Сүүлийн үед залуусын арьс арчилгаандаа анхаарах анхаарал, хандах хандлага эрс нэмэгдэж байна. Энэ нь ч буруу зүйл биш юм. Эмэгтэйчүүд өдөр тутамдаа суурь, крем, өө дарагч, пудр, гэрэл сүүдэр гээд маш олон хурц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг учир эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад харьцангуй эрүүл байх аж. Тийм ч учир эрчүүд өглөө оройдоо цөөн бүтээгдэхүүн ашиглан арьсаа арчлах боломжтой юм. Ингээд цэвэр, толигор арьстай байхын тулд залуу танд ямар бүтээгдэхүүн хэрэг болохыг энэхүү нийтлэлээс уншаарай.
1. ХӨӨСӨН ЦЭВЭРЛЭГЧ
Өглөө болон оройдоо нүүрээ заавал угааж хэвшээрэй. Гэхдээ чухам яг ямар бүтээгдэхүүнээр угааж цэвэрлэх нь таны арьсны онцлогоос шалтгаална. Хэрэв та маш тослог арьстай бол нүүрээ өдөрт хоёр удаа хөөсөн цэвэрлэгчээр угаах хэрэгтэй. Харин дунд зэргийн тослогжилттой, холимог арьстай бол өглөө усаар, орой хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлэж болно. Энгийн болон хуурай арьстай залуусын хувьд гелэн суурьтай цэвэрлэгч тохиромжтой.
Зарим залуус залхуурсандаа ч тэр үү, нүүрэндээ ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэж хэвшээгүйдээ ч тэр үү өглөө нүүрээ цэвэрлэхгүй орхигдуулах хандлагатай байдаг. Гэхдээ таны арьс шөнөдөө ч тодорхой хэмжээнд бохирдож /тослогтох, тоосонцор наалдах г.м/ байдаг тул заавал цэвэрлэх хэрэгтэй.
Хэрхэн хэрэглэх вэ: Нүүрээ усаар норгосны дараа хөөсөн эсвэл гелэн цэвэрлэгчээр угааж, хүйтэн бүлээн усаар угаана.
2. ГУУЖУУЛАГЧ
Гэвч нүүрээ өдөрт хоёр удаа угааж цэвэрлэсэн ч гуужуулагч хэрэглэхгүй бол арьс тань цэвэр, толигор байна гэдэг боломжгүй. Тиймээс нүүрнийхээ үхэжсэн арьсыг долоо хоногт 2-3 удаа гуужуулагчаар цэвэрлэж хэвшээрэй.
Гэхдээ хэтэрхий сайхан арьстай болох гэж байна гээд гуужуулагчийг өдөр бүр хэрэглэж болохгүй шүү. Ингэснээр арьс тань толигор болохоосоо илүүтэйгээр эмзэгшиж эхэлнэ.
Хэрхэн хэрэглэх вэ: Peeling gel буюу гуужуулагч гелийг арьсыг хуурай байхад түрхэж хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл нүүрээ угааж цэвэрлэсний дараа арчиж хатаасны дараа хэрэглэнэ гэсэн үг. Түрхсэнийхээ дараа хурууны өндгөөр тойрог чиглэлээр илэхэд арьсны үхэжсэн хэсгүүд бөмбөрч унадаг.
Харин scrub буюу хатуу ширхэгтэй гуужуулагчийг нүүрээ угааж цэвэрлэсний дараа нойтон байхад нь хэрэглэнэ. Энэхүү бүтээгдэхүүн нь дотроо маш олон жижиг ширхэгтэй учир нүүрэндээ маш зөөлөн түрхэж тойрог чиглэлээр массажласны дараа хүйтэн бүлээн усаар угаана.
3. ТОНЕР
Тонер гэх бүтээгдэхүүн нь арьсны чийгшлийг тэнцвэржүүлэх үүрэгтэй. Өдөр тутамдаа тонер хэрэглэснээр арьс чийгшиж, цаанаасаа гэрэлтсэн, өнгөлөг харагддаг.
Хэрхэн хэрэглэх вэ: Таны арьс тослог, холимог бол тонероо нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн нүүрээ арчих маягаар түрхэнэ. Харин хэвийн болон эмзэг арьстай бол гараараа товших маягаар түрхээрэй.
4. ЧИЙГШҮҮЛЭХ ТОС
Дан ганц тонер хэрэглэснээр арьс өөрт хэрэгцээт чийгшлийг авч чаддаггүй. Тиймээс тонерийн үйлчилгээг дэмжиж, арьсныхаа гүнд хүртэл чийгшил өгөхийн тулд чийгшүүлэх тосыг түрхээрэй.
Хэрхэн хэрэглэх вэ: Тонер арьсанд бүрэн шингэсний дараа чийгшүүлэх тосоо түрхээрэй. Арьсаа сайн чийгшүүлэх гээд хэт зузаан түрхэх шаардлагагүй шүү.
5. НАРНЫ ТОС
Нарны тосыг гадагш гарахаас 15-20 минутын өмнө түрхсэн байх ёстойг анхаараарай. Ихэнх нарны тос 2-3 цагийн хугацаанд нарнаас хамгаалах үйлчилгээтэй байдаг учраас цүнхэндээ нарны тосоо авч явах хэрэгтэй.
Хэрхэн хэрэглэх вэ: Чийгшүүлэх тосарьсанд бүрэн шингэсний дараа нимгэн түрхэж хэрэглэнэ.
Ямар брэндийн ямар үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгох нь таны арьсны онцлогоос шалтгаалахыг анхаарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх