагаад AI-ын хэрэгцээ аль ч салбарт гарч  үнэтэй AI систем худалдаж авах шаардлага тулгардаг.  Мөн үүнийг дагаад мэдээллийн аюулгүй байдлын нууцлал алдагдах эрсдэл аль ч ажлын салбарт асуудал болон нуугдаж байгаа юм.

Тиймээс бид өөрсдийн аюулгүй байдлыг хангасан, найдвартай хиймэл оюун ухааныг илүү нарийн хөгжүүлж, боловсруулахад анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.

Монгол улсад “Egune”, “ErdemAI”, “MazaalaiAI” зэрэг хиймэл оюун ухааны загварууд сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байна. (Unread, 2024)

Эдгээр платформууд болон бусад шинэ AI платформуудыг дэмжин, хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Хэрэв дотооддоо өндөр хөгжүүлэлт бүхий хиймэл оюун ухааныг хөгжүүлж албан байгууллагуудын ажлын байрны салбарт ажилчид ашиглавал гадаадын AI-ийг ашиглах зардал гаргахгүй, үр бүтээмжийг нэмэгдүүлэн, ажлын цагийг багасгах зэрэг давуу талтай. Цаашлаад үр бүтээмж нэмэгдсэнээр ажилчдын орлого нэмэгдэн, Монгол улсын ДНБ, эдийн засагт эерэгээр нөлөөлөх давуу талтай юм.

Эх сурвалж: ~МУИС-ийн “Олон улсын харилцаа ба даяаршил” хичээлийн хүрээн дэхь судалгаанаас~ 1-р курсын оюутнууд: Б.Мөрөн, Д.Дөлгөөн

#AI