Богд хааны ордон музей сан хөмрөгөө ахмад настан, хүүхдүүдэд үнэгүй үзүүлж байна


YOLO.mn | YOLO.MN
2025-05-28

Богд хааны ордон музейн жил бүр уламжлал болгон зохиодог "Хаан ордны хавар" үйл ажиллагаа өчигдөр нээлтээ хийлээ. Энэ өдөр музейн сан хөмрөгт байдаг ховор үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлдэг бөгөөд ахмад настан, хүүхдүүдэд үнэгүй үзүүлдгээрээ онцлог.

Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь музей үзэгчдийг тэр дундаа хүүхэд залуусыг түүх соёлын мэдлэгтэй, эх оронч сэтгэлгээтэй болгох юм. Мөн Богд хааны ордон музейн сан хөмрөгт байдаг үзүүлэнгүүдээрээ үзэсгэлэн дэлгэж Богд судлалын төвөөс гаргасан номуудаа дэлгэн тавьж хямдралтай үнээр худалдаалж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Соёмбо чуулгын бүжигчид ирсэн бөгөөд тэр дундаа бүжиг дэглээч доктор М.Мөнгөнцэцэг "Нарны биелгээ"-г ирсэн зочдод заасан нь бас нэг онцлог байлаа.

Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Баярмаа хэлэхдээ “Тавдугаар сарын 27-ны өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх энэ удаагийн үйл ажиллагаанд тэр болгон үзүүлэнд гараад байдаггүй сан хөмрөгт хадгалагдаж байсан бичиг үсгийн дурсгал нэг дор дэлгэгдэнэ. Үүнд хааны магтаал, зарлиг үүтгэл, шар торгон өргөмжлөл тэргүүтэй "Бичиг үсгийн гэгээ" тусгай үзэсгэлэнг үзүүлнэ” гэсэн юм.

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд "Шар торгон өргөмжлөл", "Хүслийн таван эрдэнэ" гэх боловсролын хөтөлбөр явагдана. Энэ нь бичиг үсгийн өв соёл, төрийн албан ёсны бичиг үсэг өмнө нь ямар байсныг хүүхэд залуусдаа таниулах зорилготой.

Мөн уламжлал ёсоор зохиодог "Хааны ордны зоог" өдөрлөг нь тавдугаар сарын 31-н болон зургаадугаар сарын 1-нд болж, цагаан хоолны өдөрлөг хийнэ.

#Богд хааны ордон музей